Нүүр хуудас » 2010 » 4-р сар » 20 » М.Энхсайхан: Надад “Хужаа” гэдэг нэрийг Н.Энхбаяр өгсөн
10:24
М.Энхсайхан: Надад “Хужаа” гэдэг нэрийг Н.Энхбаяр өгсөн

М.Энхсайхан: Надад "Хужаа” гэдэг нэрийг Н.Энхбаяр өгсөн...
Харин би АН-ын дарга байхдаа Н.Энхбаярт "Авлигачин” гэж нэрийг өгсөн !

Энэ дугаарын "Ярилцах танхим"-даа Ерөнхий сайд асан М.Энхсайханыг урьж ярилцлаа.

-Улс төрийн нэгэн шинэ хаврын төгсгөлд бид ярилцаж байна. Энэ удаагийн хаврын тэмцэлийн гол баатар, нууц ноёнтон нь таныг байсан гэдгийг Р.Гончигдорж, Ц.Нямдорж нараас эхлээд цөөнгүй улстөрч илчилж орхилоо. Та ч тэдэнтэй ойрхон байсан гэдгээ нуугаагүй. Яг юу болоод, та хаана нь яваад байгааг өөрөөс тань сонсмоор байна?
-Би телевизийн аль нэг суваг дээр тогтож үздэг хүн биш. Үргэлж л сувгаа солино тэгээд газар суваг дээр л нэлээн тогтдог. Хаа очиж тохиолдлоор шахуу Ц.Нямдорж, Р.Гончигдорж нарын гэгээн дүртэй ярилцлагыг дэлгэцнээ харсан юм. Тэгсэн чинь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Ардын дайсан" олсон юм шиг жагсаал цуглааны ард М.Энхсайхан байгаа гээд л ярьж байна. Р.Гончигдорж арай ч тэгж хэлээгүй, дуугай байснаараа Нямдоржийгоо шордож байгаа харагдлаа.

Шинэ ч үзэгдэл биш. Байдаг л жүжиг. Тоосонгүй. Жүжгийн цаад утга нь ард түмэн амлалтын мөнгөө нэхээгүй, ард нь улс төр л байгаа гэх. Ард түмэн ядуураагүй ард нь М.Энхсайхан л байгаа гэх маягтай тэнэгдүү л яриа. Би хувьдаа амлалт нэхэх нь зөв, амлалтаар амь зогоолгодог тогтолцоог өөрчлөх нь бүр зөв гэж ил тод л ярьж байсан, одоо ч, цаашид ч тэгж ярина. Тийм болохоор жагсагчдын дэргэд нь байгаа гэж ойлгоорой гээд сонингоор дамжуулж Ц.Нямдоржид хэл хүргүүлэв. "Ардын дайсан"-тай тэмцэх үүрэгтэй сайд маань таг. Харин өлсгөлөнг шөнө дөлөөр хүчээр тараасныхаа өглөө Ц.Нямдорж өнгөрсөн хорин жил баахан "Э"-нүүдтэй тэмцэж ихэд ядарч байгаа тухайгаа ярьжээ.

Тэр олон "Э" гэдэгт Элбэгдорж, Энхбаяр, Энхболд 3 болон Миегомбынх Бас Энхсайхан орж байгаа юм байх. Өөр олон "Э"-г дутаасан ч байж магадгүй. "Э" овогт улсын баатарыг ч хэлээд авсан байна билээ. Бид ч мундаг дотоод хэргийн сайдтай юм байнаа л гэхээс өөр үг алга. Ц.Нямдоржтой харьцуулбал би өөрийгөө өмнө нь явж байгаа гэж боддог. Ц.Нямдорж тэр олон "Э" нарын ард нь явж байгаа. Монголын нийгэмд зүтгүүрүүд хэрэгтэй болохоос араас нь чаргууцалддаг чиргүүлүүд хэрэггүй л байхгүй юу.

-Төрийн төлөө оготно боож үхнэ гэдэг үг надад тохирно гэж та өмнө нь хэлсэн. Гэхдээ тэсэлгүй "боож үхэх"-ээр шийдээ юу?
-Энэ үг бол төрийнхөө төлөө сэтгэлээ тавь гэсэн утгатай ардын маань сайхан үг шүү дээ. Өөрийнхөө орны төлөө үхэх нь чухал боловч түүний төлөө бүх амьдралаараа амьдрах нь илүү чухал гэж Теодор Рузвельт гэдэг нэгэн гадны нөхөр бас хэлсэн байдаг. Би үхэж өгөхгүй олон Доржийг зовоох байлгүй дээ.

