Нүүр хуудас » 2010 » 5-р сар » 31 » Зарим шашин Монголд сугалаа сугалууж ханийг нь сонгож байна
11:59
Зарим шашин Монголд сугалаа сугалууж ханийг нь сонгож байна
Гэр бүл судлаач, доктор, профессор Т.Намжилтай гэр бүл салалтаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.
-Яриагаа гэр бүлийн харилцаанаас эхэлье?

-Асуудалгүй гэр бүл гэж бараг байхгүй болжээ. Тиймээс гэр бүлийн харилцааг боловсронгуй болгох асуудал зайлшгүй яригдах ёстой. Ялангуяа, залуу гэр бүлийн харилцаанд хадам, бэр, хүргэн, эмээ, өвөө, ач, зээ гээд бүгд ордог. Харилцаа гэдэг хүмүүсийн хоорондын харилцан ярьж байгаа үг хэллэг, үлгэр дууриалал юм шүү дээ. Тэрхүү харилцаа жаахан эвгүй болоход л залуус сална, хөндийрнө гэж ярих болсон байна. Энэ нь хувь хүний үзэл сонирхол, сонголт чөлөөтэй болсных юм.

-Харилцааг зөв байлгахын тулд юун дээр анхаарах ёстой вэ?

-Үүнд хоёр, гурван зүйлийг анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, бурууг бусдаас биш өөрөөсөө хайх нь зөв. Ялангуяа дундаж насны эмэгтэйчүүдийн дунд салалт нэлээн гарч байна. Гэр бүлд ямар нэгэн үл ойлголцол гарлаа гэхэд бусдаас бурууг хайгаад өөртөө дүгнэлт хийдэггүй. Болж байгаа асуудалд "Ямар байр суурь эзэлж, ямар рольтой байна вэ.

Гэр бүлийн эр, эм гэдэг чинь хоёр өөр зан араншинтай хүмүүс. Өөр өөр орчин, нөхцөлд өсч, хүмүүжсэн байгаа шүү дээ. Тиймээс "Миний эхнэр (нөхөр) ямар зан араншинтай билээ. Ямар үед нь үг хэлж болох, болохгүй, зан араншин нийлдэг” гэхчилэн олон асуудал гарч ирнэ. Иймд "Би”-гээ сайн мэдэх хэрэгтэй. "Би” гэдэг чинь аав, ээж, эмээ, өвөө гээд удмаасаа үүсэлтэй, удамшсан байдаг.Хоёрдугаарт, орчин үеийн нөхцөл байдалд өөрийгөө мэдэх хэрэгтэй болж байгаа юм. Одоо цагт гэр бүлийн харилцааг үүсгэж байгаа хосууд сонин нөхцөл байдалд гэрлэж байна. Жишээлбэл боловсролын ялгаа нь харилцаанд нөлөөлдөг. Дараагийн асуудал нь, одооны залуус сургаал үгийг сонсохгүй болсон байна. Тэгэхээр ахмадууд нь "Үглэж сургахаар, үлгэрлэж сургах” нь зөв болжээ. Бие, хэл, сэтгэл гурваар үлгэрлэнэ гэсэн үг юм. Гэр бүл гэдэг өөрөө хөгжлийн процесс байдаг. Тиймээс хөгжлийн явцад болох, болохгүй зүйлтэй тулгарна. Нийгмийн хүрээнд залуу гэр бүлийн харилцаанд илүү анхаарах шаардлагатай.

-Монгол Улсын хэмжээнд хичнээн залуу хос гэр бүлээ батлуулсан байдаг бол. Үүнээс салалт нь хичнээн хувийг эзэлдэг вэ?

-Салалтын тоог 14-15 мянга гэж мэдээлдэг. Хүн амын ихэнх нь залуучууд болсон байна шүү дээ. Тиймээс салалтын тоог багасгаж, үүнээс урьдчилан сэргийлэхэд анхаарах нь зөв юм. Салалт нь янз бүрийн шалтгаантай байдаг. Хамгийн гол нь гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй. Ханилж байгаа хоёрыг харшщан бие биенээ ойлгодог, үгээ олдог, хүндэтгэдэг болгомоор байгаа юм. Өнөөдөр гэр бүлийн амьдралыг эхлүүлэхэд зүү орох зайгүй "Би чамд хайртай, чамаас өөр хүн энэ хорвоод байхгүй” гэдэг. Хоёр, гурван жилийн дараа зүү орох зай байтугай хоёр тийшээ салах дээрээ тулчихсан байдаг.

-Энэ нь гэр бүл төлөвлөлт буруу байна гэсэн үг үү?

-Гэр бүлийн боловсрол муу байгаагийнх юм. Эхлээд ханиа зөв сонгох хэрэгтэй. Дараагаар нь гэр бүл төлөвлөлтийн асуудал гарч ирнэ. Дээр нь хадам, бэрийн харилцаа их анхаарал татдаг. Хэрэв эмэгтэй нь хадмындаа амьдарч байвал "Хадам ээжийг бодохоор харимааргүй санагдаад байх юм. Гэтэл нөхрөө бодохоор очихоос өөр аргагүй” гэх хандлага газар сайгүй болсон.

