Нүүр хуудас » 2010 » 6-р сар » 30 » “Алтан гартай” эмч нар 10 сар хүлээсэн үрийг нь хөнөөчихжээ
00:32
“Алтан гартай” эмч нар 10 сар хүлээсэн үрийг нь хөнөөчихжээ
Энэ сарын 28-ны өглөө төрөхөөр ирсэн эхийн ураг бүтэлттэй байсан гэсэн мэдээллийг тодруулахаар өчигдөр III амаржих газрыг зорилоо. Эмнэлгийн үүдээр оруут нярайлах дөхсөн эхчүүдийн зарим нь их л тайван гэдсээ хаа нэг илж суухад нэг хэсэг нь үе үе ярвайн хөмсгөө зангидаж харагдана. Харин тэдний цаана харагдах жирэмсэн эмэгтэйд дээрх хоёр байдлын аль нь ч ажиглагдсангүй. Цаанаа л гунигтай. Түүнийг нөгөө хүүхэд нь эндсэн ээж гэж таамагласан юм. Анхныхаа үрийн зулайг 11 жилийн өмнө үнэрлэсэн энэ ээж хоёр дахь хүүхдээ 10 жил хүлээсний эцэст олж, гэр бүлээрээ бөөн баяр болцгоон шинэ хүнээ хүлээж байжээ.

Төрөх хугацаанаасаа хоёр хоногоор хэтэрсэн хэдий ч 28-ны өглөөний үүр цүүрээр 03.00 цагийн үед үр нь ээжийнхээ гэдсэнд их хүчтэй түнтэгнэн хөдөлснөөр ээжийн нь өвдөлт эхэлжээ. Үрдээ яарсан ээж 05.00 цагийн үед III амаржих газар ирсэн ч гуниг хуруулсан мэдээг эмч түүнд хэлжээ.
Эмч хариуцлага алдав уу…
Жирэмсэн эх Д.Аринтуяа нөхрийнхөө хамт гэр бүлийнхээ амьдралыг хөл дээр нь босгох санаатай нэлээд хөдөлмөрлөж хоёр жилийн өмнө хилийн дээс алхаж Чех улсыг зорьжээ. Хүний нутагт нэг жил ажиллаад эх орондоо ирсэн байна. Амьдралаа дээшлүүлэх хүсэл нь ч талаар болсонгүй хүний нутагт сайн ажиллаж амжилттай яваад ирсэн тэрээр хоёр дахь үрээ олжээ. Удаан хүлээсэн хүүхдээ эрүүл энх төрүүлэхийг хүссэн тэд Баянзүрх дүүргийн XXIII хорооны өрхийн их эмч Л.Бямбацэрэнгийн хяналтад эхнээсээ л оржээ.

Хяналтад байх хугацаандаа эхийн болоод ургийн байдал сайн байсан аж. Харин 10-аад хоногийн өмнөөс гар нь хавдаад бүтэн атгаж болохгүй байхаар нь эмчдээ үзүүлсэн байна. Эмч нь "Үе мөчний шинжилгээ өгөх хэрэгтэй” хэмээн зөвлөсний дагуу шинжилгээ өгчээ. Шинжилгээний хариуг нь харсан эмч 18-ны өдөр "Хэвтэх шаардлагатай” гээд бичиг хийж өгөөд III амаржих газар руу явуулжээ. Харин амаржих газрынхан "21-нд ир” гээд буцаажээ. Буцаасан шалтгаан нь оргүй байсан бөгөөд мөн өвдөлтөө ойртохоор ир гэсэн аж. Харин зөвлөсөн зөвлөгөө нь "Дүүргийнхээ эмчид үзүүл. Хаван буулгах, үе мөчний эм авч уу” гэсэн байх юм. Эмчдээ итгэсэн эх эмээ уугаад гэртээ буцсан боловч 26-ны өдөр өвдөөд иржээ. Эх баригч эмч түүнийг үзсэн байна. Эх баригч ч гэж дээ, дадлагын оюутан байсан бололтой. Учир нь тус амаржих газрын I эмч С.Ганболд түүнд эхчүүдийг хэрхэн үзэж оношлохыг зааварлаж байжээ. Эмч үзээд мөн л өвдөлтөө ойртоод 10 минутын зайтай өвдөхөөр нь ир гээд буцаасан байна. Өвдөлт нь ойртохгүй, үе үе базлаж больсоор олон хоносонд эх гайхсан хэдий ч алтан гартай эмчдээ итгэжээ. Үүнээс хоёр хоногийн дараа өвдөлт нь ойртсон тул эмнэлэгт ирэхэд ураг нь аль хэдийн амьгүй болсон байжээ.

"Эмч нарт хариуцлага алга”
Гэхдээ хүүхэд яагаад хэвлийдээ бүтсэн нь тодорхойгүй ч эхийн ар гэрийнхэн III амаржих газрын эмч нарыг буруутгаж байгаа юм. Түүний төрсөн эгч Д.Ариуцэцэгээс цөөн асуултад хариулт авсан юм.

