Нүүр хуудас » 2010 » 6-р сар » 8 » ДООД ТИВИЙН ҮҮДИЙГ МОНГОЛООС ОЛСОН УУ?
13:31
ДООД ТИВИЙН ҮҮДИЙГ МОНГОЛООС ОЛСОН УУ?
Мулдашев Номхон далайн Пасхи аралд хийсэн судалгааныхаа дараа Монголд шууд хүрэлцэн ирсэн гэдгээ хэлээд Пасхи арал нь дэлхийн нөгөө бөөрөн дээр Монгол Алтайн яг эсрэг талд оршин буйг тэмдэглэсэн глобусыг надад харуулсан юм. Хүний гараар бүтээгдсэн эсэхэд нь эргэлзэн дэлхий дахинаараа маргасаар байдаг олон зуун тоннын жинтэй цул чулуун хүмүүс "оршин суудаг” эл арал дээр цоорхой таваг шиг олон хар нүхнүүд байдаг юм байна. Тиймээс Мулдашеийн багийнхан дэлхийн нөгөө бөөрөнд Пасхи аралын яг эсрэг талд нь оршин буй газарт тийм хар нүх бий эсэхийг хайхаар иржээ. Хачирхалтай нь хайсан мөнөөх зүйлээ Монгол Алтайн нэгэн агуйгаас илрүүлсэн гэдгээ тэд догдлон ярьж байлаа. Тэд уг газрынхаа нэрийг мэдээлэхийг хүсээгүй бөгөөд үүнийгээ мухар сүсэгт ухвар мөчид хүмүүсийн буруу үйл ажиллагаанаас тэрхүү ариун газар сэвтэх вий гэсэн болгоомжлолтой холбон тайлбарласан юм. Нутгийнхны ярьж байгаагаар уг газар нь Ховд аймгийн Манхан сумын нутаг дахь Гурван цэнхэрийн агуй байж магадгүй байна. Агуйн хананаас өрөмдөж гаргасан мэт үзүүргүй хар нүх олжээ. Мөн агуйн үүдэнд ёроолгүй гүн цооног байсныг илрүүлжээ. Энэ цооног саяхныг хүртэл байсан бөгөөд зах зээлийн нийгэмд шилжсэн 1990-ээд оны эхээр орон нутгийн захиргаа тус агуйг жуулчдад үзүүлэх зорилгоор сэргээж засах үед уулнаас нуринги унаж агуйн үүдний цооног нүхийг даржээ. Буруу харсан амтай энэ агуйн үүдэнд нар жаргах үед шувуу олноор ирдгээс 10 машин орчим сангасын хоригдлуудаар ачуулж цэвэрлэж байсан түүхтэй юм байна. Тэд агуйн хананы нарийн цооног нүхнээс гарч ирсэн гэх ээнергин биетүүдийн зургийг бидэнд үзүүлсэн нь ихээхэн сонирхол татсан юм. Тэр нь дэлхийн цөөхөн ариун газарт байдаг, зөвхөн өндөр мэдрэгчтэй тусгай аппаратаар л дүрсийг нь авч болдог хэмээн тэд ярьж байлаа. "Нүдэн хүн” хэмээн нэрлэж буй тэрхүү биет нь томоохон тавагны хэмжээтэйгээс эхлээд бүр цэг хүртэл олон янз байх бөгөөд гэрлэн толбоны зарим нь зурган дээр их тод гарчээ. Эдгээр нь маш хурдан байрлалаа солин хөдөлдөг болох нь ч мөн зурагнаас харагдаж байв. Үүнийг тэд хүн төрөлхтөний генийн санг хадгалан байгаа зэрэгцээ ертөнцөөс гарч ирж буй энергин биет хэмээн тайлбарлаж байсан бөгөөд тэдгээр нь сэтгэн бодох асар өндөр чадвартай төдийгүй хүний зөв, буруу бодол санааг шүүж шууд хариу үйлдэл үзүүлдэг хэмээн нотолж байлаа. Мөн агуйд тэдний танил "Шувуун хүн”-ий зураг байсан нь эл газар яавч жирийн биш хэмээх бодлыг нь бүр бататгажээ. Далайн гахайтай төстэй урт шөмбөгөр хошуутай, далавчны оронд гар маягийн зүйлтэй, сарьсан хөлтэй, Шувуун хүн хэмээн нэрлэж буй эл дүрс нь Доод тивээс гарч ирсэн амьтан бөгөөд Пасхи арал дээрх хар нүхний дэргэд мөн зураг нь байжээ. Мөн нэг газар ёроолгүй хар нүх байна гэсэн мэдээллийн адгуу Горный Алтайд тэдний багийг очиход яг иймэрхүү агуйд мөнөөх нүх байсан бөгөөд агуйн үүдэнд дээрх зураг бас л тааралдаж. Түүнийг нутгийнхан "Улаан хааны албат” хэмээн нэрлэж газар дор байдаг Галын хааны илч хэмээсэн нь ихээхэн сонирхол татсан төдийгүй Монголчууд ч галын бурханаа дээдэлж түүнийг амьтайд үзэн шүтдэг нь сонин хэмээн ярьж байв. Эрнст Рифгатович Мулдашев бол дэлхийд нэрд гарсан эрдэмтэн бөгөөд анагаах ухаанд хүний эд эсийг нөхөн сэргээх мэс заслыг үндэслэгч, нүд шилжүүлэн суулгах мэс заслыг дэлхийд анх удаа амжилттай хийсэн Оросын гавъяат эмч, анагаах ухааны доктор профессор хүн юм. Тэрээр үйлдвэрлэлд зохион нэвтрүүлсэн нүдний нөхөн суулгавар эд "Аллоплат”-ынхаа цаад учрыг одоо хүртэл гүйцэд мэддэггүй ч хүний амьгүй эд эсээс гарган авдаг энэ материал дахин амилж хүний бие цогцыг бүтээх байгалийн гүн нарийн механизтайг ойлгон, физикч, молекулын биологич зэрэг олон эрдэмтэнтэй хамтран ажиллахын сацуу шашин, эзотерик мэдлэгийн үндсийг ч бас судалдаг аж. Мулдашев Гималай, Түвд, Египетэд таван удаа шинжилгээний аян зохион явуулж нөхөн сэргээх мэс заслын асуудлуудыг гүнзгийрүүлэн судлах явцдаа гүн ухаан, түүхийн дуулиант олон нээлт гаргажээ. Үгүйсгэж эсрэгцүүлсэн утгатай миний олон асуултын хариуд тэр зөвхөн "Бидний оюун ухаан бол эртний мэдлэгийн дэргэд өчүүхэн зүйл юм” гэдгийг тодотгож, хүн бичнээс биш бич хүнээс үүссэн гэдгийг л би баттай хэлж чадах байна гэсэн юм. Мөн тэрээр хэлэхдээ, биднийг Түвдэд явах үед нэгэн лам буддизм бол шашин биш, энэ бол мэдлэгийн ариун цогцолбор гэж хэлсэн. Тэгэхээр мэдлэгийн энэ агуу цогцыг хадгалж ирсэн Монголын ард түмнийг асар их хүндэлж байна. Ойрын жилүүдэд танай оронд заавал ирж "их юм олно”. Энэ аялал маань дахин ирэхээс аргагүй том зүйлийн үүдийг аяндаа нээгээд өгчихлөө гэж байлаа...

МУЛДАШЕВТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА

Энерги гэдэг үг дөнгөж саяхныг хүртэл зөвхөн физикийн шинжлэх ухаанд л хэрэглэгддэг байлаа. Гэтэл өнөөдөр сайн муу энергитэй хүн гээд л амтай бүхэн ярьж бичиж, эл үг бидний амьдралыг тодорхойлогч чухал хэрэглэгдэхүүн болжээ. Нам засгийн шийдвэрээр энэ үгийг хэрэглэхээр тунхагласан бол ингэж өргөн хэрэглээ болтлоо нэлээн юм туулах байсан биз. Зөвхөн энэ жишээнээс л харахад та бид ухамсраар бус "өгөгдлөөр” амьдраад байгаа юм биш үү? За энэ ч яахав үндсэн сэдвээсээ халиад өөрийн үзлээ тунхаглаад уналаа. Хамгийн гол нь та бүхэндээ амласан нөгөө гайхал Мулдашевийн ярилцлагыг эвлүүлэн сийрүүлжээ суутал энэ мэт соньхон мэдрэмжүүд сэтгэлд төрөгдсөн хэрэг л дээ. Манай шинжлэх ухаан амьдралын зөвхөн гадна өнгө, өөрөөр хэлбэл хүний сайн сайхны төлөө, хэрэглээний төлөө улайрч тэр түвшинд л хөгжсөний үрээр хүн гэдэг амьтан өөрийгөө танихаа больтлоо "гоёж” амжсан ч дотоод сэтгэлийнхээ агуу их хүч чадлаас амсах нь бүү хэл өнгийж ч амжаагүйн харгайгаар "ганган 00” болчихоод байна. Иймээс дэлхий ертөнцөөрөө хүний дотоод мөн чанарыг сонирхох дэвшилтэт хандлага нэгэнт цаг үеийнхээ шаардлагаар ч гэх үү бий боллоо. Эрдэмтэд дорныг сонирхож эхэллээ. Дорнын гүн ухаан, буддизм бол шинжлэх ухаан бус шинжилчихсэн ухаан гэдгийг бид саяхнаас л мэдэрч байгаа. Монголчууд дорнын улсын хувьд их мэдлэгийн цөм дунд төлжсөн хэрсүү ухаант ард түмэн билээ. Эртний энэ мэдлэг мартагдаж шинжлэх ухаан рүү буцаж алхдагийн даваан дээр шинжлэх ухаан "шинжилчихсэн ухаан” рүү эргэж байгаад баярланам. За ингээд олныг үл нуршин Мулдашевтай хөөрөлдсөнөө толилуулъя. Тэгэхдээ бас нэг хүлцэл өчих зүйл байнаа. Өмнөх бичлэгтэй утга агуулга давхцаж буй олон зүйл байгааг хүлцэнэ үү.

