Нүүр хуудас » 2010 » 4-р сар » 20 » Хор цацсан гэмтэн сураггүй болж, 22 настай охин хөлөө өөрөө тайрсан гэв үү?
10:38
Хор цацсан гэмтэн сураггүй болж, 22 настай охин хөлөө өөрөө тайрсан гэв үү?

Газар гэсч эхэллээ. Байгаль дэлхий өнгөө засч, урин дулаан наашлахад хүүхэд, хөгшидгүй баярлаж, гадаа тоглох, нарлаж суух, шатар нүүлгэх гээд дуртай "ажлаа” хийх цаг. Хонгор сумын газрын хөрсөнд унтаа байсан өнөөх гайхал "хор” нь агаарт дэгдэж, хөрсөнд нэвчээд өвчлөл ихэсгэдэг тул тэндхийнхэн энэ улиралд бусдаас эсрэгээр ханддаг. Хордлогогүй гэсэн дүгнэлт гарсаар байтал иргэд нь яагаад улаан, ягаан өнгөтэй, идээ бээр, шүүсэндээ баригдчихсан хүнээс өөр "амьтан” болчихсон байдаг тухай хэвлэлээр бишгүй л бичиж байна. Хорын голомтот бүс нь сумын төвөөсөө нэг километр орчим зайтай. Тэнд ихэвчлэн казах иргэд амьдардаг юм байна. Тэднийхээс 100 метр ч хүрэхгүй газарт мөнгөн ус цутгасан гэх нуур цэнхэртэн харагдана. Нуур захаасаа гэсчээ. Гэсэх тусам аюултай гэнэ лээ. Хортой уур агаар мандалд тархаж, иргэдэд улаан, алаг арьсны өвчин "тарьж” эхэлнэ. Төмөр, төв замтай холбогдож, хөгжиж цэцэглэх боломжтой, дэд бүтэц сайтай хэрнээ Хонгорын ихэнх иргэн дайжжээ.

Тэд өөрсдийгөө "Хортой ч нутагтаа үлдсэн нь баатар шүү” хэмээнэ. Хонгорт 5600 иргэн амьдардаг гэсэн тоо байна. Гэхдээ бодит байдалд энэ тоо өмнөхөөс ч цөөн гэнэ. Иргэдийн ярьж буйгаар 2300 орчим иргэн л алданги ононги ирж, очоод амьдардаг юм байх. Тэдэнд зориулан улсын төсвөөс 1.2 тэрбум төгрөг зарцуулж, Дарханы усан цахилгаан станцаас ус татсан ч тэр нь хорын голомтот бүсэд амьдардаг иргэдэд хүртээл ч үгүй, ховор эд юм байна. Хятадуудын асгасан мөнгөн ус хорт нуурын ойролцоох айлуудад ус суваг татаж өгөөгүй байна. Суваг татах ажлын төсөв, санхүү нь сумын Засаг даргын Тамгын газрын үүдэнд аваачаад л дуусчихаж. Гэтэл голомтот бүсэд амьдарч буй иргэд нь өнөөх мэргэжлийн байгууллагуудаас "Хортой шүү, ууж болохгүй, уувал үхнэ” гэсэн ч худгийн уснаас уусаар л байна. Өөр аргагүй. 10 километрийн цаанаас ус авчрах, зөөвөрлөх машин тэрэг, хүн хүчээр ховор аж.


Бидний зочилсон эхний айл Н.Мөнхтогос гуайнх. Энүүхэндээ гэхэд хордсон, өвдсөн айлыг Хонгороос хайгаад нааш, цааш гүйх зовлонгүй юм. Эхний хаалга тогшоод л уулзана. Н.Мөнхтогос эгчийнх бусад айлаа бодвол аж ахуйч гэж жигтэйхэн. Хашаандаа ногооны хүлэмж байгуулж, одоо дугуй завсрын төвтэй болохоор ажиллаж эхэлсэн байна. Гэрт ороход 90 гарсан хоёр буурай хүнд зодуулсан мэт хөх алаг болчихсон хэвтэж байх юм. "Ийм настай хоёр буурай хоорондоо зодолдоно гэж баймааргүй юм даа, юм мөргөөд уначихаж дээ, хөөрхий” гэсэн юм бодчихоод учрыг асуувал хортой усны нөлөөгөөр улаан алаг цэврүү үүсч, өдгөө хөх алаг болж даамжирсан нь тэр гэнэ. Тэднийг эмнэлэгт үзүүлэхээр "зөнөглөлтийн маажуур өвчин” гэж оношилдог байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд болон эрүүл мэндийн яамныхан "Та нар хамуу өвчтэй байж Хонгор мөнгөн уснаас болж хордсон гэж зарлахаа боль” хэмээн хэд, хэдэн удаа загнаад авсан гэнэ. Гэрийн эзэгтэй Н.Мөнхтогостой ярилцлаа. Тэрээр "Охиноо хөлгүй болчихсонд сэтгэл минь шаналж байна. Тэр маань дөнгөж 22-хон настай. Амьдралын зам урт шүү дээ. Гэтэл залуугаараа ингээд хөлгүй болчих гэж” хэмээн уйлна. Охин Б.Мөнхзул нийслэлд эмчилгээ хийлгэж байгаа юм байна.


