Нүүр хуудас » 2010 » 5-р сар » 22 » З.Алтай: УИХ-д шударга нь ч байгаа, баригдахгүй том том хусдаг нь ч байна, тэднийг барихад их хэцүү
11:41
З.Алтай: УИХ-д шударга нь ч байгаа, баригдахгүй том том хусдаг нь ч байна, тэднийг барихад их хэцүү
Сонгуулийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ид яригдаж байна. Та бие даан нэр дэвшигчийн хувьд энэ асуудалд ямар байр сууринаас хандаж байна вэ? 
Би бол пропорционалыг нь дэмжээд байгаа. Зүгээр ч юмуу, зөв ч юмуу гэж бодож байна. Хуучин мажоритар системд сөрөг юмнууд их байна. Адаглаад улсын хэмжээнд бодлого боловсруулах, улсын хэмжээний даацтай асуудал ярих шийдэх гэхээс илүү сонгогдсон тойргийн хувь хүний амбиц их ороод байдаг юм. Манай тойрог руу , манай тэрэнд , энэнд гэдэг асуудал л яригддаг. УИХ-ын гишүүн хүн гэдэг зөвхөн тойргийн хэмжээнд бодож сэтгэж, хөрөнгө оруулж болохгүй шүү дээ. Эндээс улбаалаад улсын мөнгө хөрөнгө, ирээдүйг харсан, хөгжил дагуулсан 

хөтөлбөрт чиглэгдэхгүй байна. Монгол Улсын хэмжээнд яригдах даацтай, далайцтай асуудал ярьж хууль журам гаргана уу гэхээс тэгж явцуурч болохгүй гэж бодож байгаа. Өнөөдөр дандаа нэг жалга довны , гал унтраах маягийн асуудал л бид ярьж яваа. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд улс орон хөгжив үү, хөгжөөгүй юу? Юу бүтээв, юугаараа өнгөтэй өөдтэй болов гэхээр хэлэх зүйлгүй болчихоод байна. Иймээс сонгуулийг пропорциональ системээр явуулах хэрэгтэй. 

- МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан болоод зарим нэр бүхий гишүүд жижиг намууд сонгуульд өрсөлдөх , оролцох хэрэггүй, төр тогтворгүй болж байна гэх маягийн үг унагаж байсан. Та санал нэг байж чадах уу? 
Чадахгүй. Ийм зүйл ярих чинь буруу шүү дээ. Ер нь бол намыг том жижиг гэж ялгах хэрэг байгаа ч юм уу , үгүй ч юм уу. Жижиг том хамаагүй бүх л нам олны итгэл авсан улс төрийн байгууллага шүү дээ. Энэ утгаар ямарваа намыг хүнийх нь тоогоор, хойно , урьд төрснөөр нь ялгаж гадуурхаж болохгүй. Ер нь бол аль ч улсад том намууд нь төр барьдаг нь ойлгомжтой. Гэхдээ манай хоёр нам их сонин хоёр нам болчихоод байна. Олонх болсон нь засаг төрөө аваад явдаг, хариуцлагаа хүлээдэг байх ёстой. Гэтэл тэгнэ гэж хоёулаа гарчихаад, одоо болохоор хамтарсан Засгийн газар байгуулаад өвөр түрийндээ орчихоод байна. Үүнийг би ерөөсөө ойлгохгүй байгаа. Парламент гэдэг заавал сөрөг хүчинтэй байх ёстой. Сөрөг хүчин олонхийн алдаа элдэв юмыг шүүмжилдэг, хардаг , хяналт тавьдаг үүрэгтэй. Ард түмний хяналтын том бүлэглэл байх ёстой. Одоо тийм хяналт байхгүй болчихлоо шүү дээ. С.Оюун, Д.Энхбат бид гурав хянаад хянаад, цаанаа ханцуй дотроо юу хийгээд байгааг төдийлөн сайн мэдэхгүй байна. Тэгэхээр ийм л хөгийн парламент болчихоод байна. Үүнээс ангижирч, хяналтын механизм бий болгохын тулд жижиг намын төлөөлөл заавал байх ёстой. 

