Нүүр хуудас » 2010 » 6-р сар » 12 » Зохиолч Х.Болор-Эрдэнэ: Эротик өгүүллэгүүд маань өөрийн сэрэл мэдрэмжинд ч cөргөөр нэлээлж эхэлснийг нуух хэрэггүй байх
20:35
Зохиолч Х.Болор-Эрдэнэ: Эротик өгүүллэгүүд маань өөрийн сэрэл мэдрэмжинд ч cөргөөр нэлээлж эхэлснийг нуух хэрэггүй байх
-Би чиний анхны номыг харж байснаа санаж байна. Нимгэн хавтастай шүлгийн хар ном. Түүнээс хойш 20 ном гарчихсан гэхээр гайхаад л байна. Цаг хугацаа тийм амархан өнгөрчихсөн юм уу? Эсвэл чи тийм их зүйлийг ийм богинохон хугацаанд хийж бүтээчихэв үү?
-Шүлгийнх биш ээ, өгүүллэгийнх. Би чинь энэ яваа насандаа шүлэг бичиж зүрхэлж үзээгүй хүн байгаа юм. Цаг хугацаа ч их явжээ. Нэг их идэвхийлээд бичээд байгаагүй ч нэг мэдсэн чинь номын тоо ч овоо олширчихож. Ингээд бодохоор хийх ёстойгоо л цаг алдалгүй хийгээд явсных юм болов уу.
-Уучлаарай. Андуурч. Гэхдээ би чамайг сайн ойлгодоггүй юм. Өгүүллэгүүд чинь их бодолгоширсон, ихэвчлэн хүнд сэдвийг хөндсөн байдаг. Харин эротик зохиолууд чинь тэс өөр галзуу секси хүүхнийг илэрхийлдэг. Нийтлэлүүд чинь бол бүр эрс өөр. Уян зөөлөн эмэгтэй хүний үг байдаг. Тэгэхээр Болор-Эрдэнэ гэдэг хүн хэн бэ гэдгийг таах аргагүй санагдаад байдаг юм?
-Хөрвөх чадвар сайтай юм болов уу, /инээв/. Энэ амьдралынхаа ухаан орсон эхнийхээ өдрөөс л өөрийгөө таниж мэдэх гэж эрмэлзэж байна. Одоог хүртэл бүрэн гүйцэд таниагүй явааг бодоход эрэл маань идэвхтэй үргэлжлэх л шинжтэй байгаа. Ер нь бол аль алинд нь миний мөн чанар байгаа учраас л бичдэг болов уу гэж бодоод байна.
-Эмэгтэй хүн, тэр дундаа Монголд эротик өгүүллэг бичих нь хэцүү биш гэж үү?
-Эхэндээ ямар ч бодолгүйгээр оролдоод үзмээр санагдаад л бичиж эхэлсэн. Бичээд нэлээд удсаныхаа дараа дэмий ч юм хийчихэв үү гэж бодож эхэлсэн шүү. Яахав, оргилуун бодол санаа, онгод, найз нөхдийн яриа, уншсан мэдсэн юмнууд хань болж байсан ч гэсэн сүүлдээ энэ бүхнийг тэсэж тэвчихэд бэрх санагдаж эхэлсэн. Тиймээс гурван ном гаргаад л дахиж огт бичээгүй. Сонирхол ч төрөхөө больсон гэх үү дээ. Оролдож үзлээ, чадлаа. Тэгээд л гүйцээ.
-Юуг тэсэж тэвчихэд хэцүү байсан гэж? Эсвэл чиний сексийн тухай мэдрэмж, түүнийг сонирхох сонирхол буураад байна уу?