"Охин маань идээт үрэвслээс болж хөлгүй болсон. Энэ хордлого биш үү”


-Охин чинь хөлгүй болсон. Өвчний шалтгаан нь юу байсан юм бэ?

-Юу байх вэ дээ. Хорноос үүдсэн үрэвсэл. 2008 оны дөрөвдүгээр сард охины маань хөлний уланд цэврүү ургасан. Энэ бол манай сумд хордлого эрчимтэй илэрсэн үе. Хөлийнх нь улан дээр нь гарсан цэврүү даамжраад байсан учраас бид охиноо намар нь хагалгаанд оруулсан. Өөхөн хавдар гэж оношилсон. Химийн эмчилгээ хийлгэсээр байгаад үс, сормуус нь халцраад уначихсан. Эмэгтэй хүн гэхэд гоо сайхан ч үгүй болчихлоо. Охиныхоо эрүүл мэндийн төлөө ард түмнээс тусламж хүсмээр байна. Хаан банкны 5054067513 тоот дансаар бидэнд тусламж үзүүлээрэй гэж гуйя.

-Эмчилгээний зардалд багагүй хэмжээний зардал гарсан байх?

-Тоймгүй их. Байгаа бүхнээ зарахыг нь зарж, ах дүү нараасаа зээлсэн. Манайх гэдэг айл өнөөдөр 90 хүрч байгаа энэ хоёр хөгшний тэтгэврээр л амьдарч байгаа шүү дээ. Би охиныхоо эрүүл мэндийн нөхөн төлбөрийг төрөөс нэхэмжилж байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хордсон нь үнэн гэсэн дүгнэлт явуулаад байхад Эрүүл мэндийн яамныхан "Хордоогүй ээ” гэж зөрүүдлэх юм.

-Нутгийн иргэд дайжаад явсан тухай олон хүн ярьж байна?

-Тэр үнэн. Олонхи нь нийслэл эсвэл Дархан руу нүүцгээсэн. Гэхдээ энд бүртгэлтэй хэвээрээ. Хонгорын иргэдэд төрийн буцалтгүй тусламж үзүүлэхэд эргээд ирнэ гэж найдсандаа тэр. Манай суманд 5000 орчим иргэн бүртгэлтэй байдаг ч өнөөдөр 2000 гаруй нь л амьдарч байгаа. Тэр ч бүү хэл, сумын Засаг дарга Ч.Чүлтэмээс эхлээд эмнэлгийн ерөнхий эмч Ц.Цэцгээ гээд сумын удирдлагууд Дарханд амьдардаг.

-Хордлогыг нуун дарагдуулах ямар шалтгаан байгаа гэж та боддог вэ?

-Мөнгөн ус асгасан гол хятад хүн нь өнөөдөр олдохгүй, цагдаагийн байгууллагынхан интерполоор эрэн сурвалжилж байна. Эцсийн дүндээ энэ бол хариуцлагагүй тогтолцооны илрэл. Мөнгөн усыг гаалиар анх оруулж ирэхэд шалгасан байцаагчийнх нь гар зумраад унаж байсан юм гэсэн. Тэгсэн атлаа яагаад наашаа оруулчихсан юм бол. Гайхаж байна. Үүний цаана хэн нэгэн эрх мэдэлтэн л байж таараа. Гэтэл биднийг "Хамуу, тэмбүүгээ чирчихээд арчаагүй юм” гээд л доромжилж байна.

-Хонгорын эмч нар хүнд нөхцөлд ажиллаж байгаа гээд нөхөн төлбөр авсан гэсэн?

-Тийм ээ үнэн. Тэд хүнд нөхцөлд ажиллаж байгаа юм бол бид ямар нөхцөлд амьдарч байгаа болж таарах вэ. Төсвөөс бидэнд зориулж 10 сая төгрөгийн эмнэлгийн тусламж үзүүлэхээр болсон ч тэрнийг нь хүртсэн иргэн алга.

Ийнхүү бидний яриа улс төржих шинжтэй, уцаарлангуй болоод явчихлаа. Арга ч үгүй биз. Түүний охин хөлгүй, өтөл буурайнууд нь өвчинд баригдаж алаг цоог болжээ. Эмнэлэгт үзүүлээд ч нэмэргүй гэнэ. Эмч нар нэг л зүйл хэлнэ. "Насны доройтол. Хонгорт хор байхгүй” гэж.


