Нүүр хуудас » 2010 » 7-р сар » 10 » Дуучин Б.Сарантуяа: Яг одоо би болзож байгаа
22:40
Дуучин Б.Сарантуяа: Яг одоо би болзож байгаа
Үндэсний их баяр наадмаар поп хатагтай Сараа Төв цэнгэлдэхийг доргиох нь. Coken beat амьд хөгжмийн наадмын үдэш бүрэн хэмжээний тоглолт хийж фэнүүдийнхээ хүлээлтэд хариу барихаар болсон Зууны манлай дуучин Б.Сарантуяатай уулзаж, ярилцлаа. 
-Манай уншигчид завгүй Сарааг харж байна. Хавдартай хүмүүст тусалж, бяцхан авьяастнуудыг тодруулсан бол одоо тоглолтоо хийх гэж байна. Бэлтгэлээ хангасан уу? 
-Тоглолт хийгээд сурчихсан ч юм уу түүртээд байх зүйлгүй байна. Ажил хэрэгч, цагаа ягштал барьдаг, сэтгэлтэй хүмүүстэй хамтран ажилладаг болохоор надад зовлонгүй бүх зүйл ном журмаараа явж байна. "Гэгээн Муза" наадмын шагналт, бүжиг дэглээч Төгсөө маань миний бүжгийг ганцаарчлан бэлдүүлж байгаа. 

Хөгжмийг A sound хамтлагийн Пүүжээ, Night train хамтлагийн хэсэг хөгжимчид тоглоно. Тэдэнтэй бэлтгэл хийсэн чинь их өвөрмөц байдлыг мэдэрч байна. Залуу хүүхдүүд эрч хүчтэй энергитэй, тоглож байгаа нь донжтой, их хөөрхөн байгаа. Торго салон, Шилмэл загварын ордныхон тоглолтын хувцсыг урлаж байна. Намайг тоглолт хийх сургаар Өөжгий, New star студийнхэн гээд найзууд маань яахав, ийхэв, туслая гээд дэмжлэг өгч, телевизүүд "Рекламыг чинь явуулах уу" гэж яриад л. / инээгээд/ Энэ утгаараа надад их таалагдаж байна. 

-Та 29-хөн насандаа Зууны манлай дуучин болж байлаа. Дуучин хүнд байх ёстой бүхий л шагналыг, бүр тэрнээс сайхныг та хүртсэн. Энэ хооронд таныг тайзаа орхих гэж байгаа сенсааци олон дэгдсэн? 
-Дуучин хүнд дуулахгүй байх үе гэж байдаг. Хэлсэн үгээ буцааж авах тохиолдол ч гарна. Хэвлэл мэдээллээр хүнийг хэт их дайрч давшлах юм уу уран бүтээлчийн урмыг хугалбал уран бүтээл ч гомдож болно. Амьдралд тохиолдсон бэрхшээлдээ шантарч бас тэгж хэлж болно. Урлагийн онгод орж ирэхгүй юм уу, эдийн засгийн хямралтай холбогдож урлагийн хөгжил хоцрогдож зогсонги байдалд орох нь ч бий. 

-Та бүх зүйлд ном журмаар нь хандах гээд байдаг зантай. Тэглээ гээд хожих уу? 
-Хожих л болно. Энэ бол нэг, хоёр хоног болоод өнгөрөх зүйл биш. Ирээдүйд хүүхдүүдээ найдвартай өв үлдээж байгаа гэсэн үг. Нэг ёсондоо хууль бус юм хийчихээд дараа нь түүнийгээ зохицуулж чадахгүй байдалд орвол хүүхдүүд маань ч хүнд байдалд орно, тэдэнд муу үлгэр дууриал үзүүлнэ. Манай хүүхдүүд хэзээ ч худлаа ярихгүй, аливаад шударгаар ханддаг. Хүн мэхлэхээс илүү худлаа ярьж болохгүй гэж боддог. 

