Нүүр хуудас » 2010 » 5-р сар » 28 » бид хоёр амьдралын хатуу хөтүүг туулсан хөвсгөлийн он жилүүддээ хайртай
12:26
бид хоёр амьдралын хатуу хөтүүг туулсан хөвсгөлийн он жилүүддээ хайртай
"Үүл бид хоёр” номоо гаргаад удаагүй байгаа хатагтай Б.Дэлгэртуяагийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.УИХ-ын гишүүн ардын баатар Э.Бат-Үүлийн гэргий амьдралынхаа үүх түүхийг чадварлаг авторын хэмжээнд нэмэр хачиргүйгээр сэтгэл догдлон өгүүлсэн нь олны таашаал хэдийн хүртээд байна. Нэртэй улс төрчийн хань нийгмийн идэвхитэй ажил хэрэгч халамжит гэргийн энэхүү ном Монголын ардчиллын бодит түүхийг мөн бичиглэснээрээ үнэ цэнэтэй юм.
-”Чугу” компанийг байгуулснаар тань Монголын дуу бичлэгийн ертөнцөд цоо шинэ хуудас нээсэн гэхэд болно. Энэ амар ирээгүй байх?

-1996 онд Монголд анхны мэргэжлийн хувийн дуу бичлэгийн студийг байгуулсан. Анхдагч байсан болохоор энэ бүгдийг босгох гэж багагүй хичээл зүтгэл гаргаж байсан. Халиун, Дашдондог бид хэд маш их ажилласан. Тэд маань ч их авъяаслаг хөдөлмөрч залуучууд. Өнөөдрийн хэмжээнд ажиллаж, гарч ирэх гэж нилээд эрэл хайгуул хийж, гадаад харилцаандаа их анхаарч тэднээс судалж сурцгаасан.

-Та байнга дуу хөгжим дунд ажилласаар байгаад их залуу стильтэй наснаасаа овор багатай харагддаг байх аа?

Би яг л үеийнхээ хүүхнүүдтэй ижил л байгаа шүү дээ. Мэдээж төрх байдалд маань ажил нөлөөлдөг байх. Олон хүнтэй харьцаж ажилладаг болохоор гадаад байдалдаа анхаарал тавих шаардлага зүй ёсоор гарна л даа.


-Одоогоор та нүүрэндээ будаг шунх хэрэглээгүй байна. Арьсаа амрааж байгаа хэрэг үү? Ямар үед будаг”барьдаг” вэ?

-Эмэгтэй хүн юм чинь нүүрэндээ арчилгаа хийлгүй яах вэ? Гэхдээ би энгийн үедээ нэг их будаад байдаггүй. Чухал арга хэмжээ шаардлагатай үед бол будаг хэрэглэнэ.

-Залуудаа хотын төвийн охин хаа хол Хөвсгөлд нөхрөө дагаж илгээлт аваад явах үед нэлээд зутарч байсан байх. Дурсамж сөхвөл ямар вэ?

-Эхэн үедээ нилээд тэвдсэн.Би 22-той , Бат-Үүл 23-тай байсан үе л дээ. Надад бол тэнд очоод орос хэл, дуу хөгжим, гэр ахуй гээд заагаагүй хичээл байхгүй. Тэнд багш их дутмаг. Бидний хамгийн дурсгалтай. амьдралын жинхэнэ хатуу хүтүүг биеэрээ мэдэрсэн үе байлаа. 3 жил гаруй Хөвсгөлд амьдарч байсан үеийг бид одоо ч дурсах дуртай. Нөхөр маань физик, математик, геометр гээд их олон хичээл заана. Тэгээд зун нь бид нар 4,5 мянган төгрөг аваад их баяждаг байлаа. Залуу байсан болохоор зуны амралтаараа хотдоо ирээд хос жинс авч өмсөөд жигтэйхэн гангараад л буцдаг байж билээ. Хөвсгөлийн Ренчинлхүмбэдээ нэлээд хүйтэн үе юм даа, 12 сард охиноо төрүүлж байлаа. Гэхдээ бид хоёр илгээлтийн хугацаагаа дуусгаад Улаанбаатарт ирээд айл болоход 3 өрөө дүүрээд подхийсэн өнөр өтгөн сайхан л айл болсон. Одоогийнхоор бол Сөүл яваад ажил хийгээд ирэхийн дайтай юм болсон гэх үү дээ.