2012 онд энэ хоёр нам чинь дахиад л олонх болж гарч ирчихээд өвөр түрийндээ орчихвол яана. Дахиад л ямар ч хяналтгүй болно. Тэгэхээр заавал хэсэг нөхөд байх ёстой. Адаглаад бүлгийн хэмжээнд суугаад "Найз нар аа, тэгдэггүй шүү, ингэдэггүй шүү” гээд хэлж баймаар байна шүү дээ. 

- Та аль нэг намд нь орно гэсэн бодолтой байна уу? 
Байхгүй байхгүй. Хүн өөрийнхөө үзэл бодолд үнэнч байх шиг сайхан зүйл байхгүй шүү дээ. 

- Алтай гишүүний хувьд сонгогдохоосоо өмнө УИХ-ын гишүүдийг маш их шүүмжилдэг, алдаа дутагдлыг нь олж хардаг хүн байсан. Харин одоо таг дуугүй болчихлоо гэж хүмүүс харж байна? 
Инээв. Би их л дуугарч байгаа. Бас нэг хэмжээ хязгаартай дуугарахгүй бол болохгүй. Би л дуугардаг хүн гээд юм болгоны өмнө цор цор гээд байвал сүүлдээ хүн тоохоо байчихна шүү дээ. Үг үнэгүйдвэл яана. Энэ нөхөр дандаа шүүмжилж байдаг, үргэлж хүнийг элдвээр хэлж байдаг гэвэл яана. Энэ бүхний балансыг барьж байх ёстой шүү дээ. Хэзээ дуугарах вэ, юу гэж дуугарах вэ гэдэгт цаг үеийн мэдрэмж байхгүй бол болохгүй. Тэгэхээр би өөрийгөө дуугүй болсон гэж бодохгүй байна. 

- С.Оюун, Д.Энхбат та гурав хэр ганцаардаж байна. Шийдвэр гаргахад ч гэдэг юмуу , бусад үед хэр хүч дутаж байна? 
Бид гурав ч мундаг хууль санаачилж гүйгээд л, биднийг энэ нөхөд хясаж боогоод байгаа зүйл байхгүй байна. Парламентын гол ажил бол хууль тогтоомж, тогтоол . Тэгэхээр энэ бол 76 хүний хамтын бүтээл шүү дээ. 

- Та УИХ-ын гишүүн болчихоод байна. Танаас өмнө ч, одоо ч бид ядуурал, ажилгүйдлийг ярьсаар ирлээ. Ер нь яг юу хийх ёстой юм бэ? 
Ард түмэн нэг л юм төрөөс гуйж байгаа. Манай монголчууд бол мөрөөрөө ард түмэн шүү дээ. Яахав болж байна гээд яваад л байдаг. Болохгүй байсан ч болж байна гэсэн амны сайхан билэгтэй хүмүүс. Ард түмэн төрөөс намайг ажилтай болгооч ээ гэж хүсэж байгаа. Ажил хийж амьдармаар байна гэж хамгийн энгийн , хамгийн наад захын амьд явах баталгааг л төрөөс нэхэж байна. Өөр юм нэхээгүй шүү дээ. Машин аваад өг гээгүй. Байшин бариад өг гээгүй. Төр өнгөрсөн 20 жил энэ рүү анхаарал огт тавиагүй. Хөгжлийн төлөө том зорилт тавиагүй. Дандаа л гал унтраах маягаар татвар төлөгчдийн талхны мөнгийг үрж, үрэлгэн байж ирсэн. Ирээдүйгээ хараагүй. Гол нь үйлдвэрлэл хийе, юм бүтээе гэж огт анхаараагүй. Орж ирж байгаа мөнгө болгоныг ажлын байр бий болгох, юм бүтээх зүйл рүү л чиглүүлмээр байна. Энэ бол том зорилт. Ингэх юм бол хүмүүсийн амьдрал ахуй аандаа л зүгшрээд ирнэ. Энэ рүү бодлогоо хийгээчээ гэдгийг л хэлмээр байна. Одоо төсвийн тодотгол дахиад л баахан алдагдалтай гарч ирж байна. Алдагдалтайгаар баахан юм нэмээд орж ирж байна. Ийм төсөв байж болохгүй шүү дээ. Айл гэрээр бол дампуурахын цондон. Хууль нь гараад Монгол Улсын хэмжээнд бодож сэтгэдэг, зөвхөн улсаа гэсэн ийм сэтгэхүйтэй болох аваас төсвийн бодлого өөрчлөгдөх байлгүй гэж найдаж байна. Тэгээсэй билээ гэж харж байна. 