-Гэр бүл төлөвлөлтөд анхаарах зүйл?

-Ханиа зөв сонгохоос л эхэлнэ. Ханиа зөв шинжих олон арга бий. Удмаа мэддэг, хэрэг төвөгт ороогүй, өр зээл, эмгэг хууч, боловсролын ялгаа, авьяас чадвар, зан араншин, сонирхол, харилцааны чадвар гээд олон зүйлийг харьцуулж шинжих хэрэгтэй. Дээрээс нь монголчуудын ярьдгаар заяаны хань гэдэг шиг жил, мэнгэ, ивээл, ивээл бус гэхчилэн байдаг. Зарим залууст энэ бүгдийг хэлэхээр "Өө ямар ядаргаатай юм бэ, тэр бүгдийг нь харах юм уу” гэдэг. Уг нь насны ханиа сонгох гэж байгаа юм чинь энэ бүгдийг тэвчээртэй ажиглах хэрэгтэй. Хоёр жилийн хугацаанд таарамжтай, таарамжгүйгээ мэдэж болно. "Хүний сайныг ханилан байж мэднэ” гэж сургадаг шүү дээ. Энэ бол айхтар үнэн үг. Эхэлж нийлж байхдаа нэг л сайхан залуу,
хүүхэн байдаг. Яг харилцаанд ороод ирэхээр "Ямар аймаар араатан шиг амьтан байсан юм бэ” гээд салж ч чадахгүй, амьдын там болдог. Тиймээс хань сонголт дээр тэвчээртэй хандах хэрэгтэй. Нэгэнт ханиа зөв сонгочихвол дараа нь гэр бүл төлөвлөлтийн асуудал гарч ирнэ. Тухайлбал, хоёр жилийн дотор хүү, охинтой болно ч гэдэг юмуу.

-Сүүлийн үеийн залууст ажиглагдаж байгаа нэг асуудал нь үерхэж байх хугацаандаа хүүхэдтэй болчихдог. Гэтэл хоёр, гурван жилийн дараагаар харьцаа нь хөндийрөөд салах дээрээ тулдаг. Тиймээс гэр бүл салалтын хор уршгийг хүүхэд амсдаг шүү дээ?

-Тийм ээ. Энэ асуудал түгээмэл болж байна. Гэрлэлтээ үүсгэчихээд дараа нь айл гэр болно гэхэд эцэг, эх нь татгалздаг. Энэ нь салалтын нэг шалтгаан. Салалт нь хоёр хүний асуудал байж болох ч үүнд хүүхэд хохирдог. Хүүхдээ бодоод хоёул амьдаръя гэхээр орох орон, байр байхгүй. Эцэг, эх нь зөвшөөрөөгүйгээс дээрх асуудал үүсч байгаа юм.Тиймээс ханиа сонгож, эцэг эхдээ хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй. Түүний дараагаар хүүхэдтэй болсон байхад асуудалгүй шүү дээ.


-Залуу гэр бүлд төрөөс дэмжлэг үзүүлнэ гэж хуульд заасан байдаг боловч энэ нь хэрэгждэггүй?

-Тухайлбал, төрөөс шинээр гэрлэгсдэд 500 мянган төгрөг өгсөн боловч үүнийгээ дагаад зохиомол гэр бүл олширсон. Мөнгөө авчихаад дараа нь салчихдаг. Ер нь төрөөс эдийн засгийн бодлого арга хэмжээг, гэр бүлийг өөрийг нь хөгжүүлэх бодлоготой хослуулж явуулах хэрэгтэй. Ажилчдынхаа гэр бүл, хүүхдийн асуудлыг анхаарч байгаа яам, компанид хөнгөлөлттэй зээл, тусламж өгөх ёстой. Гэтэл манайд мөнгө талаас дэмжих арга хэмжээ авч байгаа нь буруу. Гэрбүлийгхөгжүүлэханхаарал нь орхигдож байна. Гэр бүл хаана сайн байна түүнийг л төр дэмжих хэрэгтэй. Австралид Засгийн газрын түвшинд мөнгө төслийн хүрээнд зараад гэр бүлээ өөдтэй болгодог. Гэр бүлийн асуудалд холыг харсан, дэлхий дахины хандлагад чиглэж тулгуурлах нь зөв. Тэгэхгүй дөрвөн уулынхаа дунд болохгүй байна гээд байвал болохгүй л байгаад байна. Ер нь 10, 15 жилээр гэр бүлийг харах ёстой. Үүнээс гадна, залуучууд бие биенийгээ таньж мэдээд ярилцаж суух газар алга. Байгаа газар нь баар, ресторан болдог. Энэ нь архидалт гэхчилэн сөрөг зүйлийг дагуулж байна. Тэгэхлээр тэнд худлаа ярьж л сууна уу гэхээс сэтгэлээ нээнэ гэж байхгүй.

