Нүүр хуудас » 2009 » 12-р сар » 12 » Аав нь бяцхан охиныхоо тархийг цууртал зоджээ
14:58
Аав нь бяцхан охиныхоо тархийг цууртал зоджээ

-Хэрэгтэн ганц худагт хоригдож байна-

Дөрөвхөн сартай бяцхан охиноо уйлсных нь төлөө төрсөн эцэг нь зэрэмдэг болтол нь зодож гэмтээсэн байна гэсэн мэдээллийн мөрөөр манай сурвалжлах хэсэг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийг зорьсон юм. Хэрэг тус дүүргийн XIX хороо хоёрдугаар байрны (48 айлын орон сууц байв) нэгдүгээр орцны жижүүрийн өрөөнд өнгөрсөн мягмар гаригт гарчээ.

Тухайн өдрийн 19.30 цагийн үед "Дүүргийн нэгдсэн эмнэлэгт зодуулсан хүүхэд ирж хэвтлээ” гэсэн мэдээлэл тус дүүргийн цагдаагийн хэлтэст иржээ. Ингээд ажлын хэсэг гарч хэргийг шалгахад тус дүүргийн IV хороо, Их нарангийн 2-20 тоотод оршин суух 38 настай Д.Лхагвасүрэн архи ууж, согтуурсан үедээ өөрийн дөрвөн сартай охин Л.Пүрэвнямыг зодож, гавлын ясыг нь цуулсан байлаа. Хэргийн талаар тодруулахаар тус хороог хариуцсан байцаагчтай уулзсан ч тэрбээр "Д.Лхагвасүрэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Хэрэг хүндэрч болзошгүй байна. Өмнө нь ял эдэлж байсан. Эрүүлжүүлэх байрны байнгын үйлчлүүлэгч нэгэн байсан” хэмээгээд өөр мэдээлэл өгөх боломжгүй гэв.

Гэхдээ тэд хэргийн газрыг бидэнд зааж өгөхийг зөвшөөрсөн юм. Ингээд бид эрүүл мэндээрээ хохирсон бяцхан охин, эцэг эхийн хамт амьдарч байсан орцыг зорилоо. Тэднийг амьдардаг гэх гэр нь орцны үүдэн дэх хүйтэн өрөө байв.

Архины шил, цэвэрлээгүй хоолны сав хөглөрч, ор болгож тавьсан хэдэн банзнаас өөр юу ч алга. Төрөөд удаагүй нялх охин энд амьдардаг байжээ. Орцны бяцхан өрөөнд хоног төөрүүлэх тэдний талаар оршин суугчдаас лавлахад таньж, мэдэх хүн ховор байв. Харин ажилд авсан гэх тус СӨХ-ны жижүүрийн ахлагч Г.Баасанжавтай уулзаж доорх мэдээллийг авсан юм.

-Таныг зодуулсан охиныг эмнэлэгт хүргэсэн гэж сонссон. Хэргийн талаар ярьж өгөхгүй юу?
-Эцэг, эх нь нийлж архи ууж байгаад охиноо зодож гэмтээсэн байсан. Хэрэг гарсан өдрийн орой охины ээж А.Цолмон хүүхдийн бие муу байна гэсээр гүйж ирсэн. Бид охиныг үзэхэд өндөр халуунтай, нүүр хэсэг нь хөхөрсөн байсан. Тэгээд бид таньдаг бариач дээрээ дагуулж очиж бариулсан. Бүр муудаад байхаар нь эмнэлэгт хүргэсэн.

-Охины ээж, аав хоёр танайд ажиллаад хэр удаж байна. Ямархуу хүмүүс вэ?
-Ажилд ороод удаагүй ээ. Өнгөрсөн сарын 27-нд орсон. Жилийн өмнө энд ажиллаж байгаад А.Цолмонг төрөх дөхөхөд аав ээж рүүгээ явсан. Архи ууж, гудамжны хүмүүс цуглуулаад оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулаад байхаар ажлаас нь халж байсан удаатай. Өнөөдөр А.Цолмонгийн эгч ирээд энд байсан эд зүйлүүдийг нь аваад явсан.