-Шинжилгээний хариу ямар гарсан юм бол. Яагаад өөр эмнэлэгт хандсангүй вэ?
-Бид эмч нартаа л итгэсэн. Мэдээж эмч нар үзээд ээжид нь асуудал байхгүй учраас л буцаагаад байгаа гэж ойлгосон. Хяналтдаа байлгаж байсан эмч нь "Шинжилгээ өгөх хэрэгтэй” гэсэн болохоор нь өгсөн. Хариу нь хоолой, үе мөчний үрэвсэлтэй гэж гарсан юм билээ. Тэгээд л эмч нь яаралтай хэвтэх шаардлагатай гэж хэвтэх бичиг хийж өгсөн. Ийм юм болохыг мэдсэн бол ёстой нөгөө танил талаараа хөөцөлдөөд Эх нялхас энэ тэр гээд явах байсан. Манай эмч нар дэндүү хайнга байна. Ерөнхий эмч Д.Бат-Очир болон бусад эмч нартай нь уулзсан чинь 26-ны өдөр хэн үзсэнийг ч хэлж мэдэхгүй байна. Дүүгийн карт дээр нь II эмч Мөнхцэцэг гэгчийнх нь гарын үсэг байгаа. Гэтэл дүү Мөнхцэцэг эмчээс өөр хүн үзсэн гээд байгаа юм.

-Тэгээд өөр эмч үзсэн байхад яагаад Мөнхцэцэг эмчийн гарын үсэг байгаа юм бол. Тодруулж асуусан уу?
-Угаасаа тийм юм байдаг юм гээд огт тоохгүй байна шүү дээ. Энэ чинь ямар тогтолцоо вэ. Өөрөө үзээгүй, биеийн байдлыг нь мэдэхгүй хүнийгээ яаж эмчилж, сувилах гэж байгаа юм бол.

-Эмч нартай уулзахад юу гэж байх юм. Яагаад хэвтэх бичигтэй ирэхэд нь буцаагаад байсан юм бол?
-Хэвтэх бичигтэй ирсэн өвчтөнийг яагаад хэвтүүлдэггүй юм бэ гэж асуусан. Тэгсэн чинь Мөнхцэцэг эмч тэр бичгийг чинь хэн ч хийгээд өгчихнө гэж байсан. Хэн ч хамаагүй хийгээд өгчихдөг гэж байгаа нь бодвол нөгөө муу л болвол хойд хар овоохой гэдэг шиг өрхийн эмчийг буруутгах санаатай байгаа юм байна л даа. Эд нар өөрсдийгөө буруутгахгүйн тулд ямар нэгэн юм олоод хэлчихээ мэдэх байлгүй. Одоо амьгүй болсон хүүхдийг нь албаар төрүүлэх гээд эм тариа хийж, уулгаж байна. Хүүхдийг нь төрсний дараа шинжилгээнд өгч байж бүтэлтийнх нь шалтгааныг тогтооно гэнэ.

-Та нар эмч нарыг буруутгаж байгаа юм уу?
-Өөр хэний буруу байх вэ. Хяналтад есөн сар болохдоо ямар ч асуудалгүй байсан. Хавагнаад байхаар нь шинжилгээг нь өгч бичиж өгсөн эмчилгээг нь хийсэн. Ажлын хариуцлага муу байна. Хэвтэх шаардлагатай болоод ирж байгаа юм чинь болж бүтэхгүй шалтгаанаа тодорхой хэлсэн бол өнөөдөр ийм байдалд орохгүй л байсан. Яахав хэвлийдээ эндсэн хүүхэд юм шиг л хүмүүст санагдах байх. Гэвч үүний цаана бүхэл бүтэн нэг өрх гэрийн аз жаргал инээд хөөр рүү нулимчихлаа гэхэд хатуудахгүй л байх.

Түүнтэй ийн ярилцаж зогсоход хажууд байсан хүмүүс ч мөн гомдоллож байв.

Тэдний нэг нь "Энэ эмч нар үнэхээр хариуцлагагүй ээ. Ачаалал ихтэй байна. Хүн хүч бага. Ор хүрэлцэхгүй байна л гэдэг. Тэдний энэ шалтгааныг сонсоод зогсож байхад цаана нь хэн нэгэн эх хүндрэлтэй төрж муу юм болвол яах юм. Өнгөрсөн жил манай охиныг гурван удаа буцаагаад сүүлдээ хэрүүл, маргаандаа хүрч байж л хэвтсэн. Хэл ам хийгээд хэвтүүлэхээр хэвтүүлчихдэг л юм байна билээ. Энэ жил бас нэг дүү маань хэвтэх гэж бөөн асуудал болсон. Жирэмсэн хүнийг гэдсээ дааж ядаж байхад нь тийм, ийм байна гээд явуулаад л байдаг.

