Нүүр хуудас » 2010 » 6-р сар » 28 » Наадмын талбайд гоёхыг хүсвэл надад бүх бололцоо бий
21:56
Наадмын талбайд гоёхыг хүсвэл надад бүх бололцоо бий
МУ-ын далай аваргын гэргий Б.Баясгалан бөхчүүдийн гэргий нар дотроос хамгийн нууцлаг агаад эрхэмсэг нь. Монгол бөхийн ертөнцтэй эгнэгт хувь ерөөлөөр холбоотой тэрээр аваргын охин, аваргын хань байх ховор тавилангийн эзэн. Энэ ч утгаар нь олны нүд чих орсон амь амьдралынхаа талаар тэр бүр ам нээдэггүй биз. Хатагтай Б.Баясгалангаас цаг ямагт омог бардам жинхэнэ монгол бүсгүйн эрхэм төрх тод ялгардаг. Ингээд түүний ярианд анхаарлаа хандуулъя 
-Ингэхэд аз хийморийн талаар та ямар бодолтой байдаг вэ? 

-Хүний аз одны тухай миний бодол хувь тавилан, хөдөлмөр энэ бүхэнтэй холбоотой. Өнөөдөр хэн хамгийн зөв сэтгэлтэй, шударга амьдарч байна. Тэр хүн л хэзээ нэгэн цагт зорьсондоо заавал хүрдэг жамтай. Ер нь би бодохдоо наадмын торгон ногоон дэвжээ гэдэг бол тухайн хүний хөдөлмөр, сэтгэл, оюун ухаан зэрэг бүхий л зүйлийг шүүсэн шалгасан том шалгалт болдог. Ганцхан 7-р сарын 12-нд л хэн энэ шалгуурт тэнцэх вэ гэдгийг шалгаж, бүтэн жилийн хөдөлмөрийн үр дүнг үздэг. Түүнээс ганцхан аз нь таарч од нь гүйгээд азаар давчихлаа, түрүүлчихлээ гэж ойлгож болохгүй. Үүний цаана бөх хүний олон жилийн хөлс хүч, хөдөлмөр зүтгэл шингэсэн байдгийг хэлмээр байна. 


-Та бөх хүний гэргий төдийгүй бөхийн гэр бүлд өссөн болохоор наадмын өмнөх өдрүүдэд маш завгүй байдаг байх даа. Энэ талаар яривал бусад бүсгүйчүүдэд маань сонин байх болов уу? 

-Манай ардын наадам олон зуун жилийн уламжлалтай. Орчин цагт ч гэсэн хүмүүс наадмыг өргөн дэлгэр сайхан тэмдэглэдэг болсон байна шүү дээ. Тийм болохоор нийт бүсгүйчүүдийн маань арын ажил ямар байдаг билээ. Би ч бас тэдний л адил. Ер нь би өөрийгөө хэн нэгнээс илүүд үзэх дургүй. 

-Уучлаарай, бөхийн ёс жаягийг дагах гэдэг утгаараа арай онцлогтой байдаг болов уу гэж сонирхсон юм? 

-Багаасаа бөхийн гэр бүлд өссөн болохоороо ёс жаягийг дагах надад хэцүү санагддаггүй. Тэгэхдээ мэдээж бусад бүсгүйчүүдээс арай өөр онцлогууд бий, байлгүй яахав. 

-Аваргын наадмын гоёлыг бэлтгэхэд нэлээд гарын ур шаардагддаг байх. Ингэхэд та хэр уран эзэгтэй вэ? 

-(инээв). Үгүй ээ яахав. Өөрийгөө нэг их уран гэж хэлэхгүй шүү. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд хичээж бэлддэг. 

-Таныг хүмүүс хэт даруухан юм билээ. Тэгвэл өөрийнхөе гоёоны талаар яриач?Яагаад бөхчүүдийн гэргий нар шиг наадмаар гоёдоггүй юм бэ? 

-Яахав, даруухан санагддаг бол тэр л биз. Би байгаагаараа л байх дуртай. Яагаад гэвэл хүн өөрийнхөө хүссэнээр л байх сайхан. Би наадмаар маш гоё явахыг хүсэх л хэрэгтэй юм байна. Гэтэл хүсдэггүй юм л даа. Хэрвээ хүсэх юм бол надад бүх л бололцоо байна л даа. 

-Тэгвэл бөхийн энэ сайхан удмыг үргэлжлүүлж, хүүгээ бөх болгох талаар ярилцдаг биз дээ? 

-Мэдээж зөвхөн бөхийн гэр бүл төдийгүй монгол хүн бүр эрэгтэй хүүхэд төрөхөд хүүгээ бөх болоосой гэж хүсдэг шүү дээ. Тийм болохоор тэгж бодолгүй яахав. Гэхдээ цаг хугацаа гэдэг байнга хувьсаж өөрчлөгдөж байдаг. Орчин үеийн хүүхдүүд юунд сонирхолтой байдаг юм. Одоохондоо балчир байгаа болохоор энэ талаар ярихад эрт байна. 

-Сумо бөх болно ч гэх юм билүү? 

-Тийм дээ. Юмыг яаж мэдэхэв(инээв). 

-Таныг ажиглаад байхад сэтгэл хөөрлөө их дардаг юм шиг санагдлаа? 

-Би сэтгэл хөдлөлөө дотроо их барьдаг хүн л дээ. Ямар ч үед аливаа асуудалд тэвчээртэй даруу хандахыг чухал гэж үздэг. Гэхдээ сэтгэлийн хөдөлгеөнгүй гэж хэлэхгүй, хүн л юм болохоор сэтгэл хөдлөлгүй яахав. Түүнийгээ ил гаргах нь харьцангуй бага юм шиг байгаа юм.
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 1367 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 0
Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Ням, 2024-04-28, 21:24
Welcome Зочин