-2004 онд "Сараагийн шилдгүүд" тоглолтын дараа "Сараагийн үе нэгэнт өнгөрснийг харууллаа" гэж бичиж байсныг санаж байна. Гэтэл та тэсрэлт хийсэн хэвээр, фэнүүдээ баярлуулсаар одоо ч гандан бууршгүй хэвээр байна? 
-Сонины шүүмжлэгчид өөрсдөө урлаг судлаачийн сургуулийг нь төгсөөд, яг онолоор нь шүүмжилдэг бол би юу ч хэлэхгүй. Зүгээр нэг чөлөөт хэвлэл пи ар цацах үүднээс тэгж хэлбэл харамсалтай. Гэхдээ би ийм зүйлд ач холбогдол өгдөггүй. Сараа Сараагаараа л үлдэнэ. 

-Сарааг дуулахад бүгд босч алга ташдаг. Аль үеийг та дурсах дуртай вэ? 
-Сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ хамгийн гоё үе нь 1999, 2000 онууд байсан санагддаг. Өөртөө итгэлтэй, хийж байгаа зүйлдээ бүрэн дүүрэн дүгнэлт өгөх чадвартай. Тэрнээс өмнө нүд маань жаахан нээгдээгүй байсан л даа. /инээв/ 

-Нүд нээгдээгүй гэлтгүй анхны CD гаргаж, анхны гадаад, дотоодын аялан тоглолтыг та л хийсэн шүү дээ. Ёстой бужигнуулж байсан? 
-Тогтвортой уран бүтээл туурвина гэдэг амар ажил биш. Гэхдээ дуучин хүнийг тэдэн концерт хийж, диск гаргаснаас тэд нь амжилттай, амжилтгүй боллоо гэдгээр дүгнэдэг. Эргээд CD-гээ сонсоход ичихээргүй, тааламжтай байгаасай, гоё цомог гараасай, сайхан концерт болоосой гэж бодно. Нэг дуу гаргаад араас нь дахиад шинэ дуу гаргаад байхаар олон сайхан дуу мартагдчихдаг юм байна. Иймд дуунуудаа хайрлах хэрэгтэй санагдсан. Жил бүр шинэ цомог гаргаж байгаа нь амжилтад хүрч буй хүний шинж биш шүү дээ. 

-Сараа амьдралаа гоё сайхан харагдуулахын тулд хичээдэггүй, байгаагаараа байдаг. Хүн бүр таны энэ занг хайрладаг? 
-Сургасан юм л даа, намайг. Ижий, аав минь ийм л хүмүүжил олгосон, тэр ёсоор явж байна. Гэхдээ байгаагаараа байна гэдэг хамаг юмаа дэлгэнэ гэсэн үг биш. Аль болох хүнлэг, ер нь даруухандуу байвал зүгээр. Сараа бол давилуун эмэгтэй, онгироо гэж хэвлэлээр их бичдэг байсан. Бодит байдал дээр би их энгийн. Харин одоог хүртэл хүнд тал засч, эвтэйхэн ярьж сурсангүй. Халгай шиг л яваад байдаг хүн. Энэ муу ч байж мэднэ. Гэхдээ сурсан юмыг сураар боож болдоггүй болохоор одоо яахав. 

-Ямар ч баггүй амьдрал таниас харагддаг. Гэхдээ үргэлж тийм байна гэдэг хэцүү л дээ? 
-Олон нийтийн нүдэн дээр байхдаа баг өмсөнө ш тээ. Баг өмсөөд, дуучныхаа дүр төрхөнд тоглоод явдаг. Телевизийн камер, сонинд зургаа авахуулахаас эхлээд одынхоо дүрийг эсгэх тохиолдол бишгүй. Ажил юм даа, яахав. 