Зөвхөн төрөх эмнэлэг гэлтгүй манай эмнэлгийнхэн чинь үнэхээр хүнд сурталтай шүү дээ. Би нэг удаа дүүргийн эмнэлэгт хэвтэх гэтэл хугацаа заагаад явуулаад байсан. Тэгээд хоёр удаа хойшлуулсны эцэст дахиад л оргүй гэдэг шалтгаанаа хэлсэн. Тэгэхээр нь таньдаг хүнээрээ дамжуулаад хэлсэн чинь хэвтүүлчихдэг байгаа. Тэгээд өрөөндөө орохоор явж байтал үүдний жижүүр сувилагч нь ор байхгүй гээд аашилж байна. Ор байгаа гэсэн. Тэгээд л ороод ирлээ гэсэн чинь төлбөртэй өрөөнд хэвтэх юм уу гэдэг юм байна. Хамгийн муухай нь ор байхгүй гээд байсан чинь төлбөртэй өрөө гээд хоёр гурван өрөө сул байдаг л юм билээ.

Дугаар буух мөчид Д.Ариунцэцэгээс дүүг нь төрсөн эсэхийг асуухад "Өдөр 12.00 цагийн үед усыг нь хагалсан. Түүнээс хойш өвдсөөр л байна. Өөрөө ч сульдаж гүйцлээ. Савных нь амсар хангалттай нээгдэхгүй байна” гэсэн юм. Д.Ариунтуяаг нөгөө Мөнхцэцэг гээч эмч төрүүлж буй сурагтай байсан юм.

Хэвтэх шаардлагатай эхчүүд ачааллаас болоод хэвтээгүй байна
Төрөх эмнэлгийнхэн өөрсдийгөө хамгаалж өрхийн эмчийг буруутгах гэсэн тул Д.Ариунтуяаг хяналтдаа авч байсан Л.Бямбацэрэнтэй уулзлаа.

-Хяналтад байх хугацаандаа энэ эхийн бие зүгээр байсан уу?
-Тухайн үед өөрийнх нь картад тэмдэглэл хөтөлдөг болохоор сайн санахгүй байна. Нэг эмчид багаар бодоход 20 жирэмсэн эх ногддог тул ачаалалтай байдаг. Одоохондоо энэ эхийн талаар мэдээлэл ирээгүй байна.

-Та үе мөчний шинжилгээний хариуг нь хараад хэвтэх бичиг хийж өгсөн байна. Энэ талаар санаж байна уу?
(Хувийн тэмдэглэлээ харав)
-Тийм байна аа. 18-ны өдөр хэвтэх бичиг хийж өгөөд явуулсан байна. Анхаарлын тэмдэг тавьсан байна. Хэвтэх шаардлагатай эх байж. Хоолой, үе мөчний үрэвсэлтэй гэсэн байна. Гэхдээ III амаржих газар бол үнэхээр ачаалал ихтэй байдаг. 50-иад ортой. Гэтэл өдөрт 100 хүн ирж байгаа. Тиймээс хүндрэлтэй төрөөгүй л бол ихэнх эхчүүд 24 цаг бололгүй гардаг. Өрхийн эмч нар чинь эмэгтэйчүүд, нярайн мэргэшсэн эмч нар биш болохоор гарч ирж байгаа бүх эхчүүд, нярай хүүхдүүд шууд л бидний гар дээр ирдэг.

-Тэгэхээр төрөх болтлоо Д.Ариунтуяа эхийн бие зүгээр байсан гэж ойлгож болох нь ээ?
-Түүнийг нь картаас нь харсны дараа хэлж болно доо. Манайд яаралтай хэвтэх шаардлагатай, хүндрэлтэй эхчүүд олон байгаа. Ачаалал ихтэйгээс болоод гэрээр эм уугаад л байж байна.

Эх орны ирээдүй болсон үрс нь хорвоод мэндлэх хувьгүй болсоор байна. Дөрөвдүгээр төрөх эмнэлэг барина гэсэн сургаас өөр зүйл үгүй. Гэтэл ачааллаа даахгүй эмнэлэгээ өргөтгөх бүрэн боломж бийг амаржих газар болон амбулаториор үйлчлүүлж байсан иргэд ярьж байсан. Үнэхээр тэдний хэлснээр төрөх эмнэлэгт битгий хэл Нэгдсэн эмнэлгийг нь ч өргөтгөх зай талбай хангалттай байгаа нь харагдаж байсан юм.

Ж.Солонго
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 1298 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 1
[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-07-05


ene tsusgui tsagaan aluurchinguud suuliin ued ih garch bgaashdee ylanguya ene baychuuliin huuhduud ariin haalgaar emshusd orj emch blj garch irdeg ene uneheer taagui yvdal ymdaa zarim neg ni 8r angiin himiin ymarch mdleg bhgui atlaa emch blno getsen l yvj bdg uneheer sonon ymaa ingeed l aluurchinguud garch irj bnaa gsn ugdee.uneheer haramsalt. cry
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Даваа, 2024-04-29, 02:09
Welcome Зочин