Нүүр хуудас » 2010 » 4-р сар » 6 » Хятадад Монголын хоёр иргэн цаазлуулжээ
13:36
Хятадад Монголын хоёр иргэн цаазлуулжээ
Хятадад хар тамхины хэргээр Японы дөрвөн иргэн цаазаар авахуулах ял сонсчээ. Энэ шийдвэрт нөлөөлж чадахгүй ч харамсч буйгаа Япончууд илэрхийлсэн байна. Хууль чанга өмнөд хөршид манай иргэд ч мөн адил зохион байгуулалттай гэмт хэргийн золиос болох нь нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар Хятадад хоёр Монгол залуу цаазаар авахуулж, 13 эмэгтэй хүний наймааны хохирогч болж, 30 Монгол ял эдэлж байгааг албаны эх сурвалж мэдэгдэв.

Өнгөрсөн сард "Зууны мэдээ” сонин хар тамхины хэргээр Хятадад хугацаагүй хорих ялаар шийтгэгдсэн Л.Байгальмаатай гэр бүлийг нь уулзуулаад ирсэн. Л.Байгальмаагийн нэгэн адил ядуугийн эрхээр хар тамхи, хүний наймааны хохирогч болж хэрэгтний ширээний ард сууж буй иргэдийнхээ асуудлаар Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга бөгөөд зөвлөх Я.Ариунболдтой ярилцсанаа хүргэе.
-Бээжинд Монгол Улсаа төлөөлж суугаа Консулын ажилтантай ярилцах сэдэв олон бий. Энэ удаад гэмт хэрэгт холбогдож буй иргэдийнхээ асуудлыг хөндмөөр байна?
-Манай иргэд хууль мэдэхгүй, гэнэн итгэмтгий байдлаасаа болж зохион байгуулалттай гэмт хэргийн золиос болох нь нэмэгдсэн. Өнгөрсөн жилийн байдлаар визний зөрчил, хулгайн хэргээр цагдаад саатуулагдсан 96 иргэн байна. 2009 оны тайлангаас харахад манай Консулын хэлтэст 1370 хүн өргөдөл өгч, цахим шуудангаар лавлагаа хүсэлт гаргасан иргэд 2000-д хүрсэн. 2008 онд давхардсан тоогоор 790 мянга гаруй хүн БНХАУ-д зорчино гэж хилийн боомтоор гарсан. Дамжиж өнгөрсөн хүний тоог оруулаагүй гэхээр ямар их урсгал байгааг илтгэж байна. Өнгөрсөн оны байдлаар 2061 иргэн хүчин төгөлдөр визтэйгээр БНХАУ-д амьдарч байна. Үүнээс 2377 нь оюутан. Энэ олон иргэдийн хөдөлгөөн байхад элдэв асуудал гарахгүй гэх нөхцөл алга.

Хятадад хугацаагүй хорих ялаар шийтгэгдсэн Л.Байгальмаа гэхэд 2004 грамм хар тамхи хилээр оруулахыг завдаж, үйлдэл дээрээ баригдсан. Эрүүгийн хуулиар 50 грамм геройн зөөвөрлөсөн хүнийг цаазаар авах ялтай. ГХЯ, манай Консулын хэлтэс "Энэ хүн бусдад хууртагдсан, хар тамхи гэдгийг анхнаас нь мэдээгүй учраас шүүх ажиллагаа шударга, энэрэнгүй явагдана гэдэгт итгэж байна. Хатуу ялын заалтыг хөнгөрүүлэх боломжтой нөхцөлүүдийг харгалзан үзээрэй” гэдэг талаас шүүхэд мэдүүлж байсан.

Энэ бүхний хариуд Л.Байгальмаад оногдох ялын дээд хэмжээг өөрчилж, бүх насаар нь хорих болголоо. Цаашид бид Л.Байгальмаагийн ялыг 20 хүртэл жил болгож хөнгөлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ийм туршлага ч бий. Тухайлбал, хугацаагүй ялаар шийтгэгдсэн хүн 1-2 жилийн дараа хугацаатай ялд шилждэг. Мөн хорих ангидаа хэрхэн хүмүүжиж байгаагаас ялыг бууруулна. Энэ бол зөвхөн шийтгээд юм уу шийтгүүлээд өнгөрчих асуудал биш, цааш үргэлжилнэ. Л.Байгальмааг Бээжингийн Эмэгтэйчүүдийн хорих ангид хуваарилагдсаны дараа манай Консулын газраас эргэсэн. Энэ удаад та бүхэн гэр бүлийг нь уулзуулахаар авчирсан байна. Цаашдаа сард нэг удаа эргэх зөвшөөрөл олгогдож байгаа учраас гэр бүл нь ирээд уулзах боломжтой.

