Нүүр хуудас » 2010 » 3-р сар » 5 » Д.Дагвадорж: Ээж аав, нутаг ус, эх орон элэг зүрхэнд минь л эгшиж байдаг (2 )
18:03
Д.Дагвадорж: Ээж аав, нутаг ус, эх орон элэг зүрхэнд минь л эгшиж байдаг (2 )

-Сэтгүүлчийн ард тэр хүний амьдрал явж байдаг гэж та хэллээ. Энэ үнэн. Хүн юм чинь хувийн гэх амьдрал байж л таарна. Гэхдээ сэтгүүлчийн гарт баримт байдаг гэдгийг та мартаад байна. Сэтгүүлчийн үйл ажиллагааг ганцхан цонхоор харж болохгүй?
-Би бүх сэтгүүлчдэд хүндэтгэлгүй ханддаг хүн биш. Тэдэнд баримт байхгүй. Үнэхээр үнэн зөв нь юу юм бэ гэдгийг нотолдог газар нь хаана байдаг юм бэ. Шүүх юм байгаа биз дээ. Шүүхийн өмнө зөвхөн үнэнийг ярина гэж тангаргаа өргөдөг биз дээ. Ёкозүна би зөвхөн өөрийн нэр хүндийг хамгаалж байгаа юм биш. Сумогийн холбооны нэр хүндийг хамгаалж явах үүрэг гэж бас байна. Тэр үүрэг маань намайг ийм алхам хийхэд хүргэж байна. Бүхэл бүтэн 32 бөхийн нэр төрд халдлаа шүү дээ. Тэр хүмүүс бүгд амьдралаараа энэ спортод зүтгэж ирсэн хүмүүс. Тэдний амьдрал руу зүгээр л нэг шар сэтгүүл ингэж халдаж болно гэж үү.

-Шукон Гэндэй нэг биш удаа тан руу чиглэсэн дайралт хийж байгаа. Яагаад вэ?
-Ерөөсөө арслан болсноос хойш л над руу дайрч эхэлсэн шүү дээ.

-Ард нь ямар нэгэн зорилгын үүднээс санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа бүлэг байхгүй юу. Та тэгж хардахгүй байна уу?
-Янз бүрийн харагдаж байгаа юм бий. Нэг монгол нөхөр гарч ирээд эзэгнээд байхаар дургүй хүрдэг хүмүүс байгаа л даа. Би нээрээ япон бөх байсан бол аймаар том домог байгаа шүү.

-Таны дотор хичнээн олон зүйл явж байгааг хэн ч тэр бүр мэдэхгүй. Сэтгэл өвдөх үе өчнөөн байдаг байх. Ялангуяа ойр тойр санаж явсан хүрээнээс таагүй салхи үлээх явдал хэр олон тохиож байсан бол?
-Олон биш шүү. Надад эх орноос маань үлээж байгаа салхи л сонин. Өөрөөр би тийм жижиг сажиг юм бодож явдаг хүн биш. Амьдралдаа хүн асар олон мэдрэмжүүдийг авч явдаг. Жишээ нь намайг нөгөө шийтгүүлчихээд байж байхад манай кекшюзан Батбаяр Японы телевизүүдээр Асашёорюүгийн буруу гээд яриад л байсан. Эхлээд би ерөөсөө юм бодоогүй.

-Японы телевизээр үү?
-Тийм. Үнэхээр ярьж байсан. Би ганцаараа тэр телевизүүдийг үзээгүй шүү дээ. Бүх хүмүүс л үзэж байсан. Ярьж байсан. Би Батбаярыг хүндэлдэг. Анх монголчуудыг сумогийн ертөнцөд хөтөлсөн хүн. Өөрийнхөө хэмжээнд монгол бөхийг тэр ертөнцөд таниулсан хүн. Чадлынхаа л хэмжээнд. Тэрийг би хэзээ ч үгүйсгэхгүй. Би мэдээж шүүмжлэлийг сонсоно. Шийтгэл хүлээлгэхэд нь үүрч гарсан. Хариуцлагаа хүлээсэн. Гэхдээ өнөөдөр нутаг нэгтэй, цус нэгтэй, адилхан л хөлсөө гаргаж явсан бөх шууд нэг талыг бариад намайг гарч ирээд буруутгахаар нь дотроо жаахан гайхсан. Гайхсан шүү. Хүмүүс ч их гайхсан. Надад тэр хүнийг тэглээ гээд гуниж гутаад байх юм байхгүй. Гэхдээ эр хүн эр хүн шиг л байх хэрэгтэй. Хүний нутагт, хүний улстай нийлж нэг рүүгээ давших нь жаахан тийм байсан. Би ер нь ингэж хэлж байгаагүй. Нэгэнт бид илэн далангүй ярьж байгаа учраас сэтгэлээ нээлээ шүү. Хүн аливаа юманд өөрийнхөө хэмжээгээр л ханддаг юм байна лээ. Би тэрийг л ойлгосон. Нөгөө талаас нь бас хэлье л дээ. Үндэсний бөх дээр жишээ авъя. Даяар дуурсагдах, далай, даян, дархан аварга хүн байна. Манайд олон сайхан аварга бий. Би тэр хүрээнд жишээ авч байна шүү дээ. Дархан аваргад өөрийн орон зай гэж байгаа. Өөрийн хөлс хүчээр бий болгосон, тэр ертөнцдөө хэн ч халдашгүй орон зай шүү дээ. Ард түмэн нь тэр нэр хүндэд нь асар их хүндэтгэлээ шингээж байдаг. Мөн биз. Тийм хүн рүү нэг начин цэнгэлдэх дүүрэн хүний өмнө гарч ирээд ялих шалихгүй үг шиддэг гэж үү. Би мэдэхгүй. Хүмүүст ийм л төрх харагдсан юм билээ.