-Эмэгтэй хүний нэг тийм аяг байдаг шүү дээ. Сараагийн ялдам байдлыг тэгэхээр цөөн хэдэн азтай хүн харсан байх? 
-Мэдээж, тэр болгон хүн харахгүй. Рок попынхон маань гэхдээ зөндөө хардаг шүү дээ. /инээгээд/ Бид яг нэг гэр бүл шиг халуун дулаан уур амьсгалтай. Тэдэнтэйгээ байхдаа нэг тийм ялдам, эрхэлж нялхарсан, айлгүйтэх үе байдаг. Манай рок попын андууд намайг ямар гэдгийг сайн мэднэ ээ. 

-Хайрламаар үеэ та дурсах дуртай юу? 
-Би дахиад тийм шинэ үеийг хүсдэг болохоос хуучин юмаа эргэж боддоггүй. Хуучныг эргэж дурсах нас минь ч ирээгүй байна. Дөнгөж дөчин нас хүрч байгаа хүн ийм зүйлд ач холбогдол өгөхгүй. Дахиад 20, 30 жил бужигнуулмаар байна шүү дээ. 

-Урлагийнханд хувийн амьдрал гэхээр зүйл байхгүй болчих шиг санагддаг? 
-Тэр бол худлаа. Хувийн амьдралаа өөрөө зохицуулж амьдарна. Зовлонгоо хүнд ярихгүй. Алдар хүндтэй гэлтгүй ажил, амьдралаа зохицуулаад явах ёстой. Би хувийн амьдралдаа харин ч их цаг гаргадаг. Хагас бүтэн сайнд ажилладаггүй, амарна. Гэр бүл, найз нөхөд, өөртөө цаг зарцуулдаг. 

-Микрофон, тайз хоёр байхад танд өөр нэг их зүйл хэрэггүй байх. Таны өв хөрөнгө энэ байх? 
-Би чинь үл хөдлөх хөрөнгө олонтой болж байгаа хүн шүү дээ. Зусландаа эдлэн газар барьчихсан, чамгүй хөөрхөн машин унаж байна. Миний хамгийн том өв хөрөнгө бол уран бүтээл. 13 цомог, 30 хүрч байгаа клип бол миний маш том өв хөрөнгө дөө. Сүүлд "Цаасан шувуу" клип гаргасан. 

-Нэр хүнд үнэ хүрч байгаа цагт итгэл найдварыг барьж авах амархан байдаг уу? 
-Юу хийх гэж төрсөн, юуны төлөө ажил хийж, амьдрах вэ гэдэг амьдралынхаа утга учрыг би маш хариуцлагатайгаар ойлгодог учраас итгэл алдраад байх зүйл гардаггүй. Үүргээ маш сайн ухамсарладаг. 

-Сараа жаргах ёстой гэж фэнүүд чинь танд үргэлж л сэтгэл тавьж байх юм? 
-Хэн жаргалгүй байна гээд байгаа юм бэ. 

-Тэр нь таныг болж өгвөл хайрладаг эр хүнтэй болчихоосой гэх хүсэлтэй нь холбоотой байдаг байх? 
-Энэ харьцангуй ойлголт л доо. Гэхдээ намайг дуулуулж, клип хийж байгаагаар харъя гэвэл хувийн амьдрал руу нэг их өнгийх хэрэггүй. Хувийн амьдралтай болохоор уран бүтээл жаахан завсарддаг. Тэр дундаа эмэгтэй дуучдыг хувийн амьдрал сатааруулна. Хань ижил нь тусалдаг, эсвэл садаа болдог хоёр зам л байдаг шүү дээ. Миний хувьд хувийн амьдралдаа хангалттай өөрчлөлт хийж үзсэн. Тийм учраас надад яг одоо энэ байгаагаараа байвал болж байна. Өөрчлөлт орвол сайн биз. Маш олон жил тусгаар тогтносон байдлаа тэр бүрт золиосолж өгөхгүй байх шүү. Төвөгтэй санагддаг. Тэгээд ч хүүхдүүд маань хэн нэгнийг хүлээж авах сонирхолгүй байх шиг байна лээ. Тэгэхээр "вакумжсан" амьдралаараа л амьдрах юм шиг байна. 

