Нүүр хуудас » 2010 » 6-р сар » 24 » ШАВХАГДАЖ БУЙ ДЭЛХИЙ БА ТЭНЦВЭРТЭЙ МОНГОЛ
21:00
ШАВХАГДАЖ БУЙ ДЭЛХИЙ БА ТЭНЦВЭРТЭЙ МОНГОЛ
Монголын сэдэв бол эдийн засгийн хөгжил. Гэвч сэдэв ид хазайдаг оргил үе байх юм. Худал, үнэн нь хамаагүй гол сэдвийг маазруулж байж санасандаа хүрэхийг оролддог тактик өдрөөс өдөрт нарийсч байгааг анзаарахгүй өнгөрөхийн аргагүй. Харамсалтай нь маазрагчид олон байна. "Тээр, наадах чинь Хятадын тагнуул шүү” хэмээн олон нийтийг хий сүрдүүлэх кампанит ажил эхэлжээ.  
Өмнө нь улс төрийн сонгуулийн үеэр ийм тохуу нэр дэвшигчдийн дунд өрнөдөг байсан бол өдгөө хэн нэгнийг гүтгэх зорилгоор эдийн засгийн сэдэвт ч ороолж, улс орны ажил хэргийг самрахаар улайрах төлөвтэй. Тэмээ гэхээр ямаа гэж байж тэмээн дээр ямааны гарз болох вий.
МОНГОЛЫГ МААЗРУУЛАХ ХЭНД АШИГТАЙ ЮМ? 

Эцэг өвгөдийн үлдээж өгсөн газар зүйн байршлаар Евразийн хамгийн хүчирхэг хоёр том гүрний тэхий голд тэгнэн оршдог далайд гарцгүй Монгол Улс. Өнөөдрийн байдлаар нефть гэхчлэн стратегийн түүхий эдээр хойд хөрш ОХУаас шууд хараат харанхуй Монгол. Өмнөд хөрш БНХАУ-аас өдөр тутмын өргөн хэрэглээгээр хараат, үйлдвэржээгүй Монгол. Идэж уух, өмсөж зүүх төдий хэрэглээгээ хүртэл импортлон доноруудын зээлээр өдөр хоногийг өнгөрүүлж буй Монгол Улсын тусгаар тогтнол, ард түмний эрх чөлөөг жинхэнэ гэж хэлэхэд учир дутагдалтай. Энэ л бидний ямагт санаж сэрж байх ёстой хамгийн чухал сэдэв мэт санагдана.

Монголчуудад бурхан Орос, Хятад хоёрыг мөнхийн хөрш болгон заяасан шигээ хөрсөн дор нь эрдэнэсээр баян нутаг орныг оноон даатгажээ. Ерөнхий сайд С.Батболд УИХ-д өргөн барьсан Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Засгийн газрын саналын талаар ажил хэрэгч санал, мэтгэлцээн өрнөж баймаар энэ өдрүүдэд хов живийн чанартай, цаг үрсэн дэмий яриа тулга тойрох янзтай.

Тавантолгойгоо таних гэж, энд өрнөх бизнесийн мөн чанарт дөхөх гэж хичээж буй монголчуудын тархийг "Засгийн газарт Хятадын 10 тагнуул ажиллаж байна” гэхчлэн детектив маягийн тэс хөндлөн мессежээр "угаах” нь хэнд хэрэгтэй гэж. Хятадаас сэрэмжлэх бодлого хөрш манайд бүү хэл, хаа холын Америкт ч бий. Тэглээ гээд америкчууд бидэн шиг өөр зуураа хэмлэлдэж, амин чухал сэдвээсээ хазайдаггүй л байх.