-Кекүшюзантай таны хийсэн нэг барилдаан байдаг. Та өөрөө мэдэж байгаа. Хакүхотой саяхны хийсэн бас нэг барилдаан бий. Багагүй шуугиан тарьсан энэ хоёр барилдааны талаар таны сэтгэгдлийг сонирхож болох уу?
-Би Даваажаргалтай хийсэн барилдаанаа яръя.  Энийг би нэг нээе. Тэр залуу аварга, шинэ аварга гараад ирчихсэн. Хэн хэн нь түрүүгүй болчихсон байсан. Тийм биз дээ. За, тэгээд бид хоёр барилдахаар гарсан. Үнэн хүчийг үзүүлэн барилдъя гэж л ер нь гардаг. Тэр сэтгэл зүйгээрээ л гарсан. Хүмүүс энэ барилдааныг янз янзаар л хүлээж авсан. Нэдэрлээ гээд л бичиж байсан. Надад үнэндээ тийм юм байгаагүй. Би алгадаагүй. Дүү бас босч ирээд тодорхой илэрхийлэл үзүүлсэн. Би өөрөө ч тийм үеийг туулсан. Янз янзын алдаж оноод ирсэн амьдрал. Юу ч бодоогүй. Яах аргагүй гар маань хөдөлгөөндөө савагдаад хацарт нь хүрчихсэн байна лээ. Тэрийг л хүмүүс дутуу харсан, зарим нь янз янзаар тайлбарласан юм шиг байна лээ.

-Та дэвжээн дээр гайхаад толгой сэгсэрч харагдсан. Бүх юм санаандгүй л болоод өнгөрлөө гэж бодсон?
-Би гайхсан байхгүй юу. Яаж байгаа юм бол доо гэж. Үнэхээр би зогтуссан ш дээ. Гэхдээ энэ тэмцэл. Байдаг л зүйл. Энийг сэтгүүлч та бүхэн нэг их өлгөж аваад байх шаардлагагүй.

-Та ч гэсэн аатай, омогтой, тэр шинэхэн үеийг туулж гарсан хүн шүү дээ. Тэр үүднээсээ юм бодоогүй байх?
-Та намайг жаахан харьсан, муудсан гэж харж байгаа юм уу. Тийм өнгөөр асууж байгаа юм уу.

-Үгүй үгүй. Миний асуусан Кекүшюүзантай хийсэн барилдааныг та шууд алгасчихлаа шүү дээ. Даваажаргалтай хийсэн барилдаанаа яръя аа гээд?
-Би зиндааныхаа л хүнтэй яръя, тэгэх үү. Ёкозүна хүн Ёкозүнатай хийсэн барилдаанаа л яръя.

-Өө, тийм юм бас байж болох юм. Уучлаарай. Хакүхо тэгэхэд амандаа нэг юм хэлэх шиг болсон. Та сонссон уу?
-Анзаараагүй. Гэхдээ магадгүй тэр хүн маань уншиж байж ч болно шүү дээ. Тийм биз дээ. Тийм нарийн гярхай юмыг бол та нар харна л даа. Яг барилдаан дээр бол боломж байхгүй. Тэр чигээрээ асар их нерв л байдаг. Ялчихсан гэж бодтол ялагдчихсан байх тохиолдол гарна. Өнөөдөр тэрийг асар нарийн техникийн хүчээр харуулж байна. Эргэж хараад би бодсон. Бид хоёр сая яачихав аа гэж. Би нэдрээд ч юм уу, Хакүхо үглээд тийм юм болоогүй. Яахав барилдаан дээр тийм юм харагдсан байхгүй юу. Яаж ч харагдаж болно. Би өөрийгөө өмөөрч байгаа юм биш шүү. Би үнэхээр буруу юм хийчихсэн бол уучлаарай ахын дүү гээд уучлал гуйна.

-Та бас өөрийгөө өмөөрөх эрхтэй?
-Хүн үнэхээр шударга бус юм хийвэл тэрийгээ заавал хүлээх ёстой гэж би боддог. Буулт хийдэг байх ёстой гэж би танд ярьсан шүү дээ. Өөрөөр хэлбэл өөрийнхөө үзэл санааг. Би өөрийнхөө үзэл санаагаар л асуудалд хандаж байнаа даа.  Даваажаргал бид хоёр ойлголцсон. Аварга надад  ахаа уучлаарай гэж хэлж байна лээ. Хүний ёсны халуун дулаан юм байх ёстой шүү дээ. Байдаг. Тэр аварга хүн мөр зэрэгцээд ирлээ. Хүндэлж харьцахгүй бол болохгүй. Ялангуяа Ёкозүна хоорондын эрэмбэ өндөр, эрхэмсэг харилцаа зайлшгүй байх ёстой. Биднийг үзэж байгаа сумод хайртай, тэндээс амьдралынхаа кайфийг авдаг сая сая хүний өмнө ухаалаг, хүн чанартай, шударга өрсөлдөх зарчим байна биз дээ. Мэдээж тэр сайхан бяр хүч, тэр сайхан аав ээжийн тэгш ухааныг өвлөж авч аварга болсон тэр хүнийг тэр хэмжээгээр нь би хүндлэх ёстой. Тэгж ч харьцдаг. Бас нөгөө талаас мэдээж надаас дүү хүн. Ахын хувьд бас харьцах юм байна. Тийм учраас тэр дүүгийн цолыг нь хүндэлж би харьцдаг.

-Ахын хувьд харьцахад хэр хүлээж авах чадвартай хүүхэд вэ. Би сайн мэдэхгүй болохоор?
-Ухаантай. Халхын их аваргын генийг авч төрсөн мундаг аварга шүү дээ.

-Сэтгэл зүйн бэлтгэл жаахан тааруу л харагддаг юм?
-Эхэлж байна шүү дээ. Эхлэл шүү дээ. Яагаад буруутгах ёстой гэж.

-Гоё хариулт байна. Дараагийн асуулт. Ваканохогийн мэдэгдэл саяын дуулианд даарин дээр давс гэгч боллоо. Тэр яагаад шууд таны эсрэг дайрав аа. Шукан Гэндэй сэтгүүлийн хөрөнгө оруулагчид түүнд мөнгө төлсөн юм биш биз дээ?
-Ваканоход мөнгө төлсөн гэсэн хардлага явж байгаа юм билээ. 10 сая иен авч тийм юм хийсэн гэсэн мэдээлэл японд түгэсэн байна лээ. Учиг нь тэгээд хөврөөд явчихаж байгаа юм шиг байна.

