Нүүр хуудас » 2010 » 6-р сар » 25 » А.Сүхбат: Наадамд Бат-Эрдэнэтэй ганцхан таарсан би азтай, нэг бодлын азгүй хүн
12:36
А.Сүхбат: Наадамд Бат-Эрдэнэтэй ганцхан таарсан би азтай, нэг бодлын азгүй хүн
Монгол Улсын далай даян аварга А.Сүхбаттай ярилцлаа.

-Та зүлэг ногоон дэвжээн дээр зодоглохгүй их удлаа. Хааяа барилдмаар санагдах юм уу?

-Би ухаан орж эхлэхдээ гэж ярьдаг даа, тэр үеэс л спортод, бөхөд дуртай хүүхэд байлаа. Дэвжээн дээрээ байх үнэхээр сайхан. Усны амьтан усандаа жаргалтай гэдэг шиг би дэвжээн дээрээ жаргалтай байж чаддаг. Долоо хоногт 2-3 удаа бэлтгэл сургуулилт хийж байгаа.

-Хэрэв наадамд зодоглолоо гэхэд одоо барилдаж байгаа бөхчүүд дотор эрэмбээрээ хэн хэний дараа зогсох вэ?


-Б.Бат-Эрдэнэ аваргын дараа.

-Ид сайхан барилдаж явсан үеэ эргэн дурсахад?

-Уншигчид маань зургаан залуу зааны ид шуугиулж явсан үеийг бүгдийг нь мэдэх байх аа.

-"За даа энэ жил би түрүүлчих юм байна даа" гэж өмнө мэдэрч байв уу. Аварга хүнд тийм зөн совин төрдөг үү?


-Аварга болоод байгаа бөхчүүд аль аль талаараа арай л өөр байдаг байх аа. Наад зах нь л гэхэд авьяас чадвар, оюун ухаан, бие бялдар гээд л олон юм ярих байх. Түрүүлэх жил бүх үзүүлэлт цаанаасаа сайн, бүх зүйл сайхан бүтэмжтэй байдаг.

-Таны үеийнхэн маш хүчтэй өрсөлдөгчид байсан. Тэгсэн атлаа Б.Бат-Эрдэнэ аваргад даанч арчаагүй унаад өгдөг байж билээ. Ямар учиртай байсан юм бол?


-Энгийн сонирхогч, үзэгчдийн нүдээр тиймэрхүү харагддаг байх л даа. Бат-Эрдэнэ аваргад илүү сайн чанарууд олон байдаг ш дээ.

-Б.Бат-Эрдэнэ та хоёрын унаа, даваа хэр ойролцоо байсан бэ. Сүүл рүүгээ та түүнд ер унаагүй санагдах юм?


-Надад барилдааны тэмдэглэлүүд маань бүгд дуурайтал бичээстэй байгаа. Ирээдүйд бичих номдоо оруулна. Бидний дундаас төрөн гарсан их хүчтэн Бат-Эрдэнэ аваргатай наадамд ганцхан таарч барилдсан би азтай хүн. Нөгөөтэйгүүр Бат-Эрдэнэ аваргатай улсын наадамд олон таарч барилдаж чадаагүй би азгүй хүн.

-Одоо бэлтгэлийн зааланд шавь нартайгаа ноцолдоно биз. Бяр хүч, хурд тань ямархуу байна вэ. Нэлээн жин хассан харагдах юм?


-Жингээ нэлээд хассан. 30 кг орчим. Намайг жижиг Сүхбат гэдэг биз дээ. Ард олон насных нь нэрийг зөв олоод өгчихдөг юм байна. Би одоо 85 кг жинтэй байгаа. Өндөр 181 см, жин 85 кг болохоор хөнгөн, түүртээд байхгүй сайхан болсон. Эрүүл мэнд, бие бялдар бол дээд зэргийн гоёл биз дээ. Их жинтэй, гэдсээ унжуулаад явахыг хүсээгүй дээ.

-Тэр жилийн наадамд Г.Өсөхбаярт тийрүүлж бөөн дуулиан болсон. Яг юунаас болсон юм бэ. Одоо энэ тухай ярьж болох уу?