-Мулдашевийн баг Монголыг зорих болсон шалтгаан маш сонин байна. Юу таныг нааш нь хөтлөв өө?
-Эхлээд би танд энэ глобусыг үзүүлье. Би голчоор нь хадаас хатгасан байгаа биз дээ? Энэ хадаасны наад бөөр нь Номхон далайн Пасхи арал, харин цаад тал нь Монгол Алтайд таарч байна. Энэ сонирхолтой биш гэж үү? Пасхи арал дээрх олон зуун тоннын жинтэй цул чулуун баримлуудыг тэртээ "бүдүүлэг” үед хүн төрөлхтөн өөрсдийн гараар бүтээж чадсан гэдэгт би үнэндээ эргэлздэг. Яг үнэндээ бол итгэдэггүй. Энэ аварга хүн чулуун хөшөөнүүд миний судалгаанд онцгой байр суурь эзэлдгийг та бүхэн мэднэ. Бүх судалгаа шинжилгээ маань яван явсаар доод тив буюу Шамбалын орон гэгч зүйлд тулж ирээд байна. Би энэ "газрыг” олох их эрэл хайгуулд хөтлөгдсөөр өнөөдөр энд /Монголд/ ирчихээд сууж байгаа нь энэ. 
 
-Миний бодоход Доод тив ч бай, Шамбалын орон ч бай тэр газарт бодол сэтгэлийн /сэтгэлгээний биш шүү/ хүчээр, магадгүй бясалгалаар дамжин хүрэх юм шиг санагдах юм?
-Яг үнэн. Энэ бол мэдээж бодитоор оршин буй хот тосгон биш. Бясалгал бол тэнд биднийг хүргэх хөсөг байх л даа. Хүн төрөлхтөний мэдлэг өнөөдөр үнэхээр балчир байна. 
 
-Тэгэхдээ домог үлгэр зэрэг аман зохиолуудад эдгээр нь бодитоор дурдагдсаар л ирсэн. Үлгэр үнэн болох цаг ирж байгаа юм биш үү?
-Үлгэр бол зохиол биш эртний мэдлэгийг өнөө бидний үед тээж ирсэн маш үнэт мэдээллийн аман хэлбэр гэж би ойлгодог. Тэр тусмаа дорнын ард түмэн үлгэрээ хүртэл урлагийн түвшинд хүргэж, утга санаагаа нарийн нягт боодол, давхар давхар сонин содон сэрэхүйгээр нууцалж чадсан нь гайхмаар. Нэг талаасаа урлагийн цэвэр сонгодог бүтээл, нөгөө талаасаа мэдлэгийн ариун цогц гэмээр юмуу даа. Монголын үлгэр домгийг сүүлийн үед би бас нэлээд сонирхож байгаа. Монгол бол эртний мэдлэгтэй ард түмэн гэдгийг би хүлээн зөвшөөрнө. 
 