-Зохиолчид гэдэг баатрууддаа яг л амьд мэт ханддаг, тэднийг оюун санаандаа амилуулж байж л зохиолдоо ордгийг чи юу эс андахав. Тэгээд тэр олон дүрүүд, тэр олон адал явдал тархи толгойд багтахаа байж эхэлсэн гэх үү дээ. Үнэндээ бол секс гэдэг хязгааргүй гүн сэдэв. Энэ бүхний оройд зөвхөн сэтгэлгээгээр, бодол санаагаар хүрнэ гэдэг дэндүү хэцүү, уршигтай санагдсан. Өөрийн маань сэрэл мэдрэмжинд ч сөргөөр нөлөөлж эхэлснийг нуух юун.
-Чиний эротик өгүүллэгүүд дүрслэл их сайтай байдаг. Тиймээс уншигчид чамайг лайтай секси хүүхэн байдаг гэж төсөөлдөг байх?
-Би тийм "лайтай секси” хүүхэн биш ээ. Байдаг л нэг шар хүүхэн. Гэхдээ хүмүүс биднээс хамгийн түрүүнд үүсдэг эс бол бэлгийн эс шүү дээ. Тиймээс хүмүүс бүгдээрээ л эротик бодол санаагаар дүүрэн байдаг. Харин миний дүр төрхийн тухайд бол зүгээр л заримдаа бид үзэж хараагүй зүйлсээ хэтэрхий сайхнаар төсөөлөөд байдаг шүү дээ? Тийм шалтгаанаар миний зохиолуудыг уншсан олон хүнд ийм бодол төрүүлсэн бол уучлаарай л гэмээр байна. Яахав, сэтгэл рүү минь өнгийгөөд харвал харин огт өөр эмэгтэй сууж байж мэдэх л юм.
-Уншигчид эротик өгүүллэгийн зохиолч Х.Совин гэдэг бүсгүйг хайгаад байдгийг мэднэ л дээ. Ялангуяа эрчүүд?
-Хүүхнүүд ч бас хайгаад байсан тал бий шүү /инээв/. Хэрвээ зүс царай, бие гальбирын тухай ярьж байгаа бол миний хувьд ямар нэг мисс, моделиудтай өөрийгөө харьцуулж зүрхлэхгүй ээ. Гэхдээ миний оюун санаа хүчтэй, бас эрэлхэг гэж хэлж болно. Би төсөөллөө амьдруулж, түүнийгээ бодитчилон гаргахдаа хэнээс ч илүү гэж өөрийгөө боддог. Уучлаарай, жаахан бардам дуугарчихав уу даа?
-Харин ч надад таалагдаж байна. Эмэгтэй хүн бардам бас өөртэй итгэлтэй байгаасай гэж хүсдэг юм. Даанч өнөөдөр бүсгүйчүүдэд тийм чанар үгүйлэгдээд байна?
-Бардам, гөжүүд, тэсвэр тэвчээртэй чанар надад хангалттай бий гэж боддог шүү. Эмэгтэй хүн эрхэмсэг байх ёстой гэдэгтэй ч санал нийлж байна. Гэхдээ би амьдрал дээр хүмүүсийн төсөөлж байснаас илүү нээлттэй хүн л дээ. Заримдаа нэлээд адайр ч гэж хэлж болно.
-Харин ч би өөрийг чинь жаахан хулчгар юм уу гэж боддог. Хэзээ ч амбиц хөөдөггүй, хотоос зайтай ганцаардмал зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд л амьдардаг гэдгийг чинь мэднэ. Хүмүүсээс айдаг хүн гэж боддог ш дээ?
-Амбиц хөөж сураагүй л байна. Амжихгүй ч яваа байж магадгүй. Магадгүй би эрх дураараа амьдрах дуртай ч юм бил үү? Хүмүүсээс айдаггүй ээ. Харин ч тэднийг хайрладаг. Магадгүй надтай уулзаад өмнөх нөгөө гоё сайхан төсөөлөл нь алга болчихвол хэнд гомдоллох билээ дээ. Ямар ч байсан гэр бүлтэйгээ амар жимэр амьдрах шиг гайхамшигтай зүйл өөр хаана ч байхгүй гэдгийг би харин итгэлтэй хэлж чадна шүү.