-Сумогийн ертөнцөд найраа, наймаа байдаггүй гэж та шүүх дээр эрс эсэргүүцсэн. Үнэхээр байхгүй гэж үү?
-Ваканохо яагаад гэнэт тийм зүйл зохиож шуугиан тарив. Ваканохо гэж хэн юм бэ гэдгээс эхэлж яръя л даа. Тэр хүн сумогийн ертөнцөд харш, хориотой юмыг хийгээд зохих шийтгэлээ авчээ. Мөн үү. Тэр бөх өнөөдөр зарчмаа алдсан байна. Холбоо шийтгэлээ өгсөн. Хөөгдсөн байна, тийм үү. Товчхондоо энэ.

-Одоо тэгээд хорслоо тайлж байна гэж үү?
-Одоо юу гэх юм бэ дээ.

-Найраанд орохоос татгалзвал бөхчүүд нийлж зоддог, багш ояаката нар нь дарамталдаг гэдэг тухайд та ямар тайлбар өгөх бол?
-Өнөөдөр сумогийн иддэг хоолыг чан ко гэдэг юм. Энэ үгийн утгыг би тайлбарлаж өгье. Сумогийн дэвжээн дээр ирсэн газар газрын бөхчүүдийн идэж байгаа хоол чинь чан ко шүү дээ. Чан гэдэг нь аав гэсэн утгатай. Ко гэдэг нь хүүхэд гэсэн утгатай байхгүй юу. Сумогийн гэр бүлээрээ хооллодог хоол нь байхгүй юу. Мэдээж аав нь хүүгээ дарамтлаад шахаад, чи тэрэнд унаж өг гэх үү. Хэзээ ч тийм юм байдаггүй байхгүй юу. Хоолных нь нэр хүртэл ийм гүн гүнзгий утгатай ертөнц шүү дээ. Ойлгож байна уу. Мэдээж энэ ертөнцийн хатуу ёс жаягийг даахгүй сөхрөх нэгэн гардаг.

-Шүүх хурал дээр та эсрэг талын өмгөөлөгчийн тавьсан асуултуудад их сайн хариултууд өгсөн байна лээ. Гэхдээ тэдгээр асуултууд танд өмнө нь хэзээ ч ирж байгаагүй таагүй асуултууд байсан уу?
-Тэгсэн. Гэхдээ би маш тайван хариулсан. Надад бухимдах шалтгаан байгаагүй. Тэнд хүн яах гэж очдог юм бэ. Зөвхөн үнэнийг л хэлэх гэж очдог биз дээ. Хатгасан, ингэж хэлбэл энэ хүн эгдүүцэх болов уу гэсэн бодлоготой асуултууд тавьж байна лээ. Би хариулсан. Ёкозүна хүний хувьд сумогийн ёс жаягийн өмнө сөхөрсөн, зарчмаа алдсан, түүнийхээ хариуд шийтгэл хүлээсэн нөхдүүдээс болж шүүхийн танхимд очоод мэдүүлэг өгөөд сууж байх мэдээж надад таагүй байсан. Хэний буруугаас үүдсэн билээ. Тэнд яагаад гэм зэмгүй олон арван бөхчүүдийн нэр хүнд хөндөгдөж байна вэ гэдэг дээр харамсаж байсан.

-Итай гэдэг бас нэг бөх мэдүүлэг өгсөн. Дандаа сумогоос хөөгдсөн нөхдүүд байгаа нь анхаарал татаж л байна лээ?
-Тийм шүү.

-Кекүтэнзан Энхбатын нэр бас дурьдагдаад л явж байна лээ. Даваа худалдаж авах ажиллагааг зуучилдаг байсан ч гэх шиг. Та түүнийг Герман явахад нь 50 мянган иен өгсөн юм уу?
-Өгсөн.

-Гэтэл яагаад энийг Шукан Гэндэй мэдчихдэг билээ?
-Би шүүх хурал дээр хэлсэн юм. Та тэрэнд мөнгө өгсөн үү гэж асуухаар нь өгсөн гэж. Зодог тайлах ёслол дээр нь өгөх ёстой юм. Тийм ёс жаяг бий. Хүний үсэнд хүрнэ гэдэг чинь ёс шүү дээ. Монголчууд хүүхдийнхээ үсийг үргээхдээ мөнгөн аяганд сүү хийж бариад тодорхой хэмжээний сэтгэлийн бэлэг өгдөг байх аа. Тэр л байхгүй юу. Өчнөөн жил хамт явлаа. Нэгийгээ зодгоо тайлаад хол явах гэж байхад сайн сайхныг хүсээд тав арван төгрөг өгч болохгүй юу. Монголоор бол 500 мянган төгрөг. Юм болохгүй л дээ. Гэхдээ сэтгэлийн бэлэг.

-Мөнгө өгөх, авалцах найрааг хувцас солих өрөөнд явагддаг гэж Итай мэдүүлсэн. Тэр өрөөнүүд чинь камергүй хэрэг үү?
-Энэ үнэхээр зохиомжит яриа л даа. Тэр дотор өчнөөн олон сэтгүүлчид холхиж байдаг. Өдий төдий хүн холхиж байдаг. Маш олон нүд харж байдаг газар ш дээ. Тэр байтугай хана хүртэл чихтэй гэдэг биз дээ. Иймэрхүү хэтэрхий инээдтэй зохиомжууд тэнд яригдаж л байсан.

-Гэхдээ иймэрхүү гүтгэлгийн чанартай явуулгуудад яагаад монголчуудыг гол баатар болгох гээд байна вэ. Энэ цаагуураа сумог эзэлсэн манайхны энэ цаг үеийг зогсоох гэсэн бодлогын чанартай ажиллагаа байж болох уу?
-Хэн ч юу  ч гэж бодож болно. Дээр үед нэг Тувагийн бөх монголд ирж барилдсан даа.Тэр зерител ямар аймаар уурлаж байсан бэ. Хоёр давчихсан чинь наадахаа алаад өгөөч ээ, саваад өг гээд л хашгираад байсан биз дээ. Бид нэг удаагийн тэр тохиолдолд л тэгж байсан. Тэгвэл энд байдал ямар байгаа билээ. Санаагаа айхтар илэрхийлэхгүй байгаа ч тодорхой хэмжээний бүлэглэл дургүйцэж байж болох шүү дээ. Надад хааяа иймэрхүү төрлийн мэдрэмж төрдөг л дөө. Хаана ч нутгийн гэх нэг үзэл байна шүү дээ. Ойлгож болох зүйл.