-Улс төрийн яг ийм алхам хийхэд юу нөлөөлсөн бэ?
-Ямар алхам гэж? Өлсгөлөн зарласан тухай ярьж байгаа бол түүнийг АНАТХ болон иргэний хөдөлгөөний дөрвөн ч байгууллага зохиолоо. Тэд үр дүнд аль эрт хүрчихсэн юм. Жагсаал гэх сургаар Засгийн газар нь, Ерөнхийлөгч Элбэгдорж нь бүх ам өчгөө өгөхийг харлаа. 70 мянган төгрөг бэлнээр гэж байсан хүмүүс 500000 төгрөг бэлнээр гэлээ. Хүүхдийн мөнгийг сэргээх талаар Д.Дэмбэрэл, Ц.Элбэгдорж нар ам алдлаа. Үүнээс илүүг шаардаад хэрэггүй. Яагаад гэвэл бүх амлалтыг нь нэхвэл улс орон баларна. Надад нэг шинэ юм бодогдсон шүү. Монгол болоод хаана ч адилхан зах зээлийн нийгэмд авах юмаа нэхэж байж л авдаг юм байна.

-Энэ удаа төр та бүхний тэмцлийг боомилж байгааг бид харж байна. Ингэх шалтгаан нь тавьсан асуудалд байна уу, эсвэл тэдний ард Н.Энхбаяр, М.Энхсайхан нар байгаа гэж итгэснийх үү?
-Намайг, миний улс төрийн тэмцлийг төр боомилсон юм байхгүй ээ. Өлсгөлөнг албадан зогсоосны хувьд би манай цагдаа нар зөв ажиллажээ гэж хэлэхээр байна. Тэд ч хүчийг үзүүлж сүржигнээгүй. Цагдаа, ард түмэн аль аль нь бие биедээ хүндэтгэлтэй хандлаа гэсэн. Улс төрчид л тэднийг хагаралдуулах сонирхолтой, тэднээр тоглочих гээд байдаг юм. Түүний жишээ нь долдугаар сарын 1-ний үйл явдал. Ер нь өлсгөлөн гэдэг улс төрийн тэмцлийн хэлбэрийг би зөвшөөрдөг хүн биш ээ. Гончигоог 1994 онд байхаа, нэг удаа өлсөөд хэвтэхэд нь буруушааж байсан. Санаа нь сайхан ч тэмцлийн хэлбэр нь буруу байдаг гэдгийг тэр үед харсан. Одоо ч бас тиймэрхүү л байна.

-Эсвэл босогчдын удирдагч хэн бэ гэдгээс шалтгаалж үл тоомсорлож, дайрч доромжлоод байгаа юм уу?
-Үгүй байлгүй дээ. Гончигоог өлсөөд хэвтэж байхад өнөөдрийнх шиг УИХ-ын гишүүд тэдэнтэй гарч ирээд уулзаж байсныг би санахгүй юм байна. Монгол төр өлсгөлөн зарласан хүмүүст хүний ёсоор хандсан байхаа. Албадан тараалаа гэдэг чинь бас л хүний ёс. Харин цаашид яриа, холбоогоо таслахгүй ойлголцдог төр байж чадаж байна уу гэдэг дээр харах л үлдлээ.

-М.Энхсайхан, Н.Энхбаяр нар сонгуульд ялагдсандаа хонзогнож энэ хөдөлгөөнийг бий болгосон, санхүүжүүлсэн гэдэгтэй та санал нийлэх үү?
-Наад асуулт чинь тэр хөдөлгөөнүүдийн хувьд доромжлол гэдгийг ойлгож үзээч. Иймэрхүү асуултыг тэднээс асуугаад үз дээ. Уурлах байх шүү.

-Ер нь Д.Батцогт, Г.Уянга та нар ямар холбоотой вэ, эртний нөхөд үү?
-Монголд улс төр хийж байгаа бүх л хүмүүс бие биеэ танина, мэднэ. Хаа нэгтэй үйл ажиллагаа нь огтлолцож, хаа нэгтэй зөрж л явсан хүмүүс шүү дээ. Г.Уянга сэтгүүлч манийгаа зад шүүмжилж явсан нэгэн. , Д.Батцогт надтай үй зайгүй хамт орон нутагт улс төр хийж л явсан. Ингэлээ гээд юу нь буруу байх билээ. Д.Батцогт, Г.Уянга гээд гал усны дундуур туучих чадвартай лидерүүд Монголд бүрэлдэн байгаад би тун баяртай байгаа.

-Яагаад хэн хүнгүй УИХ болон С.Батболдын Засгийн газрыг л хайрлаж хамгаалаад унав. Энэ хэний сценари вэ?
-Тийм юм болоод байгаа юм уу, анзаарсангүй. Энэ хэд хоногт би өлсгөлөнгөөр амьсгалж байсан болохоор хараагүй байж мэдэх юм.