ТАВАНТОЛГОЙ ДАЛАЙД ГАРАХ НЬ 

Хоёр хөршөөс эдийн засгийн хувьд аль нэг салбарт шууд хараат байх, харилцан хамаарлын тэнцвэр алдагдах байдлаас монголчууд юуны өмнө зайлсхийх ёстой. Бодлого боловсруулагчдын уриалж буй үсрэнгүй хөгжлийн зорилт хоёр хөршийн анхаарлын төвд байгааг мартаж болохгvй. Орос баавгай Тавантолгойн ордыг өөрсдийн мэдэлд ирэх боломжтой мэтээр мэдээлж байсан нь саяхан ч эдийн засгийн хямрал тэдний амбицийг намжааж орхиод байгаа билээ. Хятад луу энэ талаар чимээ аниргүй суугаа мэт боловч газар зүйн болоод худалдаа наймааны ашигт байрлалаараа Монголыг худалдаад авчихад түвэггүй хэмээн хөрөнгө санхүүгээрээ дэлхийд гайхуулж буй тэд тайвширдаг биз. Монгол Улсад хэн алины нь тэнцвэрийг олох боломж бий.

Бид стратегийн орд газрууддаа гуравдагч хөршийн ашиг сонирхол, хөрөнгийг байршуулах аргаар геополитикийн ашигтай орчныг бий болгож чадна. Түүнчлэн аль болох далайд гарахыг эрэлхийлсэн худалдааны замыг сонгох хувилбар шаардлагатай. Манай улсын далайд гарцгүй газар зүйн байршил үндэсний аюулгүй байдал болоод эдийн засгийн хөгжлийн хамгийн тулгамдсан эмзэг асуудал юм. Ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд нийлүүлэх ашиг сонирхлоо бодсон ч далайгаар дэлхийн олон боомттой урт хугацаанд тогтвортой харилцаатай байх бодлого зөвхөн Тавантолгойнх биш, Монголын эдийн засагт зайлшгүй орон зай юм.

Тиймээс Засгийн газар Тавантолгой болон бусад орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар яриа хэлэлцээ явуулахдаа далайд гарах боломжийг бүрдүүлсэн хувилбарыг эрэлхийлэх хэрэгтэй болов уу. Биднээс түрүүлж аж үйлдвэржсэн дэлхийн орнуудын ихэнх нь байгалийн нөөцөө шавхан хэрэглэжээ. Эрчим хүчний эх үүсвэрийн төлөөх өрсөлдөөн улам ширүүсч, дайтахад ч бэлэн байна.

АНУ Иракийн дайныг 2001 оны есдүгээр сарын 11- нээс болж зарласан гэдэгтэй зарим шинжээчид санал нийлдэггүй. Дайн эцсийн бүлэгт эрчим хүчний эх үүсвэрийн төлөөх тэмцэл байсан гэж олон улсын харилцааны зарим эх сурвалжуудад мэдээлдэг.

ТАВАНТОЛГОЙ ДЭЭРЭЭ ТООС МАНАРТАЛ "ГӨВШИЛЦСӨӨР” БАЙХ УУ? 

Нүүрсийг шороон замаар тээвэрлэж байгаа учир элс шороо босож зам ч гэж там болжээ. Өмнөговиос Хятад руу нүүрсний жин тээгчид зам дагуух бэлчээр, ургамлыг сүйтгэж байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна. Өөрсдөө ч осолдох шахан амь дүйн уралдана. Тавантолгойд одоо иймэрхүү бизнес өрнөж буй ч хэтийн хөгжил нь Монголыг дэлхийд дуурсгана гэдэгт итгэж байна.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн нүүрсний орд газраас "Энержи ресурс” ХХК, "Тавантолгой” ХК-ийн олборлож байгаа нүүрсийг хилийн Гашуун сухайт боомтоос 20 километр наана орших "Цагаан хад” хэмээх нүүрс буулгах цэг хүртэлх 225 км зайд өдөрт 300 гаруй тэвшийг хүнд даацын ачааны 1000 гаруй (нэг машины даац 80 тонн) автомашинаар тээвэрлэж байна. "Монголын алт” (MAK) ХХК, "Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК, "Саусгоби сэндс” ХХК-ийн олборлож буй нүүрсийг хилийн Шивээ хүрэн боомтоор хил гарах хүртэл 56 км зайд 500 гаруй машин зөөж байна. Эдгээр таван аж ахуйн нэгж 2010 онд нийт 13 сая тонн нүүрс зөөнө.