-Бид олон нийтийн өмнө биеэ зөв авч явж аливаад ёс зүйтэй хандаж байх хэрэгтэй. Бат-Эрдэнэ аваргатай хэдэн удаа ширүүхэн барилдсаныг эс тооцвол надад гаргасан ноцтой алдаа байхгүй. Миний хувьд зарим нэг барилдаан дээр буруу шүүлтэд орж харамсч байсан ч биеэ бариад л өнгөрч байсан. 2001 оны Өсөхбаяр бид хоёрын барилдааны хувьд хохирогч нь би. Энэ асуултаа танхайрсан хүнээс нь асуувал дээр байх.

-Барьц сонгох, аварга цолыг дунд нь эрэмбэлэх, зааглах зэрэг хачирхалтай дүрмүүдийг бөхийн холбоо шинээр нэмж билээ. Энэ нь бүгд таны эсрэг зориулсан дүрэм гэж хүмүүс ярьцгаадаг. Одоо та барилдахаа больсон юм чинь энэ дүрмээ өөрчлөх гэж байгаа гэсэн. Үнэн үү?


-Монголын үндэсний бөхийн холбоо бол хувийн компани болчихсон юм байна даа гэж ойлгож байгаа. Уг нь олон нийтийн оролцоотой төрийн бус байгууллага гэсэн оноосон нэртэй байдаг юм. Ноднин жилийн барилдааны дүрмийг хар л даа. Өсөхбаяраас хүн барьц аваад ч хаяж чадахгүй байна ш дээ. Хэн жинтэй, хүчтэй, өндөр нуруутай байна тэр хүнд зориулж дүрэм зохиогоод байгаа юм шиг. МҮБХ-ны ноцтой, хэт басамжилсан үйл ажиллагааны нэг хэлбэр бол энэ шүү дээ. Бас болоогүй шинэ цол зохиож түүнийгээ, олон нийт, бөхчүүдийн саналыг авалгүйгээр шууд дээгүүр (УИХ.сурв) батлуулна. Энэ байдлыг нь би эрс эсэргүүцэж хэлж ирсэн. Хэлэх ч болно. Ю.Цэдэнбал дарга 40 жил төр барьсан. Р.Нямдорж, Д.Данзан нар одоогоор 20 гаруй жил МҮБХ-г удирдаж явна даа. Бидэнд "Их эе" гэж дөрвөн жилд нэг удаа болдог бөхчүүдийн их хурал байсан. Энэ мартагдаж байна. Уг нь Монголын үндэсний бөхчүүдийнхээ нэрийг сайн сайхан авч явж, тэднийхээ амьжиргааг мэдэгдэхүйц сайжруулж, бай шагналыг нь нэмж, монгол түмнээ шуугиулсан барилдаануудыг үзүүлдэг тийм спорт болгоод авч явах боломж бид бүхэнд хангалттай байгаа юм. Хамгийн гол нь наадмын цолны найрааг үеийн үед гаргуулахгүй боомилох хэрэгтэй байгаа юм. Удирдлага ямар байна, амжилт, хариу нь бас тиймэрхүү гараад байна. Жудогийн холбоог Х.Баттулга ах аваад яаж төрөл арилжтал өөрчилж, хөгжүүлж авч явж байна. Бас боксын холбоо. Мөн адил амжилт арвин, ургацтай явна. Чөлөөт бөхийн холбоог Л.Чинбат ах аваад олон сайхан зүйл хийж тамирчид маань урагшилж байна. МҮБХ шинэчлэгдэх хэрэгтэй байна.

-Ер нь иймэрхүү хавчлага дунд удаан тэсвэрлэж чадалгүй А.Сүхбат зодог тайллаа гэж олон үзэгч харамсдаг юм билээ?


-Бөхийн цолны найраа бол "Нарантуул" зах дээр гар дээр худалдаа хийж, үнэ хаялцуулж байгаа юм шиг болдог юм. Би ноднин жил лоозон барьж гарсан. Настай, өндөр цолтой бөхчүүд гарч зодоглохоо больсон. Энэ бол миний үглэж, яншаад лоозон барьж яваад байгаагийн үр дүн захаасаа гарч байгаагийн илрэл гэх үү дээ.