- "Хүний хөгжил” сангаас Монгол Улсын иргэн бүрт 70,000 төгрөг тарааж байна. Үүнийгээ дагаад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, өгсөн мөнгө нь үнэгүйдээд байна л даа? 
Энэ хэрэггүй. Энэ чинь өр шүү дээ. Монгол улс юм бүтээгээд монголын ард түмэн бүтээсэн зүйлийнхээ ашгийг хүртэж байгаа хэрэг биш. Дандаа л зээл шүү дээ. Өр , хүүтэй өр. Бид өрөнд дургүй л гэдэг. Тэгсэн хэрнээ нэхэж байгаад, өлсөж байгаад л мөнгө аваад байна. Энэ бол бид хойч үедээ өндөр хүүтэй өр тавиад байна л гэсэн үг. Хүн арга ядарсан үедээ л ломбарданд хамаг юмаа тавиад зээл авдаг. Монгол улсын эдийн засаг, Монгол улс ийм маягаар л амьдарч байна. Тэгэхээр энэ буруу шүү дээ. 

- Хамгийн гол нь улс төрийн намууд өөрсдөө ядуу, тарчиг амьдарч байгаа ард түмэндээ "Биднийг сонговол мөнгө өгнө шүү” гэдэг шүү дээ? 
Яахав дээ. Эд нар чинь шоудахдаа сүрхий улсууд шүү дээ. Шоудаад УИХ-д сууж л байвал тэр улс орны эдийн засаг яаж дампуурах нь энэ нөхдөд сонин биш. Энэ өндөрлөгт гарахын тулд юу ч гэж ярина. 12 онд хуулинд эрх биш овоо хэдэн заалт орж байна л даа. Хэрэгжих юм уу, үгүй юм уу. Яаж ийгээд аягүй бол дахиад худлаа амлаад явна л даа. 

- УИХ-ын гишүүн болох гэж юу ч хамаагүй худлаа амлаад л зүтгээд байх юм. УИХ-ын гишүүн болох тийм сайхан, ашигтай байна уу? 
Надад бол ашигтай нь мэдрэгдэхгүй байна. Энэ дотор суугаа хүмүүс бүгдээрээ луйварчин , хулгайч нар гэвэл худлаа. Энэ дотор цэвэр , шударга улсууд байгаа. Том томоор нь хусдаг, шударга бус улсууд ч байгаа. Тэр бол ойлгомжтой . Баригддаггүй. Хусахдаа багаар биш томоор цүл цалаар нь хусаж байгаа л гэж би бодож байгаа. Ингэхээр их ашигтай байгаа биз. Над мэтийн улсуудад тэр ашиг гарахгүй. Би хэнтэйгээ хуйвалдах уу, хуйвалдах аргыг нь мэдээд ч хэрэггүй. Надад ашиггүй юм чинь. 

- Ямар хүмүүс нь том томоор нь хусаад байна вэ? Цэвэрлэх талын юм бодвол яасийн бэ? 
Би хэллээ шүү дээ. Барихад их хэцүү гэж. Их нарийн аргаар хийдэг юм шиг байна лээ. Төсөв , хөрөнгө оруулалт, зээл гээд л том том юмнаас том аргаар иднэ шүү дээ. Наад захын жишээ, УИХ дээр Солонгосоос орж ирж байгаа гэрэлтүүлгийн тухай ярьсан. 13,5 сая доллар байсан байхаа. Их үнэтэй авсан шүү дээ. 13,5 сая доллараар энэ жижигхэн хотын гэрэлтүүлэг, хяналтын системийг их гоё болгож болно. Гэтэл өнөөдөр юу өөрчлөгдсөн юм. Тавьчихсан л гээд байна юугаараа давуу юм. Яаж хянаж байна. Хяналтын камертай элдэв зөрчил гаргасан машин тэргүүдийг журманд нь оруулна гээд л байсан. Худлаа шоудсаар байгаад л Солонгост хог новш болсон хоцрогдсон систем оруулж ирээд тавьчихлаа. Хэдэн хувийг нь цохио бол. Иймэрхүү зохион байгуулалттай аргаар цохьчихдог байхгүй юу. Хэний зөвшөөрлөөр яаж авсан бэ гэдэг сонин байгаа юм. Одоо малыг индексжүүлнэ гээд малын чихэнд төхөөрөмж суулгана гэнэ. Энэ бас л буруу. Хичнээн доллараар хийж байна вэ? Энэ ямар хэрэгтэй юм. Энэ бүхний цаана мөнгө л яваад байна шүү дээ. Хэдэн сая доллар унагаж байна. Хүн харахаар зөв ч юм шиг хэрнээ хэрэглээ багатай ийм л зүйлээс мөнгө цохиж байна. Энэ бол аваргуудын хийдэг ажил. 