-Тийм гэж үү? Зохиолчид их олны дунд явдаг, найр наадамд жаахан дуртай, нээлттэй л улс харагдаад байдаг юм?
-Найр наадамд үнэндээ дурлаж байгаагүй ээ. Хэзээ ч тийм зүйл сэтгэлд минь сайн сайхан, гэрэл гэгээтэй үйл мэт санагдаж байсангүй. Дарсны ширээний араас онгод дууддаг болхидуухан арга шийдлээс анхнаасаа холхон байсан болохоор тийм зүйлд татагдаж бас амжаагүй л явна.
-Таны энэ үг бусад зохиол бичдэг хүүхнүүдэд таалагдахгүй л байхаа даа? Гэхдээ та тэд нартай найзлах биш дээ?
-"Хэнд би таалагдах ёстой вэ?" гээд яруу найрагч Ц.Доржсэмбийн сайхан шүлэг бий дээ. Тэрэнтэй адил би доллар шиг заавал хүн бүхэнд таалагдах ёстой биш шүү дээ. Найз нөхөд байлгүй яахав. Манай ангийн хүүхэд байсан, "Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ш_Лхамноржмаа байна. Нэг үе "Цагаан-Уул" шүлгийн наадамд нэр нь гарч, сайхан шүлгүүдээрээ гайхуулж байсан Оюундэлгэр маань байна. Зохиолч Б.Шүүдэрцэцэг гээд тоочоод байвал найз бүсгүйчүүл бол харин ч олон бий шүү. Бас гадаадад ажиллаж амьдардаг олон сайхан шүлэг, бүтээлтэй цахим найзууд ч бий. Бид дарсны ширээний ард уулзаж цуглаж байсан тохиолдол үгүй. Магадгүй миний тийм зүйлээс хойш суудаг зангаас болдог ч байж болох юм.
-Би чиний дурсамжуудыг уншиж байсан. Архинд автаж, үр хүүхэд эхнэрээ зовоодог байсан хойт эцэг, айлын гэрт толгой хоргодож, орон гэргүй явсан хүнд өдрүүд, баян, хүйтэн хөндий харь хүмүүс. Хүнд амьдралын эрхээр үр хүүхдээсээ хагацсан гашуун түүх. Энэ бүхнийг олонд дэлгэх шаардлага, бас цаг нь болчихсон гэж үү?
-Би багаасаа л их шударга, цэргийн гэмээр хатуу дэглэмтэй өсөж хүмүүжсэн хүн. Манай гэр бүлд хүнд хэцүү үе олон байсан ч худлаа хэлэхийг хэн ч тэвчдэггүй байлаа. Хойт эцэг маань ч ялгаагүй. Тэр хүн бидний амьдралд хар бараан үеийг төлөөлдөг хэдий ч түүний шударга зан чанарыг би одоо ч үнэлдэг. Тийм болохоор л хэзээ нэгэн цагт хүмүүст өөрийнхөө талаар тэнгэрийн амьтан мэт ганган ойлголт төрүүлэхийг хүсээгүй. Аливаа түүх гэдэг арчиж, устгаж болдоггүй үнэн зүйл байдаг шүү дээ. Тэр утгаараа хүмүүст өөрийн туулж өнгөрүүлсэн бүхнийг нуулгүй хэлэх нь зөв гэж шийдсэн. Миний хувьд ер нь аливаа асуудалд түс тас ханддаг учраас тэр нь илүү амар санагддаг.
-Гэхдээ энэ үнэн бас гашуун түүхийг хүмүүс, ялангуяа ээж болоод дүү нар чинь, бас гэр бүлийн, ойр дотны чинь хүмүүс хэр хүлээж авсан бол гэж би тэр үед бодож байсан шүү?
