Нүүр хуудас » 2010 » 5-р сар » 31 » Холливүүдийн од монголоос хүүхэд өргөж авчээ
12:04
Холливүүдийн од монголоос хүүхэд өргөж авчээ
АНГЛИД амьдардаг, шотланд гаралтай, Холливүүдийн од болсон жүжигчин Эван Мак Грэгор 4 настай өнчин монгол охин өргөж авсан байна. Энэ талаар дэлхийн хэвлэлүүд шуугиж эхэлсээр сар болох гэж байгаа юм. Ийм явдал болсоныг анх мэдээлсэн хэвлэл бол оддын талаар дагнан бичдэг дэлхийн хамгийн алдартай сэтгүүл болох "People” билээ. "People”-ийн бичсэнийг шүүрэн авч тэр чигээр нь буюу, өөрсдийн эх сурвалжаас олдсон ганц нэгхэн үг өгүүлбэрийг ч хэвлэлүүд гололгүй нэмж бичсээр энэ мэдээ дэлхий дахинаа тарсан бөгөөд уг дуулианыг хэвлэл нь "тоогоогүй” орон ганц манай Монгол л үлдэх шиг болов. Өргөгдсөн хүүхдийн нутаг гэж байгаа.
"Оддын дайн. Эпизөүд-3”-т тоглож нэрд гарсан Мак Грэгор хожим Холливүүдийн мөн хэд хэдэн гайгүй кинонд тоглож од болсон. Манай үзэгчид түүнийг Николь Кидмантай хамтарч гол дүрийг нь бүтээсэн алдарт "Moulin Rouge” киногоор нь сайн мэдэх байх. Хөгжмөөсөө авахуулаад зүрх базлуулсан энэ кино ялангуяа "UBS” телевизээр мөн ч олон гарсан билээ.
Монголд МакГрэгорын анх хөл тавьсан нь 2004 он юм. Мотоциклоор давхих улаан хорхойтой Эван тэр жил үй зайгүй найз Чарли Бүүрманы хамтаар дэлхийг тойрох аялал хийж 3 сарын туршид 30 мянгаад км замыг туулсан бөгөөд маршрутынхаа дагуу Монголоор дайрч гарсан байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэрбээр манай өнчин хүүхдийг асрах төвд очсон аж. Нэг бус бүр нэлээд хэдэн удаа очсон бололтой. Цагдаагийн ажилтан Ж.Энхмаагийн хэлсэнээр Мак Грэгор хүүхдүүдтэй уйдахгүй тоглож, заримдаа нулимс унагаж байсан гэнэ. Тэр жилээ буюу анхны удаа тэрбээр 3 настай Жамьянцэцэг гэдэг өнчин хүүхдийг өргөж авахаар хүсэлт гаргажээ. Гэвч манай албаны хүмүүс яагаад ч юм зөвшөөрөөгүй бололтой. Тэгэхээр нь Эван уг хүүхдийн амь зуух, сурч боловсрох бүх зардлыг 16 нас хүртэл нь даахаар болсон байна. Дээр нэр гарсан Ж.Энхмаад тэрбээр хэлэхдээ "Энэ хүүхдийг байлгах илүү сайн орчинтой өнчний газар байвал олж өгч туслаарай. Бүх зардлыг нь би төлнө” гэж байжээ. 2004 онд ийм л явдал болж. Гэхдээ энэ талаар болон цаашид өрнөсөн байж мэдэх бусад явдлын талаар гадаадын ямар ч хэвлэл мэдээгүй, бичээгүй юм. Гэтэл энэ жилийн 4 дүгээр сарын сүүлээр "МакГрэгор монгол хүүхэд өргөж авлаа” гэсэн мэдээ дуулиан тарив. МакГрэгорын хэвлэлийн төлөөлөгч, хүүхэд өргөж авсаныг нь нотолсон хэдий ч "Үүнээс илүү тайлбар хиймээргүй байна” гэсэн бол харин хэвлэлийнхэн "Яалт ч үгүй монгол хүүхэд!” хэмээн итгэлтэй дуугарч байна. Тэдний заримынх нь бичиж байгаагаар бол "2004 онд намайг Монголд очиход хүүхэд 2 настай байсан” гэж МакГрэгор өөрөө хэлсэн гэнэ. "Тэр нялх охиныг Эван харуутаа л өөр болчихсон. Тэгээд ”Эцэг эх нь хүн хийдэггүй юм бол би хийнэ” гэж хэлсэн” хэмээн нэгэн эх сурвалж хэвлэлийнхэнд ярьжээ.
Холливүүдийн одод хүүхэд өргөж /тэр дундаа ядарсан орноос/ авах нь сүүлийн үед түгээмэл явдал болох шинжтэй. Майя Фэррөү 10 хүүхэд үрчилж авч өсгөснийг хэлээд яахав. Анжэлина Жоли камбож, этиопи хоёр ч хүүхэд өргөж авсаны зураг нь эдүгээ дэлхийн алдартай сэтгүүлүүдийн эхний нүүрнээс салахаа байсан. Мэг Райэн энэ оны эхээр хятад хүүхэд үрчилсэн бол, Жэссика Симпсон Өмнөд Америкийн нэг орноос хүүхэд авахаар ид сонжиж байгаа гэдэг. Харин одоо араас нь МакГрэгор орж байна. Гэхдээ дээрхи хэдээс ялгаатай нь, тэрхүү азтай монгол охинд "бэлэн хийчихсэн” хоёр ч хөөрхөн эгч бий.