Засгийн газрын боловсруулж УИХ-д өргөн барьсан саналд ордын тодорхой хэсэгт төрийн өмчит компани олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулж, тодорхой хэсгийг хамтран ашиглах хөрөнгө оруулагчдыг урьдчилсан сонгон шалгаруулалтын баримт бичгийн дагуу ил тод, нээлттэй хэлбэрээр шалгаруулна гэж байгаа. Шалгарсан аж ахуйн нэгжтэй урьдчилгаа төлбөр, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хэлэлцээ хийж, хөрөнгө оруулалтын гэрээний төслийн дагуу гэрээ байгуулах чиглэлээр ажиллахаар Засгийн газар төлөвлөсөн. Хятад руу нүүрс зөөдөг монгол наймаачдын зарим нь бизнесийн туршлагадаа үндэслэн Тавантолгойн ордыг ашиглах сонирхлоо илэрхийлээд байгаа билээ.

Тавантолгой монгол чуудын хувьд онцгой орд. Бид өөрсдийн хөрөнгөөр хайгуулыг нь хийснээрээ, 100 хувь төрийн мэдэлд үлдээснээрээ яах аргагүй шинэ сорилт. Тиймдээ ч Тавантолгой монголчуудын хоорондын түнжинг бишгүй түншиж байна. Монголчууд Тавантолгойгоо өөрс дөө ашиглаж чадна хэмээн уриалж буй үндэсний консорциумын удирдлага, зохион байгуулалт болоод менежментийнх нь талаар таагүй мэдээллүүд дуулддаг. "Монгол 999” нэгдлийн тухайд экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр олон нийтэд хандан байр сууриа илэрхийлсээр байгаа нь анхаарлын гадна үлдсэнгүй.

"Хамгийн ойлгомжгүй, олон нийтийг төөрөгдөлд оруулаад байгаа зүйл бол уг нэгдэл, ер нь манай компаниуд Тавантолгой төсөлд хэрхэн оролцох байдлаа тодорхойлж, томъёолж байгаа байдал юм. Уг нэгдлийн удирдлагад байгаа хүмүүсийн хэлж ярьж, илэрхийлж буй хоорондоо зөрчилтэй байр сууринаас бодит хандлага үгүйлэгдэж байгаа нь харагдаж байна” гэж Н.Энхбаяр өгүүлжээ.

Үндэсний консорциум эв нэгдэлтэй, зөв менежменттэйгээр Тавантолгойн сорилтыг даагаад гараасай гэсэн нийг мийн хүлээлт байлаа. Тэдний түнжингүй байдалд урам хугарч байна. Монгол Улс гадаад ертөнцөд төдийгүй дотооддоо ч тэнцвэртэй байдлыг хадгалах замаар том бизнест амжилт гаргах нь дамжиггүй.

Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 908 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 2
[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-06-25


chinii helj bgaa chine vnen zaluu mine argagui manaihan dutmag bna uhaantai bj bvgd negden niilj zuw hudulj chadwal undurlugt suuchaad nutgaa zaraad tvreesleed bgaa malnuudiig bid garah gazargvi bolgoh bolomjtoi bi l huwidaa unuugiin baidald mash ih emzgelj bna olnooroo boswol bi l law dutahgui ornoo gehdee vimeen bish zuw amidrah udirdah hvniig songoh temtsel...
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: zma_monkhuu | 2010-06-25


MGL-n hoorondoo ev tunjingui bh hend ashigtai ve? Ene tal deer bid nar bugd meddeg ch gagtshuu garah zamaa olohgui bna 1 ni gaigui garah zam olohoor nuguu ni hen negnii yvuulgaar teriig ni uguisgej bna, ene buhend zaaval hariult heregtei boloh bh. Hariultiig ni haihaar turiin tom undurlug dotor gadniihnii erh ashigiig hamgaaldag hunuus bgaad bh shigee. Er ni ene bodol zugeer ch 1 bodogdoogui ikh l olon zuil deer haragdaad bh shigee gehdee ene bol huvi hun minii l bodol
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Даваа, 2024-04-29, 05:16
Welcome Зочин