-Таны нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаануудыг мэднэ. Монголдоо хөрөнгө оруулалт хийж,  тодорхой төвшний ажлуудыг хийж байгаа. Энэ тухайд чухам юу бодож явдгийг тань асуухгүй өнгөрвөл муухай хэрэг болно?
-Би өөрийнхөө хөлс хүчээр олсон, цэвэр ариун, шударга хөдөлмөрөөрөө олсон мөнгөөрөө монголдоо тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалт хийж яваа хүн гэж өөрийгөө боддог. Элдэв хуурмаг аргаар олсон юм уу, янз янзын хахууль, луйвараар би тэр бүхнийг хийгээгүй шүү. Ард түмэн энийг мэдэж байгаа байх. Урсгасан хөлснийхөө амтаар өнөөдөр монголдоо цөөхөн ч гэсэн хэсэг хүнийг цалинтай, амьдралтай явуулах гэж хичээж байгаа шүү. Гадны хөрөнгө оруулалтыг татаад оруулаад ирэхсэн. Энэ эх орондоо юм хийж бүтээх юмсан. Өөрийн эх орноо сайхан болгох юмсан гэсэн тэр мөрөөдөл маань энэ бөхөөс даваад явчихжээ. Чадах чинээгээрээ бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулаад явж байгаа ч бүр илүү ихийг амжуулахсан, илүү ихийг нааш нь чиглүүлэхсэн гэсэн чин хүсэл эрмэлзэл надад бий болсон байна.

-Ингэхэд АСА группын ажил хэр явж байгаа вэ?
-Сайн байгаа. Гэхдээ би өдөр тутмын ажилд нь оролцдоггүй. Цирк гэж ямар унтарчихсан газар байв. Тулганд нь цог ч байгаагүй шүү. Тэгвэл өнөөдөр ямар болсон байна. Та орж үзсэн үү.

-Үзсэн. Хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн гэж сонссон. Үнэнийг хэлэхэд циркийг хувьчлагдахад шүүмжлэлтэй хандаж байсан сэтгүүлчдийн нэг би. Энэ байгууллагын урлагын гэх амьдрал дуусгавар болчих вий, сумогийн ордон болчих вий гээд л?
-Орчин үеийн шоу төв байгаасай. Бүрэн хэмжээгээр нь л хүчин чадлыг нь ашиглах юмсан. Үргэлж асч, амьдарч байгаасай гэж би бүр илүү хүсдэг. Циркид анх ороод ирсэн чинь нуль социализм л үнэртэж байсан шүү. Одоо энд шинэ агаар, шинэ менежмент орж ирсэн. Манай уран бүтээлчид ажлаа хийгээд явж байгаа. Бид үргэлж хөгжмөөр байна. өнөөдөр уран нугаралтаар гэхэд монголчууд тэргүүлж чадахаа байчихсан байна шүү дээ. Хэн тэргүүлж байна. Тэнд хятадууд тэргүүлж байна. Бид ерөөсөө завсар зайгүй хөгжихийн төлөө явмаар байна. Хаа хаанаа. Одоо цирк рүү ороод ирэхэд шал өөр болсон.

-Таны сарын орлого хэд вэ?
-Та яагаад надаас ингэж асууж байгаа юм.

-Саяхан би энэ асуултыг нэг банкны захиралд тавьсан. Тэр 10 сая гэж хариулсан. Энэ бол бахархал байхгүй юу?
-Надад нуугаад байх юм байхгүй ээ. Тэртээ тэргүй авч байгаа цалин, шагналын мөнгө бүгд ил байдаг юм. Яагаад гээч. Сумогийн холбоо чинь далд байгууллага биш байхгүй юу. Би сарын цалин 2.8 сая иен авдаг юм. Монгол төгрөг рүү шилжүүлвэл 28 сая төгрөг. Тэрэн дээр нэг башёгийн мөнгө гэж хоёр сард нэг удаа явагддаг шүү дээ. 10 сая орчим төгрөг ирдэг байх. Ялахгүй бол авахгүй шүү дээ.  За тэгээд шагналын, бооцооны мөнгө бүгд спортын сонин дээр дэлгэрэнгүй гардаг юм. Нууж хаагаад байх юм байдаггүй юм ш дээ.

-Та яг одоо хэдэн туслахтай байгаа вэ?
-Надад яг өөрийн дагуул долоон бөх байдаг юм. Өөр манай яг гал дотор гурван бөх байдаг. Нийлээд 10 бөх бий. Би бас хувийн жолоочтой. Жолоо барьж болохгүй дүрэмтэй. Дээр нь нэг менежер байдаг. Тэднийгээ авч явдаг юм даа.