Энэ жил 35 настай Мак Грэгор өөрөөсөө 4 эгч Ийв Мавракистай 1995 онд танилцаж нийлжээ. Мавракис нь Францад төрж, Хятадад өссөн , бас л киноны мэргэжилтэй. 1987 онд Стивэн Спийлбэрг Хятадад "Empire of the sun” киногоо хийхэд орчуулагчаар нь ажиллаж байсан гэдэг. Тэднээс хоёр охин гарсаны том Клара нь 10, бага Ээстэр нь 5-тай юм. Мак Грэгор гэр бүл, ялангуяа хүүхдүүдээ хэвлэлийнхэнээс улайран хамгаалдаг, нууц далд байлгадгаараа алдартай хүн. 2004 онд гэрийнхэнтэйгээ Мавританид амарч байхад нь Английн нэг сонин баахан зураг нууцаар аваад цувралаар нийтэлж эхэлжээ. Ийн нийтлэхийг нь болиулахаар тэрбээр шүүхэд хандсан боловч хэрэгссэнгүй. Тэгэхээр нь аргыг нь олж дахин шүүхэдсээр байж, нийтлэхийг нь ч болиулж, дээр нь 74000 долларын төлбөр гаргуулж авсан гэдэг. "НҮБ-ын хүүхдийн элч дуучин” гэдэг шиг нэг цол буюу алба МакГрэгорт бий. Тэгэхдээ манай Т.Ариунаагаас ялгаатай нь тэрбээр хүүхдийн төлөө албаа сайн хийдэг. НҮБ-ийн бүтцийн байгуулллага ЮНИСЕФ-ийн элч албатай тэрбээр өнгөрсөн жил гэхэд л Африкийн алингаа алдсан орны нэг Малавид 5 хоног айлчилж ирээд, толгой дараалан ДОХ тусаад хиарч байгаа тэндэхийн хүүхдүүдэд туслахыг дэлхийн орнуудын удирдагчдад уриалсан бөгөөд үүнийх нь үр дүнд Малавид энэ чиглэлээр олон сая доллар цутгаж олон мянган хүүхдийн байдал дээрдэж гялайсан билээ.
Нэг ийм "буян нь дэлгэрсэн” хүн, ирээдүйгүй байсан нэг монгол хүүхдийг өөд нар харуулж, хажуугаар нь дэлхий дахинд Монгол гэдэг нэрийг үнэгүйгээр сайхан рекламдаж өгч байна. Холливүүдийн оддын иймэрхүү жишээг, шүтэн биширдэг энгийн хүмүүс даган дууриах нь тун түгээмэл байдгийг ч бодсон, энэ үнэхээр сайхан явдал болж байна. Хамгийн наад зах нь л, Холливүүдийн од-аавынхаа энгэрт тэврүүлсэн жаал монгол охины зураг "People”, "Stars” сэтгүүлийн хавтсанд гарна гээд бод доо. Харин бид дараагийн дугаартаа энэ охины хэн болох, ямар намтар түүхтэй, мөн үйл явдал хэрхэн болж өнгөрснийг сурвалжлан олж мэдээлэхийг хичээх болно.
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 1582 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 3
[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-06-01


mongol oroniig unegui reclamdan gej yu yraid baigaan unchin huuhed zondoo bna gej reclam hiih geed baigaa umuu haashaa um be bichij baigaa zuilee bodoj bicheech putain ene ugiig chi orchuulaarai chi tegeed oilgooroi
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-05-31


barag 2 sar orchmiin setgvvl deerees zurgiig ni harj baisan yum bna, 4 nastai Jamyan gedeg mongol ohin geed. Starbucks-s garaad yawj baisan zurag baisan. harahad saihan sanagdaj baisan
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-05-31


manaihan iim teneg shde.hollywood-n aldart od hun huuhed urguj avch bhad yu ch medeegui,bicheegui ymuu?neg ch gesen huuhed yaduugiin zovlon edlehgui amidrah ni saihan bish gej uu?adminaa ushuu todorhoi medee tavihiig chin huleene shu.bayarlalaa.
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Бямба, 2024-05-11, 06:58
Welcome Зочин