-Хятадын хууль чанга. Харамсалтай нь манай иргэд сэтгэл түгшээсэн хэрэгт холбогдох нь нэмэгдлээ?
-Хар тамхины хэргээр манай 10 иргэн саатуулагдсанаас шүүхээр давж заалдаж, шалгагдаж байгаа хүн ч бий. Арван хүний наймынх нь ял үндсэндээ шийдэгдсэн. Хар тамхи зөөх нь мөнгө олох хялбар арга гэж ойлгоод байх шиг. Энэ нь асар их хохирол дагуулдаг, эрүүгийн гэмт хэрэг. Манай ЭСЯ хамаардаг Консулын төлөөлөгчийн газарт бүртгэгдсэнээр нийт 30 орчим иргэн БНХАУ-д ял эдэлж байна. Халуун, чийглэг уур амьсгалтай Хятадын урд мужуудад ял эдэлж буй хүнийг хуурай, сэрүүн нөхцөлтэй шорон руу шилжүүлдэг. Харин Бээжинд хоригдож байгаа хүмүүс өөр газарт шилжих хүсэлт гаргаагүй. Уур амьсгал, орчин нөхцөл нь Монголтой адил болохоор тэр байх.

Манай иргэд зохион байгуулалттайгаар хулгайн хэрэг үйлдэж, насанд хүрээгүй хүүхдийг татан оролцуулж, хилээр оруулахыг хориглосон галт зэвсэг, ангийн үс, эвэр зэргийг оруулж ирж энэ улсын хуулийг ноцтойгоор зөрчиж байна. Нэг ирвэсний арьс 200-250 мянган юаниар үнэлэгддэг. Гэтэл Хятадын Эрүүгийн хуульд 200 мянган юанаас дээш хэрэгт хугацаагүй хорих ялтай. Манай нэг иргэн ирвэсний арьс авч яваад хил дээр баригдаж, хугацаагүй хорих ялаар шийтгэгдсэн.

-Хятад Монголын хооронд ялтан солилцох гэрээ хэлэлцээр байгуулагдаагүй юм билээ. Үүнийг хийхэд хэцүү юу?
-2006, 2007 онд Консулын зөвлөлдөх уулзалтаа ХЗДХ-ийн сайд зарим иргэнээ шилжүүлэн авах асуудлыг хөндсөн. Ингэснээр хоёр улсын хооронд ялтан шилжүүлэх хэлэлцээр байгуулахаар ярилцаж байна. БНХАУ ийм хэлэлцээрийг 14 улстай байгуулсан. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд няхуур ажиллагаа шаардагдана. Ялыг нь нөгөө улсад хэвээр байлгах гэхчлэн асуудал бий. Эхний ээлжинд таван ялтанг шилжүүлэх ёстойгоос нэг иргэн өөрөө татгалзсан. Нөгөө нь жил найман сарын ялтай байснаас магадлангаар орж хугацааныхаа өмнө суллагдаад гараад явсан. Өнгөрсөн оны сүүлчээр нэг ялтанг эх оронд нь буцааж ялыг нь үргэлжлүүлэн эдлүүлж байгаа. Одоо хугацаагүй ялаар шийтгэгдсэн иргэний ялыг хугацаатай болгоход анхаарч ажиллаж байна. Хэдийгээр хугацаагүй ялтай иргэнийг шилжүүлсэн практик Хятадад байхгүй ч дээрх тохиолдол бүр ямар боломж байдгийг харуулна.

-Монгол охид энд олноор биеэ үнэлж буй нь нутаг нэгтнүүдийнхээ сэтгэлийг зовоож байдаг?
-Олон улсын байгууллага хүн худалдах, биеэ үнэлэх хоёрыг давхцуулж болохгүй гэдэг. Биднийг Хонгконгт очиход гадаадын биеэ үнэлэгч нартай ажилладаг ТББ байгууллага байсан. Тэд биеэ үнэлэгчдэд эрхээ хамгаалах аргыг нь зааж өгдөг юм билээ. Биеэ үнэлэх нь хоёр гурван асуудалтай холбогдоод байна. Хүн худалдах суваг болох, хоёрт хар тамхи мансууруулах бодис хэрэглэх хэрэглэгчдийг бий болгож байна. Албан бус мэдээллээр 40 сая биеэ үнэлэгч Хятадын баар, караокед байдаг. Миллиард хүнд 40 сая бага боловч энэ нь манай хүн амаас хэд дахин их. Дан ганц Хонгконгт гэхэд 200 монгол эмэгтэй биеэ үнэлдэг судалгаа бий. 2007 онд Консулын зөвлөлдөх уулзалтын үеэр Эрээн дэх Улаан гудамж садар самууныг дэлгэрүүлж, хууль зөрчиж байна. Иймд хаах хэрэгтэй талаар ярилцсан. Хятадууд ийм газрыг хааж болно гэж байгаа ч зохион байгуулалттай хэлбэр рүү шилжих аюултайг мэдэгдсэн. Үнэхээр ч Улаан гудамж зөвшөөрөгдөөгүй байхад Эрээнд хэрэг зөрчил ихээр гардаг байсан. Харин одоо тэнд бүх зүйл камерын бичлэгт орно. Хүн алга болох, хүний наймаанд өртөх аюулаас энэ бүхэн сэрэмжилж байдаг. Хүн худалдах гэмт хэрэг амь насаа алдаж байж дуусдаг учраас иргэд маань болгоомжлох нь чухал. Монголчууд маань дуртай зүгтээ зорчиж, эрхээ эдэлдэг шигээ үүргээ биелүүлдэггүй. Наад зах нь Консулын газартаа амьдарч буй хаягаа бүртгүүлдэггүй. Байнга холбоотой байхгүй бол энэ том газарт манай иргэн хаана ямар хэрэгт хохироод явж байгааг мэдэх арга бидэнд байхгүй.