-Ёкозүна хүн Ёпоны эзэн хаантай ямар харилцаатай байдаг бол?
-Би танд Ёкозүнагийн барьдаг сэлэмний тухай ярьж өгьё. Ёкузана яагаад сэлэм бариад байдаг юм. Жирийн ардын хүү сумогийн дэвжээнд барилдаад Ёкузана болоход нэг ёсондоо язгууртны зэрэглэлд очиж байна гэсэн үг. Нэг үгээр хэргэм байхгүй юу. Ёкозүна гэдэг үг хөндлөн олс гэсэн утгатай. Шашны утгатай зүйл л дээ. Дээр нь тэнгэрийн ханхүү гэж явдаг юм. Тэнгэрт тэтгэгдсэн хүү гэж явдаг. Би нэг дурсамж яръя. Өдий хүртэл миний амнаас гараагүй олон зүйлийг би танд ярьж байна. Нэг сарын башё дээр эзэн хаан ирлээ. Эзэн хааныг төв хаалгаар орж ирэхэд нь бүх бөхчүүд аварга арслангаасаа авахуулаад тэр холбооны бүх бөхчүүд ярайтал зогсож байсан. Эзэн хаан урдуур нь алхаж өнгөрдөг. Эзэн хааны нүүрийг харж болдоггүй гэсэн айхтар ёс байдаг юм. Тийм ёс заншилтай. Хэдэн градус юм бэ дээ. Тодорхой хэмжээнд толгойгоо бөхийлгөж зогсдог. Эзэн хааны хөл харагдаад наашлаад л яваад байсан. Миний өмнө хөл зогслоо. Мэндэллээ. Долоон башё дараалж түрүүлсэнд, бас рекорд эвдсэн Ёкозүна танд чин сэтгэлийн халуун баяр хүргэё гэж хэлсэн. Хэзээ ч урьд өмнө нь эзэн хаан тийм үг хэлж байгаагүй. Тэгэхэд миний хажууд Тозиазами зогсож байсан. Ямар гоё хүндлэл вэ. Нуугаад яахав тухайн агшинд надад тодорхой хэмжээнд өөрөөрөө бахархах омогшил төрсөн. Эзэн хаан яваад өглөө. Точиазүма надад Ёкозүна та үнэхээр гайхалтай юм аа гэж хэлж байсан. Миний ганц барилдаан таардаггүй айхтар бөх шүү дээ. Миний өмнө хэзээ ч намайг магтаж байгаагүй бөх тэгж хэлсэн.

-Үнэхээр сайхан юм аа. Гоё санагдаж байна. Ингэхэд визний асуудал дээр та ямар нэгэн давуу эрх эдэлдэг үү?
-Би тэр улсын хууль ёсноос гадуур ямар ч эрх эдэлдэггүй. Хэдий Ёкозүна ч гэсэн би гадны улсын иргэн шүү дээ. Надад ямар ч тусгай эрх ямба байдаггүй. Усыг нь уусан, ёсыг нь дагаж амьдардаг.

-Иргэншлийн талаар янз бүрийн санал ирж байсан уу?
-Ирж байсан.

-Японы хүргэн болоосой гэсэн хүсэл их л байсан байх?
-Та яг ямар хариулт авмаар байна.

-Тэдэнд хэлдэг үгийг тань?
-Би монгол хүн шүү дээ. Магадгүй гэдэг эх орноороо дэндүү их омогшдог монгол хүн байх. Би улаан залаатай монгол хүн. Эх оронтой хүн шүү. Үүгээрээ асар их бахархдаг. Бид нар чинь тэнгэрт тэтгэгдсэн хүмүүс байхгүй юу. Өнөөдөр бид өдөр тутмын шалдир бульдар хэрүүлээ больмоор байна шүү дээ. Асар томоор сэтгэе л дээ. Бие биенээ түгжиж биш дэмжиж явъя л даа. Яагаад нэг нэгнээ жоохон юмаар оролдож, унагааж, таагүй үгээр булаад байгаа юм бэ. Улс төр нь ч тэр. Нэг л эв нэгдэлгүй. Гэхдээ би хэзээ ч улс төрждөггүй. Бүгдээрээ том байя л даа, тэгэх үү.

-Манай их аварга руу зодог тайлах дөхлөө, арай зодог тайлах гэж байгаа юм биш байгаа, эсвэл тэгчихээсэй гэсэн өнгө аястай, жаахан тийм горьдсон мессеж их шиддэг л дээ. Та тэдэнд ямар хариу өгмөөр байна?
-Мөнхийн хүн гэж байхгүй шүү дээ. Харин мөнхийн нэр алдар, амжилт, хийсэн бүтээсэн үлдэнэ. Бие бол гүйцэхгүй шүү дээ. Цаст уулын цагаан барс цагаан болохоор шоргоолжинд бариулна гэж нэг үг байдаг. Тэр үе хэзээ нэгэн цагт надад ирнэ.

-Хөөх, бүр одооноос тэрэнд бэлтгэж байгаа хэрэг үү?
-Ер нь. Ойлгож байна уу. Ер нь гэж хэлж байна шүү дээ. Гэхдээ би болоогүй шүү. Би дөнгөж 28-хан нас хүрч байна шүү.

-Тийм ээ. Харж байна?
-Харж байна уу. Тийм үү. Надад итгэж байна уу.

-Итгэж байна?
-Тэгвэл би та нарын итгэлийг би алдахгүй шүү.

-Баярлалаа. Монголын ард түмэн танд хайртай шүү дээ. Тэд үргэлж танд итгэдэг. Ингээд нисээд ирэхэд гайхалтай байгаа биз дээ ?
-Гайхалтай. Монгол минь ингээд л шаргалтаад угтдаг шүү дээ. Үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж. Тантай ингээд чин сэтгэлээ онгойтол ярих сайхан байна. Монгол сэтгүүлчтэйгээ, монгол хэлээрээ ингэж яриагүй юм байна. Би японы хэвлэл мэдээлэлтэй ингэж ярьж үзээгүй. Өөрийнхөө хэлээр, өөрийнхөө эх оронд, үг үгээ мэдэрч, сэтгэл сэтгэлээ уудалж өөртөө ийм цаг зав гаргаж суух гоё байна. Гоё энерги авлаа. Эх хэлээрээ сэтгэлийн гоё торгон учиг хөндсөн зүйлсийн тухай ярина гэдэг өөрөө маш гоё кайф. Би бараг 11 жил тэр хүмүүсийн асуултанд л хариулж ирлээ шүү дээ.

-Тийм шүү. Та санаа сэтгэлийн тэнцвэрээ амархан алддаг хүн юм шиг санагддаг. Гэхдээ хүнд нэг тийм бөглөө, блокоо тайлахгүй бол болохгүй үе ирдэг шүү дээ. Тийм үед та яадаг вэ?
-Та яадаг вэ. Би дараа нь хариулъя.