-Өөрийгөө золиосолж байгаа юм биш үү? 
-Юуг золиослох гэж. Намайг хайрладаг хүмүүс байна. Би хайрлуулаад л явж байгаа. Юу гэж гэлэнмаа шиг явахав. Хайрлуулна, болзоно. Сонин дээр гарчихаасай гэж хүсдэггүй болохоос эмэгтэй хүн яадаг билээ, тэр бүхнийг хийж байгаа. 

-Гэхдээ эрчүүдийн хувьд манай Сараа ийм азгүй байх ёсгүй гэдэг? 
-Азгүй гэж юу гэсэн үг вэ? Хамгийн сайхнуудтай нь ханилж байсан. Хөндлөнгөөс дүгнэх нэг өөр. Өөрийнхөө өмнөөс ярих бас өөр шүү дээ. 

-Та сонгодог урлагт их хүндэтгэлтэй ханддаг. "Хунгийн дуу”-наас эхлээд драмын шинэ жүжгүүдийг үздэг. "Би яаж амьдрах юм бэ” жүжигт охин биш, чавганц биш, жинхэнэ бал бурмын насан дээрээ яваа эмэгтэйн тухай гардаг. Та бал бурмынх шиг энэ насаа хайрлаж чадаж байна уу? 
-Би одоо ч бал бурмын насандаа хүрээгүй байна л даа. /инээгээд/ Нас бол онцгой үзүүлэлт биш. Жишээ нь, би өөрийгөө дөч хүрсэн гэж хэзээ ч боддоггүй. 36 настай зогсож байгаагаар төсөөлдөг. Дахиад арав, хорин жил 36 насан дээрээ тогтож явна. Нас гэдэг пасспорт дээр тавьсан тоо болохоос биологийн насаа хүн өөрөө л тогтооно. Овортой харагдах уу, залуу харагдах уу гэдэг хүнээс шалтгаална. Гэхдээ наснаасаа хэт залуу харагдвал надад чөтгөр шиг санагддаг. Би тийм юманд дургүй. Ер нь юу нотлох гээд гүйгээд байдаг юм бэ гэж боддог. 

-Загас гүн усыг, хүн сайхан амьдралыг хүсдэг. Сараагийн яг хүсч байсан амьдрал өнөөдрөөр үргэлжилж байна гэж ойлгож болох уу? 
-Магадгүй би хань ижилтэй амьдраад явсан бол ар гэрээ анхаарахдаа жаахан муу байх байсан болов уу. Нэг хар юм тэвэрч, энгэрт нь наалдаад тэрнийхээ цуйванг хийж өгөх гэж гүйгээд ижий, аавыгаа хайхрахгүй, хамаатан садандаа анхаарахгүй, нэг тийм амьдрал үргэлжлэх байсныг үгүйсгэхгүй. 

2001 оноос хойш би бараг арван жил ганцаараа амьдарлаа. Энэ арван жилимн амьдрал миний нүдийг нэг сайн нээж өгсөн. Тэр нь их зөв болсон шиг санагддаг. Надад бол хангалттай. Уран бүтээлээ чөлөөтэй туурвих, ямарваа нэг юманд баригдахгүй, эрх чөлөөтэй амьдралаар амьдарч ирлээ. Эрх чөлөө гэдгийг та нар мэдэхгүй байна. Гоё эрх чөлөө шүү дээ, энэ чинь. Би эрх чөлөөг муугаар ашиглаж байгаагүй. Ээж аав, ах дүү, найз нөхөд, хайртай хүнтэйгээ байх надад их амар байдаг байсан. Нэг хүнтэй амьдраад, нөгөөх нь эрх чөлөөг нь хэт хязгаарладаг байвал хэцүү. Сэтгэлээрээ амьдарвал амьдраад, таарч тохирохгүй бол болих хэрэгтэй. Би нөхөртэй гэсэн статустай байхын тулд гүрийж, шазуур зууж амьдарч чадахгүй. Манай гэр бүлийнхэн ер нь тийм улс. Хүмүүс юу гэж хэлэх бол гэхээс айдаггүй. Өөрсдийнхөөрөө амьдардаг. 