-Тэгэхээр төрөөс хосуудыг дэмжсэн бодлого муу байна гэж хэлж болох уу?

-Үүнийг л анхаарахгүй байна. Энэ чинь эдийн засгийн харилцаатай уялдана. Жишээлбэл, нэг том ресторан байлаа гэхэд өдөр 12.00 цагийн үед гэр бүл, залууст зориулсан хөтөлбөрийг хэрэгжүүлж болно шүү дээ. Гэтэл ийм юм алга. Ихэвчлэн бие биенийгээ муулсан, хөндий харилцаа үүсээд байгаа юм. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг бүх ресторан амралтын өдрүүдэд залуус, гэр бүлд зориулсан уулзалт зохион байгуулвал мөн гоё оо. Ямар ч архи, тамхигүй. Тэгвэл сайхан сэтгэлээ нээгээд хань ижилгүй нэг нь ханиа олж, тулгамдаж буй бэрхшээлээ хэлэлцэж болно. Даан ч тийм зүйл байхгүй учраас оройн цагаар баар хэсээд л явж байдаг болж.

-Манай улсад гадаадын иргэнтэй гэр бүл болоход зуучлах товчоо олон байна. Тэгвэл дотоодын гэр бүл зуучлах товчоо байна уу?

-Өмнө нь байсан юм. Нэг үе идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байлаа. Одоо "ТВ долоо хоног” хөтөлбөр дээр "Танилцья” гэсэн булан явж байна. Гэвч түүнд байгаа зарууд нь санхүүгийн тусламж гэж хүссэн байдаг. Харин сүүлийн үед тэндээс гуравны хоёр хувь нь "Ханиа хайж байна, чин сэтгэлээсээ танилцах, шаардлага хангах хүн холбоо барина уу, үгүй бол хэрэггүй” гэдэг болсон байна лээ. Энэ чинь хүн гэр бүлийн амьдралд анхаардаг болсныг харуулж буй юм. 40, 50 нас хүрсэн ч амьдралаа бодъё гэх болсон байна. Энэ нь нийгэмд гарч байгаа нэг өөрлөлт. Гэр бүл зуучлах алба нь жинхэнэ утгаараа ажиллаж чадвал хүнд тусаа их өгнө. Гэхдээ залуусыг муу гэж хэлж болохгүй, ухаалаг болсон. Үүнээс гадна, гэр бүлийн харилцаанд шашны урсгалын нөлөө орж ирж байна. Үүнийг төр засгаас цаагуур нь анхаарах хэрэгтэй.

Жишээлбэл, нэг төрлийн шашны хүн хоорондоо суух ёстой гэж байна. Христ, буддын шашны хүнтэй сууж болохгүй гэдэг. Зарим нь хүмүүсийн нэр бичээд сугалуулдаг. Монгол бүсгүй африкийн хар арьстай хүнийг сугаллаа гэхэд "Чи түүнтэй заавал суу” гэдэг. Манайд нэвтэрсэн шашны урсгалд иймэрхүү зүйл байгаа. Нэрийг нь хэлээд яахав, засаг төр зөвшөөрөөд үйл ажиллагаагаа явуулж байгаа байх. Гэхдээ дээр дурьдсан зүйлийг анхаарах хэрэгтэй.

-Ингэж сугалуулах нь хэзээнээс эхэлсэн бэ?

-Сүүлийн тав, зургаан жилд үйлчилж байна. Шашны 20 гаруй урсгал бий. Энэ чинь зөв үү, буруу юу. Итгэгчид нь зөв гэж ярьдаг юм билээ. Гэвч үүнийг монгол ёс заншил алдагдаж байгаагийн нэг илрэл гэж бодож байна.

-Гэр бүл болоход залуус монгол ёс заншлаа дагаж чаддаг болов уу?

-Үүнийг гэр бүлийн боловсролоор хэлэх хэрэгтэй. Хуримлах, оршуулах ёс заншлыг л дагахаас өөр дагах ёс байхгүй болж байна шүү дээ.

-Тэгвэл гэр бүлийн боловсролыг яаж олгох вэ. Дан ганц залуус гэлтгүй хижээл насныхан дунд гэр бүл салалт нэлээд байдаг?

-Үүнд хэвлэл мэдээллийн хэрэгсэл л чухал үүрэгтэй. Хүнд хэрэг болох амьдралтай, системтэй зүйл л дутагдаж байна. Түүнээс биш энд тэнд сургалт явуулна гэхэд ирэх хүн ховор. Тийм учраас хаана ч сайн гардаг телевизийн суваг, түгээлт сайтай сонинг сонгож гэр бүл, залууст гэр бүлийн боловсролыг олгох нь чухал юм.

Т.Дашмаа
Нийгмийн толь
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 1332 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 0
Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Ням, 2024-05-12, 04:09
Welcome Зочин