-Би юу. Би бол зарим үед удаан уйлж, зарим үед ууж, зарим үед юм хага шидэж янз бүрээр л тэсэрдэг. Тэрийгээ буруу, муухай зүйл гэж боддоггүй. Хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан шүү дээ?
-Би хариулъя. Би яагаад байн байн монгол руу зүтгээд байдаг юм бэ. Тэр нутагт өдий хүртлээ явчихсан миний хэмжээний хүнд хэр баргийн юмыг тэсээд гарчих сэтгэлийн тэнхээ байна биз дээ. Гэхдээ бас хааяа залхах юм аа. Гараад л явна. Түмэн зурагчид, түмэн сэтгүүлчид. Өнөөдөр яасан, ямар хоол идсэн. Хэнтэй уулзсан, хэдэн цагт унтдаг вэ гэсэн тийм л хөгийн юм асуудаг . Нэг юмаа хичнээн асуудаг юм бүү мэд. Аварга хүн гэхээрээ л заавал ингээд гэдсээ тэнтийлгээд л гэртээ хэвтээд  байх ёстой юм уу. Аан тийн тийн гэж толгой бөхөлзөөд л. Бүх юм нь бусдын хараанд. Бусдын таалалд нийцэж. Болъё л доо. Энийг өөрчильё л дөө. Хүн байна даа. Хамаг нервээ барж байна шүү дээ. Тайлмаар, энэ дотроосоо гаргаж хаямаар юм байна шүү дээ.

-Харин тийм л учраас асууж байгаа юм?
-Би монголдоо ямар ч хүнгүй, тал хээр газар ганцаараа зөндөө суудаг. Өндөр уулан дээр гарч сууна. Ганцаархнаа. Өөрөө өөртэйгөө хамт.

-Голдуу Өвөрхангайд аа юу?
-Үгүй. Хаана л бол хаана. Энэ чинь миний эх орон шүү дээ. Салхиар нь алгадуулж, бороонд нь норж ганцаараа алхах хичнээн сайхан бэ. Өвлийн тэр тэсгим хүйтэн агаарыг би аймаар санадаг. Гараад л амьсгалахад өөдөөс  уур цан сэвшээд л. Би хүйтэнд маш дуртай. Тэсрэлт бол мэдээж олон янз л даа. Магадгүй би өнөөдөр танд өөрийгөө нээж тэсэрч байгаа байж болно шүү дээ.

-Сая манайд долдугаар сарын нэгэнд болсон үйл явдал танд юу бодогдуулсан бэ?
-Би их эмзэг хүлээж авсан. Гэхдээ тэр хүмүүс яагаад тэгж тэсрэв ээ. Энийг л бодох ёстой. Би тэр шөнө ерөөсөө унтаж чадаагүй. Ресторанд хоол идээд сууж байсан чинь монголд ёстой аймаар юм болж байна гэж хүн хэлсэн. Дуулаад л гэр лүүгээ шууд гарч явсан.

-Танд өөрийн эрхгүй автаж байна. Яагаад ч юм эх орноо чин сэтгэлээсээ хайрламаар. Монгол маань үнэхээр яруухан шүү дээ?
-Гайхалтай. Ийм эх оронтой хүмүүс олон биш шүү. Бид нар дандаа энийгээ мэддэг байх ёстой. Эх орноо хайрлах хайраас миний бүх юм эхэлсэн.

-Хайр…Үнэхээр өргөн ойлголт. Хайрын тухай тантай ярьмаар л байна?
-Тийм шүү. Өргөн ойлголт. Би санал нэг байна.

-Хоёулаа хүн болгонд ирээд буцдаг анхны хайр гэдэг зүйлийн тухай яръя. Та хэзээ энэ зүйлтэй учирч байсан бол. Сэтгэл зүйн хувьд бас л нэг сонин үзэгдэл шүү дээ?
-16 настайдаа. Ертөнцийг харах нүд чинь өөр болоод ирдэг нас биз дээ. Би гэдэг хүн ч бас хувираад л…тийм үү.  Гэтэл миний өмнө нэг хүн гарч ирсэн. Нэг хөөрхөн охин. Гэнэн, ариун, тэгсэн хэрнээ өөрт маань даах чинээгээр нь л хөнгөхөн шаналал авчирч байгаа юм л даа. Анхны хайртай ингэж учирч байлаа. Их сонин шүү. (Энэ үгийг хэлээд тэр инээмсэглэв, миний өмнө хамгийн гэгээн аварга сууж байна)

-Тэр их хөөрхөн охин уу?
-Яагаад ч юм үүл харахаар тэр охины царай надад харагддаг байсан.

-Үүл ээ?
-Тийм ээ. Зуны гоё, сэвгэр цагаан үүл. Цаана нь цэв цэнхэр тэнгэр.Тэгээд тэр дунд цав цагаан үүлэн дунд тэр охины царай харагдаад л. Нэг мэдсэн би юу ярьж байнаа. Ингэж ярьж болж байна уу, үгүй юу.

-Яагаад болохгүй гэж?
-Одоо эргээд санахаар маш гоё дурсамж. Хүүхэд юугаа мэдэх юм бэ. Догдлоод л. Тэгээд л би япон явчихсан юм.

-Гэхдээ мартаагүй байгаа тань гоё байна?
-Би ерөөсөө тэрийг мартдаггүй шүү дээ. Аягүй гоё дурсамж үлдээсэн. Эргэж ирэхэд миний тэр үерхэж байсан охин бас амьдралын хатууг амсчихсан байсан шүү. Одоо хааяа эргэж нэг уулзах юмсан гэж боддог юм. Гэвч хэзээ таарахыг мэдэхгүй. Хэрвээ тэр ямар нэгэн байдлаар гундаж явбал туслахсан гэж бас боддог юм.

-Гундуу явбал таны сэтгэл өвдөнө?
-Тэр гундуу явах хүн биш л дээ. Гэхдээ энэ ярилцлагыг олж унших болов уу. (инээв) Сайн явж байвал мэндлээд ч гэсэн өнгөрөхсөн. Хүний хувьд шүү дээ.Тухайн үед надад сайхан мэдрэмжийг төрүүлж өгснийх нь төлөө тэр хүний талаар би энэ хэмжээний бодол агуулж явж болно биз дээ.