-Та хэтэрхий сайхан аавтай байсан хүн. Тэр хэмжүүрээр бусдыг хараад байдаг байх? 
-Тэрэндээ биш байх. Яг одоо гэхэд хүнтэй амьдрах бололцоо надад байхгүй байна. Хамт амьдрах зав ч алга. Ихэнхдээ гэртээ байдаггүй. Хүнтэй суухаар гэртээ тогтож өгөхгүй бол хэцүү биз дээ. 

-Таны өмнө боссон хана олон байгаа л даа. Нэр алдраас эхлээд Сараа зардал өндөртэй эмэгтэй гэж эрчүүд боддог байх? 
-Боддог байлгүй дээ. Угаасаа би зардал өндөртэй. Би хүний мөнгөөр амьдардаггүй. Өөрийнхөө мөнгөөр амьдардаг. Тэрэн дээр санаа зовох зүйл алга. 

-Та нэг объект онилбол өөрийнх болгож чаддаг гэж ярьж байсан удаатай. Одоо ч дурлахад бэлэн үү? 
-Би хангалттай дурласан болохоор дахиад шинээр дурлах бодол алга. Одоо би өөрөө ангын объект болж магадгүй гэхээс анчин болж чадахгүй. /инээв/ 

-Хэрвээ та хүссэн бол Эрхэмээгийн аавтай ч юм уу хамтын амьдралаа үргэлжлүүлж болох байсан шүү дээ? 
-Наадахыг чинь авантюра гэдэг. Хүний амьдрал ингэж хандах зүйл биш л дээ. Ядаж ар гэрийнхнээ хайрлая л даа. Юм болгоныг адал явдалтай хутгаад, эсвэл болсон болоогүй улсуудыг сонин дээр гаргаж өгч, пи ар хийж өгөх гэж дэмий биз дээ. 

-Таны энэ байдал эрчүүдийг сул тавиад өгчихдөг юм шиг? 
-Тэрэндээ ч биш л дээ. Би хүний юм авах дургүй. Хүний юмыг байранд нь л тавих хэрэгтэй. Ер нь хэл амтай, ээдрээтэй юмнаас залхдаг, дургүй. Ямар ч байсан манай гэрт хардалт сэрдэлт, хэрүүл маргаан байдаггүй. Энэ хэдий давуу зүйл ч тааруу тал ч байдаг байх. 

-Өглөө босохдоо үргэлж шөнөөрөө байгаасай гэж бодмоор, сэтгэлийг тань татсан эр хүн таны амьдралд гарч ирсэн үү? 
-Би эр хүнд нэг их итгэдэггүй. Энэ миний дутагдал байх л даа. Үүнийг яаж тайлбарлахаа мэдэхгүй байна. Хүнийг өмчлөх өөрийнхөөрөө байлгах хүсэл надад байдаггүй гэх үү дээ. Хайр сэтгэлд би маш болгоомжтой ханддаг. Эрэгтэй хүн надад их хол санагддаг. Албан хүчээр хүн эргүүлэхээр ч юм уу болзоонд явахдаа явна. Гэхдээ тэгж болзож, худлаа юм ярьж суудаг нас бас биш юм байна. Үүрэг гүйцэтгэж байгаа юм шиг төвөгтэй санагддаг. Миний сэтгэл зүйд өөрчлөлт ороод байх шиг байгаа юм. 

-Дахиж дурлахгүй хүн шиг ярьж байх чинь? 
-Дурлах л байх. Гэхдээ сонголт хийхдээ тулбал нэлээн шалгуур тавьж, үзэж тарах байх даа. 