-Улсын баяр наадамд Монгол туургатнуудыг барилдуулж цол, чимэг олгох тухай та ярьж байсан. Харин манай бөхчүүд үүнээс маш их айдаг. Нөгөө найраа энэ тэр нь эвдэгдэнэ гэхээс. Энэ талаар таны бодол ямар вэ?


-Япон улс сумо барилдаанаа хөгжүүлж олон улсын тавцанд гаргахын тулд үүд хаалгаа чөлөөтэй нээж өгсөн. Бусдын бодлогыг ойлгож өөрсөдтэйгээ харьцуулж харах хэрэгтэй болов уу. Монгол туургатнаа нэгтгэж байж олон улс, тив дэлхийд хүчтэй гарч ирэх нь ойлгомжтой биз дээ.

-Төрийнхөө их баяр наадамд түрүүлчихээд тугаа тойроод дэвж явах зуур дотоод сэтгэл тань ямархуу байдаг байсан бэ. Ийм хувь заяаг маш цөөхөн бөх л эдэлдэг?


-Сайхан. Үгээр хэлэхийн аргагүй. Далайн түрлэг мэт олон түмний уухайн дуу. Сэтгэл сэргээд явчихлаа. Сайхан асуулт байна.

-Үндэсний бөхийн дараагийн аварга Ч.Санжаадамба мөн үү?


-Би ахиад хэлчихье. Одоо наадам боллоо. Тэр дараагийн аварга гээд хэлэх нь тэр хүндээ их хүнд тусдаг юм. Биеэ барина, сэтгэлзүйн хямралд орох гээд.

-Саяхан аймгуудын бөхийн дэвжээний шилдэг шалгаруулах барилдаан боллоо. Гурван аварга, олон арслан төрсөн Төв аймгийн бөхчүүд хамгийн муу бөхтэй нь болж таарлаа. Ойрд Төв аймгаас олигтой бөх төрөх нь үү?


-Сайн бөх төрөлгүй яахав. Манай аймаг чинь аваргуудаараа алдартай, алдар цуутнуудаараа гайхагдаж явдаг аугаа хүмүүс шүү дээ. Дараагийн аваргууд манай аймгаас төрөх болтугай гэж ерөөл өргөе.

-Манай алдартай бөхчүүдийн тухай хөгжилтэй намтар, онигоо их байдаг. Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, Д.Хадбаатар... гээд л. Танд тохиолдсон явдлуудаасаа ярихгүй юу?


-Надад нэг сонин зан байдаг юм. Хүүхэд байхдаа би нуугдаж тоглодог байсан. Одоо ч гэсэн нуугдаж тоглодог. Өвгөн болохоороо ингэхээ болиосой доо гэж бодох юм. Манай хүүхдүүд бас нуугдаж тоглодог.

-Та ер нь сумын наадамд барилдаж үзсэн үү?


-Сэргэлэн, Баянцогт, Даланжаргалан, Баян сумын наадмуудад барилдаж байсан. Миний ах уяач А.Батсүх Хэнтий аймгийн Галшар сумын наадамд түрүүлж сумын заан болж байсан.

-Наадмын тухай бичлэг дээр таны Д.Сумъяабазарыг гар ачин хаяж байгаа, бас Г.Өсөхбаярын хөлд нь сууж сүлжээ мэх хийж буй зураг, зурагт хуудас бөх сонирхогчдын сэтгэлд хоногшин үлдсэн дээ. Та барилдах явцдаа маш хурдан сэтгээд байх шиг харагддаг?


-Би зарим барилдаанаа санадаггүй юм. Их хурдтай, тэсрэлттэй барилдаан дунд сэтгээд зогсч байх боломж олддоггүй юм. Өөрийнхөө авьяас мэдрэмжээр л мэхээ амжилттай гүйцэтгэдэг гэсэн үг. Бас сэтгэцийн хурд гэж ярилгүй яахав.