- УИХ-ын гишүүдийн хангамж сүрхий байдаг юм биш үү? 
УИХ-ын гишүүнд эрх мэдэл байхгүй. Сүртэй хангамж эдлээд байгаа зүйл алга. Би өөрөө машинаа барьж байна. Нэг жолооч авсан, өөрөө цалинжуулж байна. Төрөөс идээд байгаа зүйл надад бол алга. Гар утасны төлбөр 100 мянган төгрөг өгдөг. Энэ бол байх ёстой зүйл. Манай УИХ-ын гишүүд хангамж, цалин муутай. Оросын ДУМ-ынхан 5000 долларын цалин авдаг, дээр нь баахан хангамж авч байна. Манайх бол 600,000 төгрөг авч байна. Энэ бол 400 доллар л гэсэн үг . Монгол Улсын Их Хурлын гишүүд 400 долларын цалин авч байна гэхээр гадныхан саваад унана биз. 

- Энэ жил УИХ-ын гишүүн бүрт нэг тэрбум төгрөгний эрх мэдэл өгсөн. Ингэхэд та тэр их мөнгөөр юу хийх гэж байна? 
Би Баянзүрх, Налайх дүүргийн тохижилтонд нэлээд хэдэн төгрөг өгсөн. 400 сая төгрөгний үлдэгдэл байгаа. Уг нь Баянзүрх дүүрэгт хүүхдийн эмнэлэг барина гэж бодсон. Гэтэл Баянзүрх дүүрэг газар байхгүй гэсэн хариулт өгч байна. Эмнэлэг барих гэж байхад өмнөөс ийм зүйл яриад сууж байх юм. Би газрын ченж биш учраас газар олж чадахгүй. Хаа байсан Хонхорын тэнд газар авбал ав гэх юм Тэнд хүүхдийн эмнэлэг бариад л очиж үзүүлдэг хүн гэж хаа байх вэ. 

- Тэгэхээр эмнэлэг барих аргагүй болж байна. Өөр юу хийх бодолтой байгаа вэ? 
Манай улсад чихрийн шижин өвчтэй хүн маш их байна. Өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа гэсэн судалгаа ч гарсан байна билээ. Чихрийн шижин өвчтэй хүмүүст зориулсан төв байгуулах саналыг надад эмч нар ирүүлээд байна. Энэ рүү л мөнгөө оруулмаар байна л даа. 

- Бас нэгэн зүйл асуухад манай улс мөнгө орж ирэнгүүт л бид цацаад байна, дээр нь төрийн албан хаагчдын цалин тэтгэвэр нэмнэ л гэнэ. Тэгэхээр манай улс овоо мөнгөтэй байгаа юм шиг байна. Тийм боломжтой байгаа хэрэг үү? 
Боломж байхгүй. Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр азаар өсөж байна. Гэхдээ тэндээс орж ирсэн орлогыг идээд дуусгаж болохгүй л дээ. Гол нь ажлын байр бий болгох, хөгжил ирээдүйгээ харсан шинэ зүйлд мөнгөө зориулмаар байна. Орж ирсний хэрээр цацаад байвал Монгол улс хэзээ ч хөгжихгүй, хэзээ ч өөдлөхгүй. Ойлгомжтой шүү дээ. Олж байгаа зүйлээ идээд байна гэдэг хөгжил биш. Бид ирээдүйгээ хармаар байна. Сайхан амьдармаар байна. Өнөөдөр хэнд ч ийм итгэл үнэмшил алга. Ямар ч зорилтгүй л амьдарч байна шүү дээ. Ингэж болж байгаа юм уу. 