-Та хөгжмийн их сайн боловсролтой хүний эрхэлдэг бизнесийг хийж байна. Ер нь хөгжмийн боловсролыг хаана эзэмшсэн юм бэ?

-Аав минь намайг 6 настай байхад Пионерийн ордны төгөлдөр хуурын дугуйланд Зөвлөлтийн мэргэжилтэн багшийн шавиар оруулж байсан. Би тэгээд нэгдүгээр ангиасаа төгөлдөр хуураа үргэлжлүүлээд ХБДС-ийн төгөлдөр хуурийн ангид орсон. Улмаар бүжгийн ангид сурч байлаа.

-”Чугу” компаниа та зүтгэж байж хүүгийнхээ нэрээр нэрлэсэн гэсэн байх аа?

-Тэгтлээ их зүтгэсэн зүйл байхгүй ээ. Би компанийн нэр сонгох гэтэл ертөнцийн бүхий л бэлэг дэмбэрэлтэй нэр дууссан байсан. Гэр бүлийнхнийхээ эхний үсгүүдийг нийлүүлээд ч ижилсээд байсан. Тэгээд л хүүгийнхээ товч нэрээр нэрлэсэн. Багад нь өвөө нь Чулуудайг өхөөрдөөд Чугу гэж дууддаг байсан юм.

-Бат-Үүлийнх гэдэг айл жинхэнэ 60, 70-аад оны үеийн пянзны үнэтэй цуглуулгатай гэсэн. Тоо гаргаж байв уу?

-Тоо байлгүй яахав. Одоогоор 400-гаад сд гэрт бий. Пянз нь нэлээд үрэгдээд 50 гаруй байгаа .Төрөлжүүлээд хадгалдаг.Залуу цагт хит болж байсан бүхий л дуунууд альбомоороо бий шүү. Нөхрөө дагаад би сд цуглуулах дуртай. Бид хоёр амрахдаа дуртай хөгжмөө сонсч тайвширдаг. Битлз, Роллинг Стоунзын цомогнууддаа илүү харам байдаг. Миний хувьд гадаадын олон сайхан сэтгүүл унших хоббитой. Захаасаа энд байж байна. Өөрийн амьдралд тусгах юм ч их байдаг болохоор зориуд захиалж цуглуулж байгаа. Сүүлийн 5 жилийн арвин цуглуулга бий. Нөгөө олон пянз чинь энд байж байна. Оюуны бүтээлийг одоо л монголчууд ойлгож байна. Үе дамжаад ирж байна гэдэг бас бахархмаар. Хамаг мөнгөө энэ пянзнуудад үрж байлаа. Ээж аавдаа ч зэмлүүлнэ. Манай нөхөр тухайн үед мөнгө хатуу байсан цагт Ренчинлхүмбэд байхдаа 1700 төгрөгөөр Битлзийн бүх концертыг/пянзыг/ цүнхтэй нь аваад ирж билээ.

-Энэ сэтгүүл дээр ч нүд унамаар чамин даашинз харагдаж байна шүү. Тань шиг ажил хэрэгч бүсгүй сонголт арвин байх?

-Ерөнхийдөө бол даашинз нэг их өмсөх дуртай биш. Костюмны талд илүү анхаардаг. Платье гоё л доо. Өөрөө гадаад явахдаа ази талаасаа хувцасны сонголт их хийдэг. Ганц нэг загвар таалагдвал хааяа захиалж хийлгэх үе байна. Цайвардуу цагаан шаргал өнгөнд би дуртай. Ямар ч үед гутлаа хувцастайгаа зохицуулахыг хичээдэг.

-Ажлын өрөө тань бурхан тахил ихтэй юм. Бодвол Амар хийдэд шавилдаг хүүтэй чинь бас холбоотой байх л даа?
-Тийм ээ. Холбоотой л доо. Хүү маань Амар хийдэд одоо 7 дахь жилдээ шавилж байна. Нэг ёсондоо хүү маань л бидэнд энэ болгоныг зааж сургаж байгаа. Ямар ч байсан би өглөө цайны дээжээ бурхандаа өргөдөг. Учиргүй байнга шүтээд байхгүй ч тогтмол хуралд нь хүүгээ эргэнгээ очдог. Бат-Үүлийн хувьд шүтээд байдаг юм бол байхгүй. Энэ бол миний л хийж сүсэглэх зүйл.


-Хүүгээ хийдэд суулгах санал ааваас нь гарсан нь гайхмаар санагддаг?