-Одооны бөхчүүд боорцогноос эхлээд бүх л юмыг бусдаас бэлэгт авах дуртай. Эргээд юу ч өгдөггүй хуншгүй зантай нь олон. Харин та өөр юм. Ер нь тийм биз. Энэ нь монгол бөхийг муухай харагдуулж, олзны төлөө л бизнес хийж буй бүлэглэл мэт санагдуулдаг. Тийм ч учраас алдар цолны төлөө ил цагаандаа гарсан авлига хийцгээж байгаа юм биш үү?

-Зарим нэг хүн цолны найраа хийснээрээ хэнд муу юм хийгээд байгаа юм бэ гэж ярьдаг. Энэ нь залуу бөхчүүдийг хээл хахуулиар бүхнийг шийддэг хөнгөн аргаар амьдарч болох юм байна гэсэн хэнээрхэлд хүргэдэг байх. Чих нь хулгар болж, гар нь эвэршээгүй улсын цолтой хүнийг би мэдэхгүй юм байна.

-Наадам ойртлоо. Морь уяж байгаа юу. Бөхийн галд тань ямар бөхчүүд хамт гарах вэ. Өөрөө бөхийн комисс юм уу ямар нэгэн үйл ажиллагаанд албан ёсоор оролцох уу?

-Ах маань зургаан насны хурдан хүлгээ уяж, сойж байгаа. Сургуулийнхаа тамирчидтай "Ээлт Хан" бөхийн галдаа гарна. Намайг баяр наадмын комисст оролцуулах болов уу даа.

-Бусад жижиг наадмыг тогтмол ирж үздэг үү?

-Ажлын байдлаас шалтгаалаад хааяа л үздэг.

-Сүүлийн үед гарч ирээд байгаа залуу бөхчүүдийг хэр сайн таних вэ?


-Нутаг нутгийн залуу сайхан бөхчүүдийг танилгүй яах вэ. Эд нар чинь ирээдүйн аварга, арслангууд, монгол наадмын сор болох хөвгүүд шүү дээ.

-Одоо тантай төстэй барилддаг ямар залуу байна?

-Надтай төстэй барилддаг залуу бөхчүүд байна. Би Ө.Даваабаатарт зарим нэг мэхээ зааж өгч эзэмшүүлж байгаа. Миний шавь аймгийн заан Ганзориг мэдрэмж сайтай, уран сайхан барилдааныг үзүүлж байна. Залуучууддаа хандаж хэлэхэд мэх сурахгүй хүн гэж байдаггүй юм. Хичээл сургуулилтаа бүү алдаарай гэж хэлье.

-Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий 55, 60 кг-ын жингийн аваргуудад та автомашин бэлэглэсэн. УАШТ их л хэл ам дагууллаа?


-Монголын чөлөөт бөхийн холбоо энэ оныг "Орон нутагт бөхийн чөлөөт барилдааныг хөгжүүлэх жил" болгон зарласантай холбогдуулан энэ удаагийн тэмцээнийг Дархан-Уул аймагт зохион явуулж, дүнгээ гаргалаа. Энэ удаагийн УАШТ-ийг Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, тус аймгийн Биеийн тамир спортын газар, ивээн тэтгэгч компаниудын идэвх зүтгэлээр амжилттай сайн зохион явуулж, шагналын хур буусан тэмцээн болсон шүү гэж хэлэхийг хүсч байна. Анх монголчууд их спортын төрлөөс бөхийн чөлөөт барилдааныг сонгон авч өөрийн эх орондоо хөгжүүлэн амжилт гаргасаар ирсэн хамгийн анхны, хамгийн хайртай спортын төрөл юм. Одоог хүртэл хүүхэд залуус маань чөлөөт бөхөөр хичээллэж бас бие бялдраа хөгжүүлж, олон сайхан амжилтын эзэн болсоор явна.

Мэдээж тэмцээн учир тамирчдын дунд өрсөлдөөн байсан. Хэл ам, шуугиан дуулиан байлгүй яахав. Түүнээс биш тэмцээн дуу шуугүй, чимээгүй явагдаад медалийг нь намуухан гардуулж өгөөд баяртай гээд явуулчих иймэрхүү болоогүй ээ.