-Мэдээж, миний амьдралыг мэддэг хүн бүхэн дурсамжуудыг маань сонирхож харсан гэж бодож байна. Ний нуугүй хэлэхэд эсэргүүцэх хүн байсан ч гэлээ хүмүүсийн хүлээж авч байгаа хандлага тэднийг тайтгаруулсан. Хүмүүс үнэнд дуртай гэдгийг би энэ дурсамжуудаараа баталж өгсөн гэж бодож байна. Тиймээс гэр бүлийнхэн маань ямар нэг өгүүлэл тавиагүй л байна. Ер нь би жаахан зөрүүд зантай л даа. Тиймээс хийе л гэвэл хийж байж салдаг занг минь мэдэхийн хувьд хэн ч эсэргүүцэж зүрхлээгүй байх. Бас уншигчид ч төсөөлж байснаар минь огт өөрөөр, харин ч бүр хэтэрхий сайхнаар хүлээж авсан. Энэ нь надад илүү шударга, илүү зоригтой амьдрах итгэлийг өгсөн.
- Амьдралаа олон нийтэд дэлгэх, ялангуяа хүнд хэцүү өдрүүдийг дурсах амар биш шүү дээ?
-Тийм ээ, их удаан бодсон. Гэхдээ л аливаа үнэнийг нууж дарах нь улам ч хэцүү байдалд оруулдаг гэдэгт итгэдэг тул насаараа хав дараад явъя гэж хүсээгүй гэх үү дээ. Түүнээс гадна өчүүхэн жижиг асуудлаас болоод амьдралын сайн сайхнаас татгалзаж байгаа олон залууст сургамж болоосой ч гэж бодсон тал бий. Одоо хэр нь миний дурсамжуудыг байнга сөхөж хараад эрч хүч авч амьдардаг олон уншигч бий. Тэд үргэлж надтай холбоо тогтоож санаа бодлоо илэрхийлж байдаг. Хүмүүс заримдаа "Чи хэтэрхий залуу хүн байж яаж ийм олон зүйлийг туулж гарсан хэрэг вэ?” гэж асуух нь бий. Тэр болгоны хариуд би "Амьдралд хэтэрхий хайртай минь л намайг олон аюул дундуур хөл нүцгэн туучих зоригийг өгсөн” гэж хэлдэг.
-Нэгэн цагт чамайг ядуу гэж ад үзэж, бас дээрэлхэж, доромжилж байсан тэр хүмүүстэй одоо уулздаг уу?
-Нэгэн цагт орхиж, хаяад явсан бүхэн над дээр эргэж ирсээр байгааг би анзаарч байгаа.
-Жишээ нь гээд асуучихья. Зүгээр л хэрэгт дурлаж байгаа юм шүү?
-Жишээ нь үү? Хойт аав маань надаар бахархаж, надаар амьсгалж амьдарч байна. Өөр олон хүн бий. Хүнд хэцүү өдрүүд олон байсан ч би дотоод чанараа хэзээ ч дорд оруулаагүй. Бүр тодруулбал хэнээс ч, юу ч гуйгаагүй учраас бусад хүмүүс бидний хооронд ямар ч өр шир байхгүй. Тиймээс эргэн ирж байгаа тэдгээр хүмүүст гомдоллоод байх шаардлага надад байдаггүй. Тэдгээр хүмүүс эргэн ирсэнээр магадгүй миний сэтгэл илүү дүүрэн амьдардаг байж ч болох юм.
-Тэр хүн ээжийг чинь бас балчир хүүхдүүдээ зовоож байсандаа уучлал гуйсан. Та нар ч гэсэн уучилчихсан юм байна. Тийм үү?
-Бид аль эрт уучилсан. Ойр дотно байгаа. Манай гэр бүл зассан шагай шиг дөрвөн охинтой айл учраас үргэлж хэн нэгнийг хайрлахад бэлэн байдаг улс. Тиймээс уучлалт маань биднийг эргээд амьдралын баяр баясгалан, аз жаргалтай мөчүүдэд умбуулж байгаа. Уучлал биднийг улам хүчирхэг болгож байгаа гэж хэлж болно.