-Охиныг хүчиндүүлсэн байж болзошгүй гэсэн таамгийг эмч нар хэлсэн байна лээ. Аав үүнд холбоотой юу. Та энэ талаар юу мэдэх вэ?
-Тэгж сонссон. Гэхдээ энэ бол гэрчгүй хэрэг. Бидэнд хүн гүтгэх эрх байхгүй. Д.Лхагвасүрэнгийн хувьд архи уудаг ч гэсэн арай ганц төрсөн үрээ бузарлах хүн биш байх. Гэхдээ үүнийг шүүх эмнэлэг тогтооно шүү дээ. Хөөрхий бяцхан охин гудамжны архичдын гар дамжаад л явдаг байсан. Миний хувьд охиныг чадах чинээгээрээ л хардаг. Хөөрхөн булцгар цагаан охин бий дээ.

-Тэдгээр гудамжны хүмүүс охинд халдсан байж магадгүй юм болов уу?
-Сайн мэдэхгүй юм. Үгүй байлгүй дээ.

-Одоо эх охин хоёр хаана байгаа вэ?
-Эмнэлэгт байгаа.

-Хэрэг гарсан өдрийн орой А.Цолмонг хүүхдээ аваад оргосон гэж сонссон?
-Би гэрт нь сая очоод ирсэн. Ах, хүү хоёр нь байна лээ. Өчигдөр орой эмнэлэг рүүгээ буцаж очсон байна лээ.

-Өөр хүүхэдтэй юм уу?
-Найман настай сэргэлэн хүү бий. Гэхдээ А.Цолмонгийн дагавар хүү байгаа юм. Энэ хэргээс болоод хүмүүс их ирж байна. Тэр муу жаахан хүү энэ талаар сонсоод эмзэглэх вий гэж болгоомжлох юм.

-Та А.Цолмонгийн гэрийнхэнтэй их дотно бололтой. Эцэг эх нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Их цочирдсон бололтой байсан. Уг нь тийм ч муу амьдралтай хүмүүс биш.

-Тэгвэл яагаад А.Цолмон нялх хүүхэд тэврээд, орон гэргүй хүнтэй ингэж амьдарч явдаг юм бэ?
-Ядуу хүмүүсийн амьдрал хэцүү шүү дээ дүү минь. Үр хүүхэдтэй болохын цагт эцэг эх, ах дүүтэйгээ байх хэцүү. А.Цолмон тэгээд ч эхээс олуулаа. Эцэг эхэд нь гомдох хэрэг байхгүй. Ганц хүүг нь хүн шиг л өсгөж байна.

Би охиндоо хайртай

Түүнтэй ийнхүү ярилцсаны дараа бид Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Тархи, нуруу нугасны клиникт хэвтэн эмчлүүлж буй бяцхан охин Пүрэвнямын биеийн байдал ямар байгааг болон, хэргийн үед юу болсон талаар А.Цолмонгоос ярилцлага авахаар очсон юм.

Биднийг эмнэлэг рүү ороход охины эмээ, өвөө, Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн байцаагч бас ирсэн байв. Тэднийг явсны дараа түүнтэй ярилцлаа.

-Охины чинь бие ямар байна?
-Арай л дээрдэж байна.

-Эмч нар хүүхдийн гавал цуурсан байна гэсэн. Таныг архи ууж согтуурсан үедээ хүүхдээ хананд савж зодсон гэж сонслоо. Эх хүн атлаа төрсөн үрээ хайрлах сэтгэл байсангүй юу?
-Үгүй ээ. Яалаа гэж дээ. Би чинь эх хүн шүү дээ. Аав нь зодож, толгой руу нь хүчтэй цохисноос болоод гэмтсэн. Хана руу савбал энэ нялх амьтан амьд үлдэнэ гэж үү (охиноо үнэрлэж нүдэнд нь нулимс цийлэгнэж байв).

-Охиноо зодуулж гэмтэх үед та согтуу байсан уу?
-Үгүй ээ. Би ер нь архи дарс уудаггүй.

-Хэрэг гарах үед та хаана байсан юм бэ, юу болсон талаар яриач?
-Тэр өдөр охины маань аав их ууртай байсан. Дээрээс нь архи уучихсан согтуу байсан. Надад агсам согтуу тавиад охиныг маань уйлахаар уурлаж бухимдаад байсан юм. Би жаахан хоол хийх санаатай мах авах гээд ойрхон айл руу гарсан. Нэг их удалгүй ороод иртэл охиныг маань хэвтүүлчихсэн гуя, цавин дээр нь гараараа цохиод сууж байсан. Уг нь би түүнийг согтуу байх үед нь охиноо хамт орхидоггүй. Хэсэгхэн зуур орхиход тийм зүйл болно гэж бодоогүй.