-Шамбалын орныг Монголоос хайх болсон нь бас л нэг шалтгаантай байгаа даа?
-Би Пасхид хийсэн судалгааныхаа дараа шууд Монгол Алтайд ирсэн. Дэлхийн нэг бөөрөөс нөгөө бөөрөнд шууд шилжин судалгаагаа хийж байна. Учир нь Пасхи арал дээр цоорхой таваг шиг олон хар нүхнүүд байдаг. Ёроолгүй, эцэс төгсгөлгүй тийм нүхнүүд. Энэ газрын яг эсрэг талд юу байгаа бол гэх бодол нааш нь намайг авчирсан. Гэтэл энд намайг юу хүлээж байсан гэж санана. Таамаглаж төсөөлж байсан тэр зүйлээ Алтайгаас олоод маш их балмагдсан шүү. Энэ бол Доод тивийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулах онцгой зүйл байлаа. Монгол Алтайд миний эрж хайж байгаа тэр хар нүх байна. Тэдгээр нь зүгээр л нэг нүх биш биш Доод тивтэй холбогддог ариун дагшин газар юм. 
 
-Та Шамбалыг оюун санааны зэрэгцээ ертөнц-мэдлэгийн цогцолбор, тэр харагддаггүй, бясалгалаар л дамжин хүрч болох тухайд санал нийлсэн шүү дээ. Тэгээд хар нүх хайгаад байгааг чинь юу гэж ойлгох вэ? Миний хувьд таны яриад байгаа хар нүх гэдэг чинь бас л нөгөө бодит, нэг үгээр хэлбэл шатаар уруудаад л орчих байшин барилгархуу санагдаад байх юм?
- Энэ бол бодит зүйл өөрөөр хэлбэл таны яриад байгаа хаалга гэвэл бас андуу ташаа болох биз ээ. Тэгэхдээ магадгүй энэ нь Доод тивтэй холбогдох хаалга ч байж болох талтай. Дэлхийн хаанаас ч Доод тив буюу Шамбалтай холбогдож болох ч цөөхөн ариун газар байдаг. Тэдгээр нь хүний оюун санааны хүчийг төвлөрүүлж, биежүүлж байдаг. Даяанчид, их бясалгагчид яагаад уулын агуй сэлтийг сонгодог вэ гэдгийг бодъё л доо. За яахав, тайван газар, олны хөлөөс хол гэх байдлаар ойлгож болох ч үнэндээ байгалийн "амин цэг” гэж бас байдаг байх л даа. Тэрийг тэр их билэгт хүмүүс мэдэрдэг биз. Үүнийг одоогоор дэлгэрэнгүй тайлбарлахад эрт байна аа. Энэ тухайд миний үзэл хандлага их өөр. Юутай ч танай эндээс хайснаа олсон. Иймэрхүү ариун газарт өндөр мэдрэгчтэй дижитал аппаратад дүрс нь гардаг Нүдэн хүн буюу энергин биетүүд "амьдардаг”. Энэ бол оюун ухааны асар өндөр чадамжтай, хүний бодол сэтгэхүйд нөлөөлж ч чаддаг амьд амьтан. 
 
-Ийм "амьтдыг” өмнө нь хаанаас олж байсан бэ? Тэднийг яагаад заавал амьд гэж үзээд байгаа юм бэ? Химичид, физикчид үүнийг хамгийн энгийнээр тайлбарлачихаж чадна шүү дээ?
-Пасхид энэ амьтан байсан. Бас цөөн хэдэн ариун газарт тааралдаж байсан. Гэхдээ ийм олноор нь үзэж байсангүй. /дижитал аппаратаар авсан үй олон дүрснүүд үзүүллээ/. Тэд маш хурдан байрлалаа солин хөдөлдөг болох нь зурагнаас харагдаж байна. Тэр биетүүд ухаалаг, ариун газрын хамгаалагчид. Бид одоогоор түүнийг бүрэн таньж мэдээгүй байгаа учраас их болгоомжтой хандаж байгаа. Энергин биетүүдийг судлахад дөрвөн давхар бөмбөлгөн хэлбэртэйгээс гадна дундаа буюу биеийнхээ төв хэсэгт чагт маягийн зүйлтэй. Энэ нь хас тэмдгийг санагдуулж байна. Хас тэмдгийг утга учрыг Монголчууд сайн мэднэ. Гитлер Шамбалыг хайж байсан, бас хас тэмдгийг бэлгэ тэмдгээ болгосон. Гэхдээ тэр хас тэмдгийг буруу харуулж хэрэглэснээр бүх үйл ажиллагаа нь буруу зүгт чиглэгдэж буруудсан. 
 