-Алдаа хийсэн хүмүүсийг уучлахад амархан. Харин алдаж байсан хүн өөрийгөө бас уучилчихсан гэдэг аймаар л юм байна. Яагаад гэвэл тэр хүний алдаа та нарыг асар их зовлонд унагаж байсан шүү дээ?
-Зүгээр ээ. Тэр хүнийг бид шүүх эрхгүй. Шүүлт гэдэг өөр байдлаар хүний амьдралд ирдэг шүү дээ. Тиймээс бидэнд эцэг, эхээ шүүгээд сууж байх шаардлага байхгүй гэж би хувьдаа боддог. Энд ч бас тэр асуудлыг дахин дахин сөхөөд баймааргүй байна. Ер нь хэн нэгнийг үзэн ядах би дургүй. Аль болох л боломж олдвол уучлахад бэлэн амьдардаг.
-Ярианыхаа сэдвийг өөрчилье. 20 ном гаргасан зохиолч эмэгтэй. Өөрийг чинь хүмүүс их хөрөнгө хуримтлуулсан баян эмэгтэй гэж боддог? Гэхдээ би чамаас "Надад үр хүүхэд, нөхөр, ах дүү байгаа, би баян хүн” гэдэг улиг болсон хариулт сонсмооргүй байна гэдгээ урьдчилаад хэльчихье.
-Үүнээс цааш улам ч их хөрөнгө хуримтлуулах болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл надад баялгийг үйлдвэрлэх нөөц бололцоо хангалттай бий. Ухаан санаа минь эрүүл, оюун бодол минь хурдацтай өсөж байгаа цагт баялаг хэзээд бидний гарт байдаг. Тиймээс хэрвээ ахуйн талаас асууж байгаа бол хэрэгцээтэй бүхэн минь надад бий. Тэр бүхнийг хэрэглэх шаардлагатай учраас л өөртөө бий болгосон. Харин чиний хэлж байгаа домоглосон хариултын тухайд бол би хэний ч санаанд багтахааргүй баян хүн шүү / инээв/.
-Чамайг нэг залуу дарамталж байсныг мэднэ. Ер нь иймэрхүү дарамтууд хэр их ирдэг вэ?
-Намайг дарамтлаагүй ээ, зүгээр л тийм араншинтай хүн юм байна гэж би дүгнэсэн. Мэдээж би хэн нэгэнд таагүй сөрөг бодол төрүүлсэн бол тэр хүн ямар нэг байдлаар надад саад болохыг л хүсэх байх. Тэр утгаараа мэр сэр гутаан доромжлохыг чармайсан тохиолдол гардаг л юм. Гэхдээ үйлийн хариу гэдэгт нь даатгаад л орхичихдог. Үйлийн үр гэдэг ямар ч хорсол зүхлээс илүү хүчтэй тусдаг зүйл.
-Чи гоё байшинтай, шатчихвал яана. Чи хөөрхөн охинтой гэлүү? гэж тэр хүн бичсэн байсан. Магадгүй би чиний оронд байсан бол аль хэдийнээ очоод тэр хүнийг багалзуурдаад хэвтэж байх байсан байх?
-Хүнийг хийсэн хэргийнх нь төлөө зүхэх амархан л даа. Би ч тухайн үедээ цочролд орж байсан. Гэхдээ дараа нь бодож байгаад өрөвдөхөөр шийдсэн. Учир нь тэрнийг хийсэн үйл нь тэртэй тэргүй ямар нэгэн таагүй зүйлтэй учруулна. Тэрнийх нь төлөө одоо тэр хүнийг туйлын их өрөвдөж байна. Хэрвээ би зүгээр л амьдарч байгаагаараа хэн нэгнийг тийм ихээр тарчлааж байгаа бол тэр бүхнээс уучлалт хүсмээр байна.
-Бүхнийг уучилж чадна гэдэг аймаар их тэвчээр шаарддаг байх. Гэхдээ заримдаа уучлахын аргагүй юм гэж бас байдаг шүү дээ?