Дараагийн зочилсон айл маань талийгаач Ч.Шаравхааных. Тэрээр сүрьеэгийн оноштойгоор Монголын хэд, хэдэн эмнэлгийн дунд "шидэгдэж”, эмчилгээ авалгүй байсаар таалал төгсчээ.


Өдгөө бидний дунд байхгүй болсон түүнийг эмч нар сүрьеэтэй гэж оношлон хот руу явуулсан ч нарийн мэргэжлийн эмч нар сүрьеэгүйг нь гурван удаагийн шинжилгээгээр нотолсныг түүнтэй насаараа ханилсан А.Бавнай эмгэн хэлэв. Эцэстээ Ч.Шаравхааны гэдсэнд хагалгаа хийхэд эрүүл эрхтэн олдоогүй, бүх эрхтэн нь идээлсэн байж. Гэдэс дотор нь битүү идээлсэн байхыг харсан эмч нар шулуун гэдэсний хорт хавдар гэж оношилсон байв. Талийгаачийн дүү Ч.Шарухан мөн л ийм өвчнөөр өвдчихсөн, тарчилж байна. Тэрээр сангийн аж ахуйд насаараа жолооч хийсэн, элдэв өвчин зовлон хэлдэггүй байсан мөртлөө өнгөрсөн намраас хойш гэнэтхэн "орны” хүн болчихож. Хөл, шилбэнээс нь идээ, ус зэрэгцэн гоожиж, хөл гар нь тэр чигтээ хавангаар дүүрчээ. Насаараа трактортай нөхөрлөж, эхнэр авч ч амжилгүй 60 насыг шүргэсэн байна. Өдгөө түүнийг бэргэн эгч нь асарч тойрон яваа. Ч.Шарухан үгээ арайхийн зөөж, бидэнтэй цөөн хором ярилцлаа.


"Бие өвдөөд байна. Эмчлээд өгөөч”

"Ах нь бараг үхлээ хүлээж байна. Миний бие өнгөрсөн намраас хойш л гэнэтхэн муудчихсан. Эмч нар үзээд уушги чинь устсан байна. Сүрьеэ тусч гэсэн л дээ. Надад ямар юмных нь өвчин байх вэ дээ. Энэ хор л байж таарна. Ах маань миний энэ өвчнөөр өвдөж таалал төгссөн. Би энэ насандаа эмнэлэгт хэвтэж үзээгүй хүн. Үнэн шүү. Ноднин жилээс л эхэлж биеэр юм туурч эхэлсэн. Тэгснээ өнөөх нь арилаад идээт үрэвсэл болчихсон. Эмч нар хааяа нэг ирж тарьчихаад яваад өгдөг. Өөр ямар ч эмчилгээ алга. Би өвдөөд байна. Эмчлээд өгөөч” хэмээн санаа алдангуй хэвтлээ. Түүнд үүнээс цааш ярих тэнхэл алга. Дараа¬гаар нь нөхрөө алдаад удаагүй байгаа А.Бавнай гуайнхаар зочиллоо.

"Хань маань хорт хавдраар өвчилсөн байтал сүрьеэтэй гэж гүрийсээр амийг нь авсан”


"Талийгаач маань 40 гаруй жил сангийн аж ахуйд ажилласан. 2008 оны аравдугаар сараас эхэлж юунаас болсон нь тодорхойгүй өвдөж эхэлсэн. Дарханы эмнэлэгт очоод үзүүлтэл эмч нар нь шулуун гэдэсний дархлаатай гэж оношилсон. Гэтэл хорт хавдар байсан юм билээ. Хавдар байсныг мэдээд өөрөө, "Хагалгаа хийлгэнэ. Би зүгээр болно” гэж хот руу явсан юм. Тэгээд нэгдсэн нэгдүгээр эмнэлэгт үзүүлтэл сүрьеэ байна, сүрьеэгийн эмнэлэгт оч гэж зөвлөсөн. Харин тэр эмнэлэг нь сүрьеэ биш гэсэн. Нөхөр маань хагалгаанд орохдоо "Үхсэн ч гомдолгүй” гэж гарын үсэг зурсан. Гэвч хагалгаа амжилтгүй болсон. Эмч нарын ярьснаар дотор эрхтэн нь авах юмгүй, шар будаа шиг тарсан байсан гэсэн. Миний нөхөр энэ хордлогоос л болж нас барсан. Сумын эмч нар түүнийг огт ирж үзээгүй. Муу ч, сайн ч гэсэн тэд ирж үзэх ёстой биз дээ.