-Та Доод тив гэж нэрлээд байгаа тэр зүйлээ тодруулж хэлнэ үү. Монголчууд Доод тив гэгчийг үлгэр домогтоо олонтаа өгүүлдэг ч энэ нь Шамбалын /Бурханы ариун газар, диваажин/ орон биш харин ч бүр эсрэгээрээ буюу Там гэх ойлголттой ойр төсөөлөгддөг.
-Доод тив гэж нэрлэх нь хэр зохимжтойг би мэдэхгүй байна. Гэхдээ энэ бол там биш харин бурхадын орон гэж ойлгох нь илүү зохимжтой байх. Судалгаа маань бүрэн дүгнэлтэд хүрчихээгүй байгаа болохоор энэ тухайд одоохондоо хувийн төсөөллөөсөө хуваалцахад эрт байна. Би бас дашрамд хэлэхэд хиргисүүр хэмээх эртний байгууламжуудыг давхар судалж эхэлсэн. Зарим хиргисүүр хүний гараар бүтээсэн гэхэд эргэлзмээр асар их чулуун овоолготой байх бөгөөд дор нь юу ч байхгүй байх тохиолдол олон. Энэ нь магадгүй Доод тивтэй холбогдох, үүд хаалганых нь тэмдэглэгээ ч байж болох юм. Хиргисүүрийн чулууд нь хүний цуглуулсан овоолго биш харин дороос нь түлхэж гаргасан зүйл ч байж болох талтай. Орос Алтайд байсан Улаан хааны албат хэмээх шувуун хүний сүг зураг энд Монгол Алтайд бидний олж илрүүлсэн тэрхүү шүтлэгт агуйн хананд биднийг угтсан нь бас л гайхширмаар сонин хэрэг шүү. Үүнийг бид Доод тивээс гарч ирсэн амьтан гэж үздэг. Бид нэгэн мэдээллийн дагуу орос /Горный/ Алтайд бас судалгаа хийсэн юм. Тэндээс мөн л эцэс төгсгөлгүй гүн цооног олдсон. Дотор талыг нь пааландсан юм шиг тэгшхэн тийм нүх байсан. Би дэлхийн 50 оронд судалгаа хийсэн. Миний ирж буй 51 дэх орон-Монгол улсад ийм сонирхолтой "бэлэг” намайг хүлээж авсанд их бэлгэшээж байна даа.

Тэрээр өөрийг нь угтан авч Монголд /Ховдод/ байх бүхий л хугацаанд нь түшиг болсон Монголын психотроникийн хүрээлэнгийнхэнд талархлаа илэрхийлээд Монгол нутагт байдаг байгалийн сонин содон байгууламжууд, Дорноговийн шүтлэгт уул ус, тэндэхийн Шамбал нэрт газарт судалгаа хийхийг маш их хүсэж байгаагаа хэлсэн. Мөн ирнэ гэж амлaсан. Судалгааны аяллын төлөвлөгөөгөө өмнөх жилд нь гаргачихдаг учраас энэ жилдээ хараахан амжихгүй, гэхдээ ойрын жилүүдэд заавал Монголд дахин хөл тавих хэрэгтэй гэдгээ догдлон ярьж байсан юм.

Ангилал: Хачин мэдээлэл | Үзсэн: 3164 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 4
[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-06-09


sonirholtoi...
zugeer l ... sonirholtoi...
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-06-08


haraaliin ugsiig heleh baitugai bodohoos ch zailshiivel ajil uils butemjtei bolood irdeg gej uu? uneheer tiim baih ym bol ......uzeed l aldii daa .
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-06-08


Andaa tiishee ochij tsag zavaa ureed yahvee, yumnii uchiriig nudeeree harah geed chi butelguiteltei l uchirna. Teriig chini setgeleeree uchigii ni taildag bh gej bodoj bna. Minii huvid bol odoohondoo buh zuiliig sain talaas ni harj, haraaliin ugiig heleh ni bitgii hel bodohoos zailshiideg bolson. Bi ulaan Buddist bishshuu uuriiguu l sonsoj surch bga maani ene Gehdee l buddiin shashintai yag taaraad bga bhgui yu. Ta buhend yamar negen yum boduulj chadaj magad geed bichlee. Taalagdval oroldool uz ajil uils butemjtei bolood irdiim daa.
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-06-08


pooh nuguu neg garchigguu dalawchtai hunii zurag bsan iim uchirtain bii itgehed berh ch itgemeer l bna shu noowsh gj sudalgaand ni hamt yawchaad ene bugdiin uchiriig nudeeree harahiimsaan bi iim yumand hichneen durtai geech bayrlalaa sonjuuraa hed saihan reklam deer chin daraad ugii odoo kkkkkkkkkkk
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Баасан, 2024-05-10, 02:08
Welcome Зочин