-Автомашиныг тань хүсэн хүлээж байсан бөхчүүд хүртсэн үү. Эсвэл аз нь гийсэн тамирчид нь авчихав уу?


-Ер нь аз гийсэн тамирчин гэж ховор байх гэж боддог юм. Азаар барилддаг тамирчин гэж бараг байдаггүй. Б.Наранбаатар гавьяат, ОУХМ Э.Ням-Очир нар маш их ажиллаж байгаа. Амьдралынхаа ихэнх хэсгийг дэвжээн дээр өнгөрүүлж байгаа ажилсаг, нэр хүндтэй тамирчид. Монголын нэрийг дэлхийд гаргах залуучууд шагнал авлаа гэж бодож байна.

-Таны хобби юу вэ?


-Хобби гэвэл юм юманд л дуртай гэх үү дээ. За хамгийн түрүүнд бөх байх нь мэдээж. Шатар тоглоно. Бас сагс, хөлбөмбөг, теннис, биллиард газрын теннис, гольф, хөзөр гээд ямар олон юм болчихов оо.

-Цаашид улс төрд орох, суралцах талаар төлөвлөсөн зүйл байгаа юу?


-Би их ярих дургүй. Ажил хэрэгч хүнд л их дуртай. Биеэ засаад гэрээ засах, гэрээ засаад төрөө засах гэдэг их хүний хэлсэн сайн томъёо шүү. Миний хувьд Төв аймагтаа хэдэн суманд сайхан ажлууд эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

-Таны зодог тайлсан зодог, шуудгийг ямар нэгэн бөх өмсч барилддаг уу?


-Яагаад би өөрийнхөө өмсгөлийг өөр хэн нэгэнд өмсгөж барилдуулах гэж. Утгагүй юм.

-Ер нь А.Сүхбат гэж хэн бэ?

-Элдүүр нь ханаж гүйцэж байгаа эр хар сур юм болов уу даа.

-Наадам ойртож байгаа учир наадамчин олондоо хандаж хэлэх үг бий л байлгүй?

-Нийт ард түмэндээ удахгүй болох үндэсний баяр наадмын мэнд хүргэж эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.

-Хувийн амьдралынхаа талаар сонирхуулаач. Таныг хоёр эхнэртэй, хоёуланд нь үнэтэй хаус худалдан авч өгч их нүнжигтэй зан гаргасан гээд яриад байх юм. Энэ үнэн үү?

-Тийм үү. Тийм бол сайхан л байна.

-Сая гэрээс тань гарч ирдэг эмэгтэй хэн байсан бэ?

-Баясаа эгч чинь шүү дээ.
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 2028 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 5
[Сэдэв] 5. | Бичсэн: | 2010-06-26


minii gants hairtai buh
Хариу:

[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-06-26


Nowshnuud min iim sonin ym gargahgui shuu iiim yriltslaga gj bhu? Ta nar hh ymaa bitgii olj yadaad humuuusiin ner toriig bas hoorond yas hayah hiigeed bgaarai te1uudeee.
1. Asuuj bgaa asuult ni odoo neg ih zantai pizdaa awargaas ym asuuj bgaam shig shaal hudlaa iiim yriltslaga gj yu bdiiin !!!!!!!!!!!!!!!
2. Herwee ene yriltslaga yag bichigdeseneer ywagdsan bol ene yriltslagiiig awsan te1 durak yaarch bolowsrolgui mal bna gj heliii!!!!!!!!
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-06-25


tanai teneg hadam chine l hamaagvi garch barildaj mongonii nachin torvvlj baigaad hoogdoo biz dee
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-06-25


saihan awarga shvv uran barildaanig ni vzeh huwi bidend dutsanda bosoo xvnde aamjilt husii ih awargadaa davaakhuuges hewhe tow aimag mandtugai
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-06-25


saihan abarga daa heleh ch ug baihgui
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Ням, 2024-04-28, 22:22
Welcome Зочин