-Уучлахын аргагүй зүйл гэж үнэндээ байхгүй гэж бодож байна. Бид хэтэрхий бодит, материаллаг амьдралын хуулиар амьдарч байгаа учраас л ингэж бодоод дасчихсан байх. Эндээс буцаад бид бүгдээрээ л нэгэн цул болно шүү дээ. Энэ дэлхийн аль нэг өнцөгт явж байгаа, намайг огт танихгүй хүн ч байсан миний л нэг хэсэг. Учир нь бид хүмүүс.
-Уучлаарай бид хоёрын яриа нэг л хийсвэр, бас амьдралаас тасраад явчих шиг боллоо?
-Амьдралаас тасарлаа гээд бид хаачих билээ дээ? Энэ бор шороон дээрээ л алхаж байна биз дээ?
-Хүн болгонд мөрөөдөл байдаг. Ялангуяа уран бүтээлч хүмүүс алдарын оргилыг харж байдаг. Нобелийн шагнал эсвэл эсвэл хэдэн зуун саяар борлогдох бүтээл гээд л... Харин чиний хувьд?
-Надад маш их мөрөөдөл бий. Гэхдээ Нобелийн шагналыг мөрөөдөж амжаагүй л байна /инээв/. Ер нь бол бүтээлүүдээ ашгийн болон ашгийн бус гэж ангилах нь зохиолчдод түгээмэл байдаг үзэгдэл. Миний хувьд ашгийн зүйлсийн араас хөөцөлдөх шаардлага гардаг л юм. Гэхдээ сэтгэлгээнийхээ бүтээлүүдийг би хувьдаа ямар ч их мөнгөөр үнэлэхгүй гэж боддог. Учир нь түүний минь үнэ хэний ч санаанд багтахгүй тийм их.
-Хэрэгт дурлаад асуухад таны ямар бүтээл хамгийн өндөр үнээр зарагдаж байсан бэ?
-Кино зохиол, бас эротик өгүүллэгүүдэд маань боломжийн үнэ хэлэх хүмүүс хүрч ирж байсан.
-Ний нуугүй үнэнийг хэлэхэд манайд зохиолыг үнэлж чаддаг гэж үү? Нууц биш бол таны авч байсан хамгийн өндөр хөлс?
-Мөнгөний тоо хэлмээргүй байна. Учир нь хүмүүс итгэх ч үгүй биз. Энэ нэг хүүхэн худлаа гайхуулж байна гэх хүмүүс олон бий шүү дээ. Үнэлэх чадамжтай хүмүүс эрэлхийлэл их хийдэг юм шиг санагддаг. Тийм учраас эрэлхийлэгчидтэй хамтран ажиллах дуртай. Би ч өөрөө нэг тийм давтаагүй зүйлийг бодож олохыг хичээдэг.
-Гэхдээ тэр эрэлхийлэгчдийн дотор оюуны бүтээлийн хулгайчид асар олон байгаа шүү дээ?
-Мэдээж, заримдаа бүр санаа зовмоор хуулж, дуурайх нь бий. Гэвч энд ямар нэг нэр дурдаж өөртөө лай хураамааргүй байна.
-Иймээс л манайд хулгай их байдаг. Хэн ч зарлаж чаддаггүй?
-Цагаа болохоор зарлах биз дээ? Энэ талаар ажиллаад эхэлчихсэн хүн олон бий. Одоохондоо намайг оролдоогүй байгаа болохоор хэн нэгний өмнөөс баатар болж түрүүлж гүймээргүй байна. Гэхдээ уран бүтээлчид заримдаа бие биенийхээ бүтээлийг улаан цагаан дээрэмдэх үзэгдэл байсаар л байгаа.
-Өнөөдөр зохиолч гэж яг хэнийг хэлэх вэ гэдэг асуудал надад тун бүрхэг санагддаг юм. Номын дэлгүүр орно баахан ном, тэгсэн хэрнээ унших зүйл олдохгүй, Зохиолчдын хороо орно бас нэг бүүдгэр орчин?