-Гэхдээ таныг нууцханаар хайрладаг эрчүүд байдаг байх? 
-Байгаа бол өөрсдөө тэгээд хайр сэтгэлээ илэрхийлэх байлгүй дээ. 

-Хайр дурлалын тухайд ийм сонинтой байдаг байж. Гэхдээ таныг болзоонд урьсан эрхэм хэн бол гэдэг одоо ч сэтгэл гижигдэж байна. Хэвлэлийнхэн үүнийг уншаад жинхэнэ анд гарах байх. Сүүлд та Монголын хамгийн нэр хүнд бүхий сэтгүүлд эротик зураг авахуулж, нүүрийг нь чимсэн. Тэр зураг хэн нэгэнд зориулагдсан байсан юм биш биз? 
-Дахиж тийм байдалтай гарах боломж гараа ч уу, үгүй ч үү. Хүү, охин хоёр маань муухай байна гээгүй. Том болсон хойно нь ч миний хүүхдүүдэд таалагдах байх. Манай ээж, ар гэрийнхэнд муухай санагдаагүй. Тэр л их чухал байсан. Тэгэхээр хэн нэгэнд зориулж тэр зургийг авахуулаагүй. Хэн нэг эрд биш өөртөө зориулсан. 

-С.Сэрчмаа, Ану, Насаа гээд залуу уран бүтээлчдийн урлагт хайртай байх сэтгэлд та л цучил нэмж өгдөг. С.Сэрчмаа гэхэд таны хайртай дүүгийн нэг. Хуриманд нь яагаад очоогүй юм бэ? 
-Хурим нь нэгдүгээр сарын 1 -нд байсан болохоор очиж чадаагүй. Манай онгоцны бололцоо их муу байдаг юм байна. Заавал 31-ний орой нисэх болоод байсан. Гэр бүлтэйгээ шинэ жилээ тэмдэглэх төлөвлөгөөтэй байсан болохоор амжаагүй. Мэдээж хос хоёртоо аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж байгаа. С.Сэрчмаагийн нөхрийг элдвээр муулах юм. Хятад гээд л. Хятад байсан ч яахав дээ, ер нь. Хятад хүнийг муу гэж хэн хэлсэн юм. Хүчирхэг гүрний иргэд гэдгээр нь харин ч бахархах хэрэгтэй. Гэхдээ нөхөр нь Өвөрмонголын Улаан Хад аймгийн хүн гэсэн шүү дээ. Улаан Хадынхан өвөрмонголчуудаасаа хамгийн аялга багатай ярьдаг, ар Монголжчихсон хүмүүс. Өвөрмонгол гэж ялгахгүй дээ, Монгол хүн шиг л байдаг. Тийм аймгийн хүнтэй суусанд нь харин би баярлаж байгаа. 

-Тантай ярилцаад сууж байхад арван жилийн өмнөх Сараагийн төрх шууд нүдэнд туслаа. Энэ хугацаанд та олон өөрчлөгдсөн ч нүүрний арьс, үсний засалт чинь ид шуугиулж байсан үе шигээ байна? 
-Баярлалаа. Миний үсний засалтыг Туяарах салон тодорхойлдог болоод удаж байна. Би маш эрүүл үстэй болсон. Миний үсийг хангалттай өтгөн, урт харагдуулах янз бүрийн аргууд байгаа учраас хими хийлгэх зэргээр үсэндээ янз бүрийн туршилт хийх шаардлагагүй болсон. Magic spa, Grand spa салоны туслалцаатайгаар залуу төрхөө алдчихгүй шиг байлгаж байна. Гол нь би зусландаа өөрийн гэсэн худагтай болохоор худгийн усаар нүүрээ угааж, худгийн ус уудаг. Иймд хүчилтөрөгч сайн хүлээж авч байгаа. Энэ бүгд нөлөөлж байгаа байх.
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 1705 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 0
Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Даваа, 2024-04-29, 03:45
Welcome Зочин