-Манай хоёр ч иргэн Хятадад цаазаар авахуулсан гэдэг үнэн үү?
-Тийм явдал болсон. Монголын хоёр иргэн хүн амины хэргээр цаазаар авахуулсан. Миний санаж байгаагаар тухайн үеийн "Чингис” хоолны газарт манай иргэд архи хэтрүүлэн хэрэглэж тэнд байсан хятадуудтай маргалдсанаар таван хүнийг ноцтой гэмтээж, хоёрынх нь аминд хүрсэн. 14 жилийн өмнө цаг цөвүүн байлаа. Тэд жирийн хүмүүс биш байсан учраас манайхан ч өөрсдөө холуур өнгөрдөг байж. Хүний амь насыг санаатай, хэрцгийгээр хөнөөсөн гэсэн үндэслэлээр ялын дээд хэмжээ авахуулсан. Одоогоор хар тамхины хэргээр Ж.Дамдинд цаазын ял оноочихоод байж байна.

-Консулын зүгээс Ж.Дамдиныг эргэж очсон уу?
-Өнгөрсөн оны сүүлчээр бид Ж.Дамдинг эргэсэн. Цас ихтэй, хүйтэн байсан болохоор манай иргэн яаж байгаа бол гэсээр очсон. Харин санасныг бодоход түүний бие, сэтгэл санаа сайн байна лээ. "Надад сайн ханддаг, шоронгийн нөхцөл дажгүй байна. Хүйтэн болоод ирэхээр шоронгийн хуяг дулаан хувцас өгдөг. Саяхан хатгаа аваад эмнэлэгт хэвтээд эдгэрсэн” гэсэн. Манай Консулын алба энэ хэрэгт анхаарч ажиллаж байгаагаа хэлээд ирсэн дээ. Ж.Дамдингийн хувьд хэрэг нь давж заалдах шатандаа яваа. Түүнд ялын дээд хэмжээ оноож, хорих анги руу нь өнөөдрийг хүртэл шилжүүлээгүй, урьдчилан саатуулах байрандаа байгаа. Энэ мэтээр иргэдээ ял эдэлж буй газар нь эргэж очих, ар гэрийг нь уулзуулах ажлыг бид хийдэг. Хятадын хамгийн урд мужид ял эдэлж буй хүнтэй хүний эрхийн байгууллагын дэмжлэгтэйгээр ээжийнх нь бүх зардлыг дааж, уулзуулчихаад ирсэн. Яривал олон зүйл байна.

-ЭСЯ-наасаа тусламж хүсэх зүйл их гардаг байх?