- Хүүхдийн мөнгөний асуудал ээдрээтэй байна. Зарим нь өгөх ёстой гэж байхад, зарим нь шаардлагагүй гэх юм. Та ямар бодолтой байна вэ? 
Хүүхдийн мөнгийг үндсэндээ өгөх л юм шиг байна. Маш их хэмжээний мөнгө гарна. Гэхдээ өнөөдөр хүүхдийн мөнгөөр амь зогоодог айл өрх их байна. Тэр жаахан мөнгө хүмүүст үнэхээр дэм болж байсан. Тэгэхээр өгөх хэрэгтэй. Хамгийн гол нь хавтгайруулан өгөх хэрэггүй. Боломжийн айлын хүүхэд тэр мөнгөөр яах юм бэ. Нийгмийн хамгаалал , хөдөлмөрийн яам энэ бүхнийг зохицуулж зөв бодлого барих хэрэгтэй шүү дээ. 

- Манай гишүүдийн олонх нь бид уул уурхайгаа л түшиглэж хөгжинө гээд байгаа. Та санал нэг байна уу? 
Уул уурхай бол том хөрөнгө оруулалт. Оюутолгой, Тавантолгой гээд ер нь бүх ордоо ашиглах л хэрэгтэй. Дараад суух хэрэггүй. Олон жил дарж суугаад юу хожив бид, юу ч хожоогүй шүү дээ. Энэ өөрөө их олон компанийг ажилтай, орлоготой, мөнгөтэй болгоно л доо. Гарцаагүй. Энэ том ордууд бүрэн хэмжээгээрээ ашиглагдвал уурхайг дагасан ажил үйлчилгээ их болно. Тэгэхээр нэг горьдлого бол энэ мөн. Үүнийг тойрсон маш олон ажлын байр бий болно гэдэг их сайн. Зарим улсууд манай ажиллах хүч хүрэх үү , үгүй юу гэдэг асуудал яригдана гэсэн байсан. Юун нөгөө ажилгүй, ажил өгөөч гэхийн эсрэгээр ажлын байр байна хүн авмаар байна гэсэн эрэлт бий болно гэдэг зүйл ярьж байгаа. Ийм байдаг бол сайхан л байна. Тэрнээс биш уул уурхай гэдэг бол бидний амь амьдрал биш. Энэ бол тодорхой хугацаанд ашиглаад л дуусах зүйл. Энэ л манай ганц горьдлого гэж үзэж болохгүй. Бид ирээдүйгээ харсан, хөгжлийг харсан, Монгол улсыг тэжээдэг, мөнгө бий болгодог тийм салбараа л хөгжүүлэх ёстой. Тийм зүйлд л бүх мөнгөө чиглүүлэх ёстой. 

- Та гадны хөрөнгө оруулагчдыг татах тухай асуудал дээр ямар байр суурьтай байдаг бэ? 
Зөв шүү дээ. Өнөөдөр манай үндэсний үйлдвэрлэгчид, компанид том уул уурхайг аваад явах тэнхээ байхгүй шүү дээ. Мөнгө байхгүй. Хэдэн тэрбум доллараар яригдах хөрөнгө оруулалт шүү дээ. Тэр мөнгө хаа байна. Гадны хөрөнгө оруулалтыг маш зөв, Монголд ашигтай хэлбэрээр л татаж оруулах ёстой. Гэхдээ Оюутолгой шиг 34 хувиа гадныхнаас худалдаж авна гэдэг гэрээ хийвэл буруу. Өөрийнхөө саалийн үнээний сүүг хүнээс худалдаж авна гэж байж таарахгүй. Хамгийн наад захын логикоор бодоход л ийм зүйл хийхгүй бол боллоо. 

- Одоо Тавантолгойн орд газрын асуудал яригдаж байна. Та хэр анхаарч байна вэ? 
Тавантолгойг харин Монгол төрийн өмч 100 хувийг авна гэж Засгийн газар, Ерөнхий сайд хэллээ . Энэ бол зөв. 100 хувь төрийн мэдэлдээ авчихаад гэрээгээр гадны компанийг ажиллуулна гэж байгаа юм. Энэ бол үнэхээр зөв шийдвэр. Үүнийг бол дэмжиж байгаа. 