-Тийм ээ аав нь гаргасан. Манай хүн 90-ээд онд Ардчилсан Холбооны салбар зөвлөлийг байгуулна гээд хөдөөгөөр их явсан. Тэр үед Амарбаясгалан хийдийг үзээд их сэтгэгдэл төрсөн гэнэ лээ. Дөнгөж 90-н онд бурхан шашинаа чөлөөтэй шүтэх эрх сэргэж байсан үе болохоор тухай үеийн Амар хийдэд хэдхэн хөгшин ламтай, тэд нь хэдэн зуун жилийн турш өвлөгдөн ирсэн оюуны бүтээлүүдийг хадгалж хамгаалж нууж хаасаар одоо үетэй золгуулсан юм гэнэ лээ эдгээр сайн лам нарын залуу халааг хэзээ ч таслахгүй үргэлжлүүлэх ёстой юм байна гэж бодогдсон хэмээн манай хүн ярьдаг юм. Тэгээд л бага хүүгээ шавилуулахаар шийдсэн. Одоо Амар хийд нь буянтай буурал Гүрдава ренбүчи багш, Хамба лам Жамъяндагва нарын хандив, сүсэгтэн олны буянаар сэргээн засварлагдсан, 40 гаруй ламтай, олны хөлд дарагдсан сайхан газар болсон. Түрүүчийн лам нар нь Швейцарь улсад боловсрол эзэмшээд ирцгээж байгаа. Будда бол аугаа их философи шүү дээ. Одоо хүү маань Амар хийдийн оточ лам том эр болсон.

-Та үнэт эдлэлийнхээ цуглуулганд сонголт хэр хийдэг вэ?

-Мэдээж эдэлж зүүх л ёстой байх л даа. Миний хувьд тэр болгон өдөр тутам зүүж хэрэглээд байдаггүй л юм. Надад ээлтэй эрдэнэ бол сувд.

-Таны найз нөхдийн хүрээлэл маш өргөн нь мэдээж. Урлагийнхан нь илүү ойр уу?

-Манай хөгжим бүжгийнхэн их эвсэг хамт олон. Одоо болтол холбоотой ойр байдаг. Байнга л гэр бүлээрээ уулзаж үерхдэг.

-Та яагаад жолоо барьдаггүй юм бэ?

-Би уг нь жолооны үнэмлэхтэй л дээ. Бид гэр бүлээрээ явж байгаад аваарт орсноос хойш хашраад ёстой больё . Нэлээдгүй гэмтсэн болохоор "Жолооноос бусад нь болно” гэж боддог.

-Охин чинь сэтгүүлч мэргэжилтэй байх аа?

-Тэгэлгүй яахав.Охин маань өвөөгөө дуурайгаад зохиолч болно гэж ярьдаг. Нэлээдгүй юмыг бас хөөрхөн биччихдэг. Тэрийг нь бид хоёр дэмжиж, түлхүү анхаарч өгсөн.

-Ардын уран зохиолч С.Эрдэнэ агсны үр ачдаа өвлүүлсэн танай хойморт залагддаг зүйл байдаг уу ?

-Бий. Чулуудай маань өвөөгийн анхны ач хүү байсан болохоор их хайртай байсан. Ачдаа зориулаад хадам маань мөнгөн эмээл хазаар бэлтгэсэн, эр хүний чимэг хэт хутгыг Монголын нэг номерын дархан хүнээр хийлгэж дурсгасан. Өөрийнх нь Баяраа гэдэг зураачаар зуруулсан тосон будган хөрөг зураг байгаа. Эд бүгд манай гэр бүлийн үнэт өв болон хадгалагдаж явдаг. Эмээл хазаараа хүү маань хөдөө явахдаа авч явдаг. Хүүхдүүдийн маань ширээний ном нь өвөөгийнх нь түүвэр зохиолууд байдаг. Тэд маань гадаадад байхдаа өвөөгөө ямар агуу хүн байсныг улам мэдэрч байна гэж захиа бичдэг байсан.

-Та үйлэнд хэр вэ?

-Өө тэрэнд ёстой ноль(инээв). Багадаа хөгжим бүжигт байхдаа трапец өмд их оёж өмсдөг байсан. Тухайн үеийнхэн цөм л тэгж өмсдөг байлаа. Одоо бол юм оёдоггүй.
Монголын нэг өдөр

Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 1863 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 0
Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Бямба, 2024-05-11, 08:57
Welcome Зочин