-Таны нөхөр тийм харгис хүн үү, юугаа ч мэдэхгүй бяцхан амьтныг зодож байдаг. Өмнө нь танд гар хүрч байсан уу?
-Өмнө нь намайг зоддог байсан. Охиныг төрснөөс хойш харьцангуй гайгүй болсон.

-Танаас хэргийн талаар мэдүүлэг авсан уу?
-Авсан. Гэхдээ энэ талаар байцаагч ярихыг хориглосон.

-Тийм үү. Уучлаарай нэг асуултад хариулт авмаар байна. Та нөхрийнхөө үнэн байдлыг хэлж, түүний эсрэг мэдүүлэг өгч чадах уу?
-Чадна. Байцаагчийн хэлж буйгаар шоронд хийх юм шиг байна лээ.

-Тэгэхээр таныг нөхөртэйгөө эргэж нийлэх бодолгүй байна гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Дахин нийлэх бодолгүй байна.

-Та хуучин ажлаа дахин хийх боломжгүй болсон. Одоо хаана амьдарч, юу хийх вэ. Охиноо өсгөх хэрэгтэй шүү дээ?

-Тийм ээ. Эцэг эх дээрээ байхаар болсон. Ажил олж хийнэ ээ.

-Одоо охинд чинь ямар эмчилгээ хийж байна?
-Тариа хийж байгаа. Бас "Гультмин” өгч байна.

-Таныг эмнэлгээс оргосон гээд байх юм. Энэ үнэн үү?
-Оргосон гэж хэлмээргүй байна л даа. Түр гарах шаардлагатай байсан.

-Д.Лхагвасүрэн та хоёрыг архи их уудаг. Гудамжны архичдад бяцхан охиныг орхиод явдаг талаар эх сурвалж мэдээлсэн. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-Тийм зүйл байхгүй. Би охиндоо маш их хайртай.

-Сүүлчийн асуулт. Охиныг чинь хүчиндүүлсэн байж болзошгүй гэсэн?
-Байцаагч, эмч нар тэгж байсан. Гэхдээ би тэгж бодохгүй байна. Хүчтэй цохисноос л болсон байх. Миний охины гуя, цавь нь хөх няц болчихсон байгаа.

Охины биеийн байдлыг тус клиникийн эрхлэгчээс тодруулахад, одоогоор бие нь сайнгүй байгаа ч удахгүй эдгэх болно гэв. Хөөрхий бяцхан охин өвчиндөө шаналж, шөнө бүр уйлж хонож байгааг өрөөнийх нь өвчтөнүүд хэлж байлаа. Тархины цууралтыг эмчлэгдэнэ гэж эмч мэргэжилтнүүд хэлж байгаа ч насан туршдаа толгойн өвчтэй болохыг үгүйсгээгүй юм.

Ээжийнхээ гарт л багтах улаан нялзрай үрдээ эцэг, эх нь ийн хандсанд дургүйцэх хүн олон байна. Болсон хэрэг явдлын талаар ажил олгогч Г.Баасанжав, охины ээж А.Цолмон нарын яриа, бидний олж авсан мэдээллүүд зөрүүтэй байлаа.

Г.Долгорсүрэн

Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 2343 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 3
[Сэдэв] 3. | Бичсэн: | 2009-12-13


araichdee vneheer heleh vg oldohgvi bna ymar ch hetsvv yumdaa huurhiii ohin
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2009-12-12


ter muu hogiin etseg geed bga har arhichiniig snuud buud esvel snuud boobiig ni ogtol buzartai har drak be ene lav hyn bish bhaa
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: Uyangush | 2009-12-12


yamar teneg eh ve,,,nyalh uree avaad gaduur honoj yavj bdag eej aav deeree bj bhgui esvel huuhdee etseg eh deeree orhiod arhichin nohroo dagaj yavky....
hoorhii 4 hon sartai gej bn shd..yaj huchindeh yum be itgemeergui yum.....
hoorhii ohin ....nulims garah ni...
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Мягмар, 2024-05-14, 19:53
Welcome Зочин