- Монголчууд ажилгүй, орлогогүй байгаа тухай та дээр яриад өнгөрсөн. Гэтэл манай улс гаднаас ажиллах хүч ихээр авч байна л даа? 
Ер нь бол манайхан гуйлгачин байх, ядуу байх гэдэг сэтгэлгээ рүү орж байна. Ажил хийснээс ажилгүй байсан нь дээр гэдэг сэтгэлгээтэй болчихоод байна. Учир нь нийгмийн халамжуудыг хэдэн тэрбумаар нь өгч байгаа. Энэ бол нийгмийн сэтгэхүйг эвдэж, бэлэнчлэх сэтгэлгээнд сургаад байна. Сонин харж байхад ажилд авна гэсэн зар маш их байна. Яагаад тийшээ очдоггүй юм бэ. Хүн хэрэгтэй байна шүү дээ. Манайхан ажлыг цалинг маш их голж байна. 200,000 төгрөгөөр амьтны боол болоод яах вэ, ингэснээс ажилгүй байя гэсэн бодолтой хүн байна. Энэ бол буруу. Ажилтай байвал амьдралтай, орлоготой болно. 

- Сүүлийн үед боловсролыг чухалчилж, худлаа үнэн ч хамаагүй дипломтой болж байвал боллоо гэсэн бодолтой хүн их болчихжээ? 
Ер нь бол дипломтой хүн болгоныг боловсролтой хүн гэж хэлэхэд хүнд л дээ. Боловсрол гэдэг их өргөн ойлголт. Зүгээр нэг диплом барьчихаад би боловсролтой гэж болохгүй. Боловсролтой хүн гэдэг чинь шал өөр ухагдахуун. Өнөөдөр мэргэжлийн сайн ажилчин амьдралд асар их хэрэгтэй. Сайн гагнуурчин, сайн токарьчин, сайн слесарь асар их хэрэгтэй байна. Эд чинь их өндөр цалинтай. Сүүлийн үед мэргэжлийн ажилтан их бэлтгэж байна. Энэ бол зөв. Би залуусыг маш сайн мэргэжлийн ажилтан болох хэрэгтэй гэж бодож байгаа. Хар ажил хийгээд маш сайн цалин аваад сайхан амьдарч байгаа бол болоо шүү дээ. Хэн тэр хүнийг боловсролгүй гэх юм. Одоо манай орон сэхээтэн орон болчихоод байна. Хоёрын хооронд боловсролтой ч юм шиг, үгүй ч юм шиг баахан дипломтой залуус байна. Гэхдээ яг юм хийхээр чадвар нь хүрэхгүй. Ажлыг голдог болчихоод байна. Ийм байхад улс хөгжихгүй. 

- 2 жил хүрэхгүй хугацааны дараа сонгууль болно. Үлдсэн хугацаанд юу хийх гэж байна? 
Энэ улс орныг иргэний нийгэм байгаасай гэж хүсэж байгаа. Дэндүү их улс төржлөө шүү дээ. Гадаа ч улс төр, гэрт ч улс төр. Энэ ордонд ч улс төр. Улс төр гэдэг чинь амьдрал биш. Хоол биш. Наад зах нь улс төрийн намуудын тухай хуулинд өөрчлөлт оруулна гэж бодож байна. Намуудыг гишүүнчлэлгүй болгоно гэж бодож байгаа. Ямар ч хэрэггүй шүү дээ. Манай нам хэдэн зуун гишүүнтэй болчихлоо гээд л юу ч мэдэхгүй хэдэн залууст батлах гардуулаад л , гар бариад л өвөрт нь намынхаа батлахыг чихэж өгөөд байх ямар хэрэгтэй юм бэ? Тэгэж хүн үзэл бодлоо хайрцаглуулж байснаас эрх чөлөөтэй байх шиг сайхан зүйл алга. Ер нь бол заавал намын гишүүн байх албагүй. Намынхан төрд олон болоод гараад ирэхээрээ талцдаг, ийм балиар зүйл бол гишүүнчлэлгүй болвол их хумигдана. Орон нутагт төсөв мөнгөнийх нь эрх мэдлийг өгөх хэрэгтэй гэж бодож байна. Өнөөдөр ямар ч эрх мэдэлгүй үзэг барьсан дарга нартай орон нутаг яаж хөгжих юм бэ. Мөнгө олсон орлогоо төрд тушаачихаар үзэг цаас хоёроор яаж асуудлыг шийдэх юм бэ. Тэр орон нутаг чинь олсон мөнгөөрөө асуудлаа шийддэг байх хэрэгтэй. Тэдний л асуудал. Төр яах гээд бүхнийг энд нэгтээд байдаг юм бэ. УИХ-ын гишүүд эндээс орон нутгийн асуудлыг шийднэ гэж юу байхав, орон нутгийнхан өөрснөө асуудлаа шийдэх хэрэгтэй . Энэ бүхнийг бий болгохын тулд ажиллана даа. 