-Хөгжил гэдэг хүссэн зоргоор гүйгээд ирчихгүй шүү дээ. Бид урагшаа чадах чинээгээрээ явж л байна. Өнөөдөр улстөрч гэж яг хэнийг хэлэх вэ гэдэг асуултад бид хариулахдаа эргэлздэггүй гэж үү? Гэхдээ улстөрчдийг бодвол манай зохиолчид чадах чинээгээрээ өөр өөрийнхөө ажлыг хийгээд л явж байгаа. Ямар ч байсан хэн нэгний газрыг дээрэмдэж мөнгө олоогүй, худлаа ярьж, хоосон амлаж дээшээ мацаагүй гэж би боддог. Уншъя гэвэл бидэнд олон ном бий. Тийм хангалттай биш ч гэсэн уншигчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр л байна
-Уншигчид нэмэгдэж байгаа гэдэгтэй санал нийлнэ. Харин асар олон ном, дурсамж дуртгал гэхэд хэцүү баахан нуршаа зүйл, мөр толгой холбосон шүлэг гэхэд хэцүү баахан зүйл. Заримдаа айдас төрүүлдэг юм. Үнэнийг хэлэхэд мөнгөтэй болгон л хэвлэж байна. Үүнээс болж уншигчид үргэх бий дээ гэдэг айдас та нарт байдаггүй гэж үү?
-Миний хувьд айгаад байх шаардлага алга даа. Бусдын тухайд бол тэртэй тэргүй уншигчид өөрсдийн сонголтоороо тэр асуудлыг шийдчихэж чадаж байгаа. Зарим ном дэлгүүрийн лангуун дээр гурван жил ч хэвтдэг гэж би сонссон. Хүн ер нь чадмаар санагдсанаа хийж л байг л дээ. Тэгээд болохгүй, боломгүй гэж бодвол өөр зүйл хийнэ л биз. Амьдрал угаасаа л биднийг олон зүйлийг туршиж мэд гэж нааш нь илгээсэн хойно бодол санаандаа багтаж байгааг гүйцээх л хэрэгтэй. Жишээ нь би л гэхэд чадахгүй ч гэсэн зураг зурж, фото зураг, үйл явдлын зураглалуудыг авах дуртай. Үүнтэй л адил болов уу гэж бодож байна.
-Гэхдээ ном гэдэг арай өөр үнэ цэнэтэй зүйл гэж би боддог юм?
-Бүх хөдөлмөр үнэ цэнэтэй хө. Ном ч бас ялгаагүй. Тэрнийг ариун дагшин байлгах асуудал дээр бичиж байгаа, уншиж байгаа хоёр хоёулаа л анхаарна. Тэгж байж л асуудал шийдэгдэнэ шүү дээ. Ямар ч байсан би хувьдаа болсон болоогүй номнууд гэж аль нэгийг нь ад шоо үздэггүй. Мэдээж ур чадвар, судалгааны хувьд дутагдалтай ном зөндөө л таардаг. Гэсэн ч нэг ном уншихад нэг л зүйлийг мэдчихвэл хангалттай биш гэж үү? Харин бүтэн ном уншаад байхад юу ч ойлгож чадахгүй байгаа бол тэр уншигч өөрөө л асуудалтай хүн байж таарна. Номын зорилго нь хэн нэгний мэдээгүйг мэдүүлэхэд л байгаа байх. Тэр утгаараа надад лав уншиж амжаагүй, уншихсан гэж хүсэж байгаа олон ном бий.
-Ярилцсанд баярлалаа. Чамд уран бүтээлийн амжилт хүсье.

shudarga.mn
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 2318 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 1
[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-06-14


saihan yariltslaga boljee, amjilt husen erooj suuna shuu Molor min
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Баасан, 2024-05-10, 08:08
Welcome Зочин