-Манай иргэд хэл мэдэхгүйгээс БНХАУ болон өвөрмонголчуудад ямар ч гэрээ, баримтгүйгээр мөнгөө өгчихөөд дараа нь алдчихлаа, яаж ийж байгаад мөнгөө авахад туслаач гээд ирдэг. Хүүхдийн маань сургуулийн төлбөр дутаад 2000 юань зээлээч, эгчийгээ мэс засалд оруулж өгөхгүй бол энд чинь үхээд өгье гэнэ. Зарим иргэн галзуурсан тохиолдол ч гарсан. Галзуу гээд цээрлэхгүйгээр туслах л болдог. Цагаан сарын үеэр нэг эмэгтэй амиа хорлосон. Талийгаач эгч, найзынхаа хамтаар айлын хажуу өрөө хөлсөлж амьдардаг байж. Хаалганаасаа цувныхаа бүсийг гогцоолж хавчуулаад амиа хорлосон байсныг байрных нь эзэн олж хараад цагдаад мэдэгдсэн байсан. Энэ мэт хүний амь настай холбоотой хэрэг хамгийн хэцүү. Өнгөрсөн онд Монголын зургаан иргэн нас барсан мэдээ бий. Үнэхээр амиа хорлосон уу, бусдын гарт амь насаа алдчихав уу гэдгийг шалгуулж, тогтоолгох ажил гардаг. Ямар ч хүний ар гэр гомдолтой байдаг учраас тэр бүхэнд бодит мэдээлэл өгөх нь чухал. Зарим үед чандрыг нь авах, шоронд байгаа хүүхдээ эргэх мөнгөгүй хүмүүс ч байх юм. Энэ бүхэнд болохоос болохгүйг нь хүртэл явдаг даа. Зарим үед иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эрхээ хэтрүүлэх явдал ч гардаг. Ажилтны маань хүүхэд нь төрөөд наймхан хоногтой байхад нас барсан иргэний хэргийн араас явуулах амар байдаггүй. Гэтэл Монголд буруу ташаа мэдээлэл их гардаг шиг байна лээ. "Монголын иргэн бусдад хууртагдаж хохирогч болчихлоо” гэдгээр аль болох иргэнийхээ ялыг хөнгөлүүлэхээр явж байхад Монголд тэс хөндлөн юм гаргаад байвал эндэх асуудлыг хааш нь ч эргүүлж мэдэх аюултай. Ингэснээр бид дараагийн хүнд туслах ямар ч боломжгүй болно гэдгийг бас бодож байгаасай.

-Хятад хүнтэй гэр бүл болох явдал хэр гардаг вэ?

-Оюутан ихээр байдаг газар монгол оюутнууд хоорондоо гэрлэх нь элбэг. 2009 оны байдлаар долоон гэр бүлийг бүртгэж гэрчилгээ олгосон. Гадаад хүнтэй гэр бүл болох нь сонин. Эхлээд Хятадын хуулиар гэр бүлээ бүртгүүлээд Монголд очихдоо дахиж бүртгүүлдэг. Хятад эхнэртэй олон жил хүндээр өвдсөн нэг залуу өнгөрсөн жил нас барсан. Эхнэр нь туслаач гэж уйлаад ирж байлаа. Ерөнхийдөө ямар нэг асуудал гарвал тэд ирдэг юм. Бусдаар бол хятад хүнтэй суух асуудалд консул оролцдоггүй.

-Таны ярианаас үзэхэд манайхан өвдлөө хавдлаа, туслаарай гэх үедээ л Консулд ханддаг бололтой?

-Тэр үнэн. Өвдөж хавдах гэснээс жилд 30 мянга орчим хүн зөвхөн эмчлүүлэхээр ирдэг тооцоо бий. Монголчууд ихээр үйлчлүүлдэг эмнэлгүүдэд монгол хэлтэй орчуулагч авч, тусгай тасагтай болгох санал тавьчихаад байна. Манайхан эмчлэх боломжгүй гэсэн үед эцсийн горьдлогоо тээж ирдэг болохоор сэтгэл зүйн хувьд ч энэ ажил чухал нөлөөтэй. Чихрийн шижин өвчтэй хүн эмнэлгийн тусламж авахынхаа өмнө зочид буудалдаа нас барсан тохиолдол ч гарсан. Нөгөө талаар эрүүл мэндийн орчин үеийн томоохон төвтэй болох асуудалд манай Засгийн газар анхаарч эхэлсэнд баяртай байгаа. Тэгэхгүй бол хамаг валют чинь наашаа урсаад байна шүү дээ.




Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 3256 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 5
[Сэдэв] 5. | Бичсэн: | 2010-04-07


hmmm.....mongolchuud ch mongolchuud ym daa negniigee zaraad yvj bdg teneg humuus shuu odoo yaay gehev.....ghde l ochij ochij muu chinenese.d ochij tsaazluulj bdg......
Хариу:

[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-04-06


xarin tiimee 1t gehshig teneg mal chine uhvel taarna
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-04-06


Hyataduud huniihee tuluu ih yum hiij zutgej baihad, Manai Mongoliin elchin yu hiij baisan yum. Ochson Mongolchuudad hudlaa tomrood l suuj baidag baisan shd ee. Ashig naimaa haij, hoolond orood l suuj baisanaas Mongol hunii asuudliig tuund heregteigeer shiideed ugchihuye gej yer ni huutsulduj baisan yumuudaa. Tend bi 2 udaaa ochihod uuriiguu elchin consul bish Tsgadaa geed oilgochihson neg nuhur Amar ch biluu hen bilee Haan shig zagnaad Mongolchuudiig doromjlood suuj baisan l yumdag.
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-04-06


hunii amidral zovlon gj bhad hi 1t ged bj bdag chi ch eostoi mal ymdaa iimerhuu maluud ni tend bj bhad yadag bnaaaa
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-04-06


1-t uzleee shoo kkk
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Баасан, 2024-05-10, 15:41
Welcome Зочин