-Бололгүй яах юм бэ. Манай аварга ингэхэд хэр аав бэ?
-Би сайн аав. Охин хүү хоёртой. Тэднийхээ өмнө хүлээсэн үүрэгтэй. Тэр үүргээ хэзээ ч умартахгүй.

-Жет ли -гээс сэтгүүлч асуусан. Та бол нэгэн цагийн баатар. Харин одоо таны хувьд манай үеийн баатар гэж хэлэх хүн байна уу гэж. Тэр "Байлгүй яахав. Монголын Асашёорюү байна шүү дээ” гэж хариулсан. Бахархмаар байсан шүү?
-Би хийсэн амжилтаараа Жет ли-д танигдах хэмжээнд очоод, өөрийгөө мэдрүүлж чадсан бол сайхан. Тэр хүний өгсөн хариулт надад сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Мэдээж муу эр бол хэзээ ч баатар болж чадахгүй.

-Жак Ширак таныг их хүндэлдэг гэсэн. Та хоёрын анхны уулзалт Ерөнхийлөгчийн францад хийсэн тэр айлчлалын үеэр болсон уулзалт уу?
-Биш. 2005 онд анх Японд уулзаж байсан. Яг түрүүлчихээд байж байсан. Жак Ширак гэдэг хүнийг дэлхий дахин мэднэ. Дорнын түүх,соёлыг судалдаг, дорно дахинд хайртай, дэлхийд нэртэй улс төрийн зүтгэлтэн хүн. Тэр том хүн намайг оройн зоогонд урьлаа. Би хүлээж авалгүй яахав.  Японы телевизүүдийн холбооны ерөнхийлөгч байсан. Тэгээд би, бас болгарын бөхчүүд байсан. Би түрүүлчихсэн бөөн кайфтай. Тэр хүн чинь хэн билээ. Агуу их удирдагч хүн. Гэтэл тэр хүн миний барилдаанаас, өчүүхэн ч гэсэн миний гаргаж байгаа амжилтаас кайф аваад, намайг хүндэтгээд тэгээд сууж байх бас сонин л юм билээ. Асашёрюү, би таны фен чинь шүү. Надад хувийн музеи гэж байдаг. Надад сумогийн ёсолгооны гоё маваши байна. Том цолтой бөхчүүдийн торгон маваши ч байна. Үснийх нь самнууд ч надад байгаа. Би сумод маш их дуртай. Тийм болохоор цуглуулгад маань сумогийн холбогдолтой эд зүйлс их бий гээд ярьж байна. Тэр өдөр би түрүүлээд бооцоо овоо авчихсан байсан. Тэгээд би бооцооноосоо сугалаад өглөө. Надад өгч байгаа юм уу гэж байна. Эхнэр нь хамт сууж байсан. Хоёулаа гайхаад л.Миний бэлгийг аймаар гоё хүлээж авсан. Тэгээд "Асашёрюү,би таны энэ агуу их ялалтын тань шангаас хамт хүртэж байгаадаа маш их баяртай байна. Надад энэ л дутагдаж байсан юм. Хүмүүсээ харж байгаарай, надад Асашёрюү бэлэглэсэн шүү гээд пиджакаа дэлгэж байгаад би ийшээ хийлээ шүү” гэж байгаад хийж байсан. Нэг л мөнгө шүү дээ. Цагаан өнгөтэй, бооцооны мөнгө байдаг даа. Тэр нэг ширхэг мөнгийг тэгж их гоё хүлээж авахад надад онцгой сэтгэгдэл төрсөн. Би олон сайхан дэлхийн хүмүүстэй уулзаж учирч явсан. Бүгдийг нь яаж энд ярихав.

-Жет Литэй бол та уулзаагүй байгаа юу?
-Уулзаагүй байгаа.

-Селин Дионтой таныг уулзсан гэж сонсоод үнэхээр атаархсан шүү?
-Тийм үү. Гурван сарын башёгийн үеэр Селин Дионы тоглолт болох гэж байна гэхээр нь очсон. Дууг нь сонсох маш дуртай. Хүндэлдэг дуучны маань нэг болохоор үзье гэж үзсэн. Тэгсэн чинь тоглолтыг зохион байгуулагч нөхдүүд Асашёорюү ирчихсэн байна гэж хэлж л дээ. Өө, тийм үү. Би тоглолтоо дуусгачихаад тэр хүнтэй заавал уулзмаар байна гэсэн байна. Уулзлаа. Цагтаа дэлхийг уйлуулж байсан дуучин байхгүй юу. Дэлхийн залуусыг хайранд умбуулж байсан. ”Титаник”-ын дууг мэднэ биз дээ.   Тэрүүгээр бид огшиж байсан, тийм үү. Дэлхий нэг хэсэг тэр хүний дуугаар амьсгалсан шүү дээ. Гоё тийм ээ.

-Таныг хараад тэр яаж байх юм?
-Өө, аварга. Сумогийн их аварга би тантай уулзсандаа үнэхээр баяртай байна гэж хэлсэн. Уучлаарай, би өөрийгөө ямар нэгэн байдлаар товойлгох гээгүй юм шүү. Болсон явдлыг л ярьж байгаа юм. Миний үсийг хараад л, өмссөн кимоно эд нарыг гайхаад л. Сумо сумо гээд л. Тэгснээ надад бас нэг санал тавьсан.(инээв)

-Ямар санал?
-Хоёулаа барилдах уу гэсэн.

-Селин үү дээ. Тантай юу. Наадах чинь ямар хөгжилтэй юм бэ?
-Би тэгье гэсэн.

-Мэдээж хошигнол биз дээ?
-Мэдээж. Ингэж барилддаг юм гээд гараа өргөсөн чинь шууд хүрч ирээд тэврээд авсан. Би сүүлдээ хөөе хөөе одоо болно шүү гээд гараа өргөөд инээсэн.Тэр уулзалт үнэхээр гоё, чөлөөтэй уулзалт байсан. Нөхөр нь хамт байсан. Сайхан хүн байна билээ.

-Тоглолт нь гоё болсон уу?
-Тасархай. Би тэгээд гайхсан л даа. Энэ аймаар хоолой хаанаас нь гардаг юм бол. Ийм туранхай туниагүй хүнээс яаж тийм хүчирхэг хоолой хаанаас нь гардаг байнаа гэж би асуусан. Надад тэр хүн юу гэж хариулсан гээч. Аймаар гоё хариулт өгсөн. Сэтгэлээсээ гардаг юм гэж.