Эл байдлыг эсэргүүцсэн нэг нь гадуурхагдана. Иргэд яранд бариулж, гэдэснээс нь идээ бээр гарсаар байгааг харсаар, мэдсээр байгаа эмч нар харин хамуу гэсэг онош тавина. Албан бус тоогоор 52 иргэн тодорхой шалтгаангүйгээр идээт бээрэнд баригдаж нас баржээ. Цаашид ч энэ нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Хонгорыхныг яах вэ.

Тэд хорвоогийн жам ёсоор нас барсан

Энэ талаар Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвасүрэнгээс асуухад ийм хариулт өгөв.

-Хонгор сумын хордлого дахин сэдэрч хүн, мал хордож байгаа гэдэг үнэн үү?

-Сүүлийн үед тийм яриа гарч байгаа. Орон нутгийн болон төвийн хэвлэлүүдээр Хонгорт хордлого дахиж гарсан, иргэд хорт хавдар тусч, мал олноороо үхэж байгаа гэсэн үндэслэлгүй мэдээлэл цацах болсон. Үүнээс болж орон нутагт үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэд хохирч байна. Манай сум 5640 гаруй хүн амтай. Үндэслэлгүй энэ асуудал олон хүний нэр төрийг унагаж байгаа юм.

-Сумын иргэд өөрсдөө "Хордлого дахин дэгдэж, хордож байна” гэж байгаа шүү дээ?

-Бид мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд итгэхгүй бол юунд итгэх билээ. Сүүлд, энэ сарын эхээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төв лабораторид хийсэн шинжилгээгээр Хонгор суманд ямар нэг химийн хорт бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү гараагүй гэсэн албан ёсны дүгнэлт гарсан.

-Таныхаар Хонгор суманд хордлого байхгүй гэсэн үг үү?

-Тийм ээ. Манай сумын иргэдийн амьдралаа залгуулж буй гол үйлдвэрлэл бол газар тариалан, мал аж ахуй. Эдийн засгийн гол салбар нь тэр. Гэтэл малчид сүүгээ, тариаланчид ногоогоо борлуулах гэхээр хортой гээд авдаггүй. Бид үүний зовлонг амсч байна.

-Одоо ч хүмүүсийн биеэр тууралт гарч, зарим нь эд эрхтэнээ тайруулж, зарим нь нас барж байгаа биз дээ?

-Бурхны оронд залардаг нь хүний амьдралын жам. Одоо элдэв юм яриад явж байгаа хүмүүс нас барсан хүн болгоныг л хорноос боллоо гээд байгаа юм. Хүн өвдөж болно. Өвчин тусах, хүн нас барах, мал хорогдох л юм бол хорноос боллоо гэж туйлширч байна.

-Тэгвэл хүмүүсийн биеэр тууралт гарч байгаа нь таны бодлоор юунаас болсон юм бол?

-Мэдэхгүй. Саяхан ийм асуудал гарахаар нь 10 жилийн хоёр сургууль, дотуур байр, цэцэрлэгт Тамгын газраас ажлын хэсэг гаргаж бүх хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан. Хамуурч, тууралт гарсан ямар ч асуудал байхгүй байна лээ.

-Сумын удирдлагууд аймгийнхаа төвд амьдардаг гэсэн. Өөрсдийнхөө хоол цайг хүртэл зөөдөг гэж иргэд ярьж байна. Энэ үнэн үү?

-Гаднаас ажилдаа явах бол хаана ч байдаг асуудал. Би гэр бүлээрээ Хонгортоо л амьдардаг. Надад санаа зовох юм алга. Сумын Засаг дарга болохоор аймгийн төвөөс томилогдсон хүн гэр нь тэнд бий. Тэгээд ч мэргэжлийн байгууллагын шинжилгээгээр хүн амьдарч болно гэсэн дүгнэлт гарсан.


Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 2124 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 2
[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-04-20


ene olon hun ingej idee beerendee barigdaj baihad Eruul mendiin yam, ter toriin ondorlogt baigaa huvalznuud toohgui baigaa ni oilgomjtoi shuu dee. Ene mongon usiig oruulsan hujaagaas medeej ih hemjeenii hahuul avsan hun ni toriin ondorlogt baigaa bolohooroo l ene asuudliig guivuulj, uguisgej, nuun darj baigaa ni hend ch oilgomjtoi bna. Ter hahuul ni medeej nasaaraa ideh ih mongo baigaa ni todorhoi. muusain huvalznuud
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: joe3636 | 2010-04-20


тєр засаг минь юу л болоод байна даа.ард тvмэн чинь ємхий хужаа нараас болоод vхэж vрэгдэж байхад тоохгvй энэ тєрийн єндєрлєгvvдэд хэлэх муу vг дуусчээ новш гэж арайч дээ
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Баасан, 2024-05-10, 09:30
Welcome Зочин