-Та бүхний ярьж буй Үндэсний хувьсгалд олон хүн алергитэй байгаа. Танай намаас санаачилсан энэ хувьсгалын гол үзэл санаа юу вэ гэдгийг товчхон хэлж өгөөч?
-Энүүхэндээ гэхэд манай намын дэвшүүлсэн үзэл санаа их л газар авч байгаа шүү. Аллерги гэдэг өвчин гадны биетээс үүсгэгддэг харшил биз дээ. Монгол аллергитчихсан байгаа гэвэл санал нэгдэхээр байна. Үндэсний хувьсгал гэхийн утга нь харийн үзлээр явахаа больё, Үндсэн хуулиа үндэсний үзлээр шүүж, тогтолцоогоо өөрчилье. Хүчтэй Ерөнхийлөгчтэй болохгүй бол улс орон эзгүйдэж хариуцлага үүрэг хүнгүй болж газар нутаг маань гадныхны гарт орлоо шүү л гэж товчхон хэлээд байгаа юм.

-Үндэсний хувьсгал хийгээд амжилт олохгүй бол яах вэ?
-Монгол хүн байгаа л бол үндэсний хувьсгал зайлшгүй. Эс бөгөөс "Good bye". Даанч хятад хэл мэдэхгүй юм даа. Хятадаар баяртай гэдгийг юу гэдэг юм болоо?

-Үүнийг Засгийн эрхэнд хууль бусаар халдах гэсэн оролдлого гэж тайлбарлаж байгаа хүмүүст та юу хэлэх вэ?
-Бас тэгж хэлж байгаа хүн байгаа юмуу. Сэтгүүлч та нар дэврүүлээд байгаа юм уу? Тогтолцоогоо өөрчлөхгүй бол болохгүй ээ. Намайг анх хүчтэй Ерөнхийлөгчтэй байх ёстой гэхээр Н.Энхбаярыг дэмжлээ гээд байсан. Өнөөдөр би бас хүчтэй Ерөнхийлөгчтэй байх ёстой гэж байгаа. Яагаад Ц.Элбэгдоржийг дэмжлээ гэж баалахгүй байнаа? Сонин хорвоо шүү.

-Танаас олон удаа асуусан нэг асуултаа давтмаар байна. Таны өмнөөс Ц.Нямдорж хариулсан шиг Н.Энхбаяр та хоёр үнэхээр ууланд "сайдчихаад" ирсэн үү. Яг яагаад эвлэрсэн юм бэ?
-Бид мөнхийн дайсан байх ёстой юм уу? Шулуухан хэлэхэд М.Энхсайханд "хужаа" гэдэг цолыг Н.Энхбаяр МАХН-ын дарга байхдаа өгсөн юм. Н.Энхбаярт "авлигач" гэдэг цолыг М.Энхсайхан АН-ын дарга байхдаа өгсөн байдаг. Би хужаа биш юм байна. Н.Энхбаярын авлигач гэдэг нь ч нотлогдсонгүй. Хийсэн бүтээсэн талаас нь харах юм бол Н.Энхбаяр Ерөнхийлөгчийг би одоо ч ерөнхийлөгчөө л гэж хүндэтгэж байгаа.

-Одоо та хоёр ямар харилцаатай байгаа вэ. Хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Саяхан уулзсан. Болж байгаа үйл явдлын талаар, нэр холбогдон баалуулж байгаа тухай ярьсан. Инээд алдаж байна лээ.

-Тэр бас тан шиг энэ тэмцлийн "ард нь биш дэргэд нь" байгаа юу?
-Өөрөөс нь асуух хэрэгтэй. Хүний өмнөөс хариулж чадахгүй юм байна.

-Таны дэвшүүлэн тавьсан бас нэг идеа бол "Эдийн засгийн алуурчин" номын гол баатрууд Монголд хэн бэ гэдэг юм. Та эдийн засагчийн нүдээр ингэж харав уу, эсвэл улстөрчийн хувьд уу?
-Энэ талаар хангалттай ярьсан. Монгол өөрийн үзэл номлолтой болоогүй байсан цагт хүнээр тоглуулсаар л байх болно. Гашуун ч энэ үнэн.

-Бас эдийн засгийн алуурчин нь таныг өөрөө гэж үзсэнээ илэрхийлсэн ч хүн бий. Олон хүнд эгдүүцэл төрүүлсэн байх?
-Сонсоогүй юм байна. Бодвол гадаад хүмүүс л байлгүй дээ. Дэл дул юманд цагаа барах хэрэггүй байхаа. Танай сонины цаасыг ч бас гамная.

-Монголын банк санхүүгийн салбарт бүтцийн өөрчлөлт хийх замаар эдийн засгийг нь аварна гэдэгт та итгэх үү. Ер нь Дэлхийн банк, ОУВС-гийн туршлагыг та юу гэж үздэг вэ, зөвлөгөөг заавал дагах ёстой юу?
-Дэлхийн банк, ОУВС-ийн зөвлөгөөг сонсох хэрэгтэй. Тэд ч заавал биднийхээр бол гэж шахдаггүй. Юу хийх ёстой вэ гэдгийг манай банк, санхүүгийн мэргэжлийн хүмүүс нөхцөл байдлаа сайн тунгааж хийх хэрэгтэй.
Улс төрийн тойм
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 1952 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 0
Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Баасан, 2024-05-10, 01:21
Welcome Зочин