-Гайхамшигтай юм аа. Та бас Норовбанзад гуайтай уулзаж учирч явсан тухайгаа өчигдөр дурсаж байсан?
-Би нэг л жишээ яръя. Н.Норовбанзад гуайн "Дөрвөн цагийн тал” гээд агуу сайхан дуу байдаг даа. Тоглолтон дээр нь одоогийн манай хэдэн залуу дуучид бадаг бадгаар нь авч дуулсан юм. Одоо Т.Ариунаа …өөр хэн хэн ч билээ. Төгсгөлд нь Н.Норовбанзад гуай гарч ирээд дуулсан. Би үнэхээр юу хэлэхээ мэдэхгүй байдалд орсон л доо. Уучлаарай, Н.Норовбанзад гуай гарч ирээд зүгээр л тараагаад хаячихсан. Тэр хүний хоолой хаанаас нь гарч байгааг би гайхширч байсан. Надад тэр хүнтэй уулзсан нэг л агшин байдаг юм. Би аварга болчихоод байж байлаа. Н.Норовбанзад гуайн бие нь тааруу японд эмнэлэгт ирчихсэн байна гэж дууллаа. Би сайхан цай чанаад, бууз хийгээд, шөлтэй ингээд монголоороо эргэлээ. Дэлгэрмаа эгч, Дэдэрмаа эгч хоёр хамт байсан. Бидний сүүлчийн уулзалт тэр байсан. Би тэр хүнд өөрийнхөө гараар чанасан цайгаа амсуулж чадсанаараа бас бахархаж явдаг юм шүү. Цай гэдэг чинь өнгө нь юу билээ. Бэлгэдэл нь юу билээ. Монгол хүний хувьд өөртөө монголынхоо нэг агуу хүнийг амьд сэрүүнд нь эргэж очиж амжсандаа баярлаж явдаг. Одоо тэр хүн шиг дуучин төрнө гэдэг хэцүү л дээ.

-Та хэр дуулдаг вэ?
-Яагаад гэнэтхэн ингэж асууж байгаа билээ. Би дуулнаа. Ер нь дуулах дуртай шүү.

-Сэнгэнэтэл хааяа дуулчихмаар, тэгвэл л сэтгэл сайхан хөнгөрөөд явчихмаар дуу байдаг. Таны тэр дууг л сонсмоор байна?

-Би "Нутгийн зам” гэдэг дуунд их дуртай. Эх нутагтай, эх оронтой хүний хувьд тэр дуунд дуртай.

Хүлээсэн сэтгэлд минь ойртож харагдаад

Хөндийг туулсан нутгийн зам аа

Хүүгээ үдээд хоцрох ээжийд

Ханисаад үлдэх аяны харгуй

Нутгийн зам нуруутай

Нуган үрдээ ханилгаатай…

Зовлон жаргал ээлжлэн хөврөөд

Зураг төөрөгтэй нутгийн зам аа

Зүрх догдлон таньдаа очиход

Зөрөг жим нь тодрох харгуй…Нутгийн зам нуруутай…нуган үрдээ ханилгаатай.(Хүүгээ үдээд хоцрох ээжийд…Ханисаад үлдэх аяны харгуй…аваргын нүдийг нулимс бүрхээд ирэв. Дагаад дуулмаар, юу юугүй уйлмаар)

-Юу хэлэхээ мэдэхгүй нь. Та үнэхээр сайн дуучин юм?
-Өө, баярлалаа.

-Та өөрийнхөө барилдааны бичлэгийг олон удаа үздэг гэж ярьсан. Сумъяабазар аваргын барилдааныг үздэг үү?
-Ёстой сонин. Ах маань миний барилдааныг үзэж чаддаггүй гэж байгаа юм. Би бас ахын барилдааныг үзэж чаддаггүй байхгүй юу. Ерөөсөө чаддаггүй.

-Аав тань яадаг бол?
-Аав маань хөөрхий үздэг байх. Би асуудаггүй. Гэхдээ тэр эцэг хүний сэтгэл дотор юу болж байдаг бол. Бас л асар их нерв тээж явдаг байх л даа.

-Гэхдээ ховор хувь заяа шүү дээ. Хоёрын хоёр аварга хүү заяалаа?
-Ховорхон хувь заяа. Би монголынхоо ард түмэнд үнэхээр баярлаж явдаг. Тэднийхээ хайр хүндэтгэлийн хариуд өшөө сайхан барилдах болно. Зам урт байна. Би хичээнээ.

Асашёорюү аваргатай би ийн хөөрөлдлөө. Мэдээж бичлэгийнхээ хальсанд буусан болгоныг энд багтаах аргагүй юм. Гэхдээ сэтгүүлч хүний хувьд монголоосоо төрсөн нэгэн цагийн гайхамшиг болсон энэ аваргатай ярилцаж, уншигчдыгаа уулзуулж, түүний сэтгэл зүрхний хөг аялгууг сонсгож, монголоо гэсэн хэнтэй ч зүйрлэмгүй агуу их омогшлыг нь мэдэрч чадсандаа баяртай байна. Бас энэ ажил надад  мэргэжлийн асар том кайф авчирлаа. Баярлалаа, аварга аа.

Урьд өмнө хатуу хөтүү үгээр гомдоож явсан бол түүнийгээ эргүүлж авмаар байна. Бас…

Зовлон жаргал ээлжлэн хөврөөд

Зураг төөрөгтэй нутгийн зам аа

Зүрх догдлон таньдаа очиход

Зөрөг жим нь тодрох харгуй…гэж сэтгэлээ хөвсөлзтөл аялсаар нутгийн зүг гармаар байна. Дэрс нь бөхөлзөж, салхи нь сэнсэрсэн монголынхоо шаргал намрыг яг одоо тэндээс мэдэрмээр байна.

Сэтгүүлч Б.Ганчимэг
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 626 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 0
Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Бямба, 2024-05-11, 22:07
Welcome Зочин