- Сайтын уншигчдад таны ярилцлага таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Та манай уншигчдад хандаж үг хэлэхгүй юу? 
Залуустаа хандаж хэлэхэд энэ нийгэмд хийх юм их байна. Толгойгоо сайн ажиллуул. Бодож сэтгэх хэрэгтэй гэдгийг хэлэх байна. Цалин голохгүйгээр ажиллах хэрэгтэй. Бага цалингаас ажил эхэлдэг, бага багаар нэмэгдэнэ гэдгийг л хэлмээр байна. 

- Баярлалаа. 

Ж.Батхишиг

Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 1206 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 2
[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-05-22


2010оны 5 сарын 23нд онлайнаар 16цагаас болно.Биднийг дэмжин хамтарч ажиллах хүмүүс kh_bayarmaa53 болон daruuhan01 мэссэнжирээр холбогдонуу!

Хандивын дансны дугаар:기업은행 631-009412-02-019 Ганхүү Хишигбуян Бүгдээрээ хамтдаа монголынхоо ирээдүи болсон балчирхан үрсийнхээ сайн сайнхны төлөө нэгдэцгээe.

Монголын үрс маш олон болтугай...

“ Инээж өсөөрэй” сангийн удирдах зөвлөл

Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-05-22


Гадаад суугаа монголчууддаа хандан уриалax нь:http://www.mglradio.com/forum/?document_srl=214799
2010.May.21.Ба22:50 *.130.215.45 0 Comments 220 Views
БНСУ-д суугаа хүсэл зорилго нэгтэй залуучууд нэгдэн “Инээж өсөөрэй” сан байгууллаa. Манай сангийн зорилго нь:Гадаадад байгаа монголчуудаа шашин шүтлэг үзэл бодлоор нь талцуулахгүигээр нэгтгэж монголдоо цогц асуудалуудийг шийдэх,Mонголынхоо хүүхэд багачуудын эрvvл өсөх сурч боловсрох амьдрах
орчинг дээшлүүлэх, амьдралын төвшин доогуур өрхийн болон ядуу орон гэргүй хүүхдүүдэд оюуны болон эд материалын зүйлээр туслах, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдарыг нь хөгжүүлэх тал дээр анхаарч спорт цогцолбор бий болгох, дугуйлан клубт үнэгүй хамруулах
оршиж байгаа юм.Өнөөдөр Монголын эдийн засаг ямар түвшинд яваа гэдгийг бид бүгд сайн мэднэ. Өнчин ядуу, орон гэргүй хүүхэд монголд олширсон, сурч боловсрох эрх нь боогдмол, эрүүл мэндийн анхан шатны тусламж авч чадахгүй, чанаргүй хоол хүнс хэрэглэх зэрэг хүүхдэд байх хамгийн наад захын хэрэгцээт шаардлага хангагдахгүй байна.Бидний ирээдүй болсон хүүхэд багачууд маань сэтгэлдээ даахын аргүй хүнд ачаатай нүдэндээ доглон нулмистай, өсөн торниж байна Эх орондоо хайртай, бидний ирээдүй болсон үр хүүхдийнхээ төлөө санаа зовнин суудаг хувь хүн албан байгууллаг,биднийг дэмжин оршин суугаа газараа салбар байгуулах хамтарч ажиллах хандив өргөх дэлгэрэнгvи мэдээлэл авах хүн бүхэнд манай сангийн үүд хаалга нээлттэй байх болно.“ Инээж өсөөрэй” сангийн хурал
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Ням, 2024-05-12, 06:10
Welcome Зочин