Нүүр хуудас » 2010 » 6-р сар » 30 » Харьд амиа алдсан иргэнийхээ тухай асууж сураглах эрхгүй гэж үү?
00:33
Харьд амиа алдсан иргэнийхээ тухай асууж сураглах эрхгүй гэж үү?
-Энэ асуулт хоёр орны харилцаанд сэв суулгах уу, Г.Занданшатар сайд аа!-
МУИС-ийн багш, Бээжингийн их сургуулийн докторант, Хятад судлаач Ц.Ганбаатарын учир битүүлэг үхлийн талаар "Зууны мэдээ” хөндөн бичсэн. Энэхүү нийтлэл ярилцлага, эрэн сурвалжилсан материалтай холбогдуулан манай Гадаад харилцааны яам (ГХЯ) хариу мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд "Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид аливаа асуудал, үйл хэргийн талаар хувилбар дэвшүүлэн бичиж нийтлэх эрх нь нээлттэй ч хөршүүдээ буруутган бичиж байгаа нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд сэв суулгаж болзошгүй хэмээн ГХЯ болгоомжилж байна” гэжээ.

Мэдэгдэл гаргагч маань манай сонинд нийтлэгдсэн зүйлсийг бүрэн бүтэн уншсан л байдаг байгаа даа. Энд ямар нэгэн хувилбар дэвшүүлэх, бас Хятадуудыг болон өөр албан тушаалтан, тэр тусмаа гадаад яамыг Монгол эрдэмтний үхэлд буруутгах зорилго огт тавиагүй юм. ГХЯ-ны мэдэгдэлд:

-Талийгаач Ц.Ганбаатар нь Ц.Элбэгдоржийн орчуулагчаар ажиллаагүй, харин Ерөнхийлөгчийг "Цагаан-Үүл” сүмд зочлоход нь Хятадын түүх соёлыг сайн мэддэг эрдэмтний хувьд тайлбарлагч хийсэн гэсэн байна. Энд дурдсанчлан өмнөд хөршийн соёлыг сайн мэддэг, Монголтой, тодруулбал Чингис хаантай холбоотой түүхэн эх сурвалж, түүхийн ховор дурсгалыг судалж, түүнийг эх орондоо авчрах зорилго тавин ажиллаж байсан судлаач, эрдэмтэн ямар учраас өөрөө өөрийгөө хутгалж амиа хорлов (Хятадын талын дүгнэлтээр) гэдгийг л мэдэхийг хүссэн юм.

Талийгаачтай хамт ажиллаж байсан МУИС-ийн багш, шавь нар нь түүнийг амиа хорлох хүн биш, архи дарс огт хэрэглэдэггүй байсан гэж ярьсан шүү дээ. Чингис хаанаас Чан чин бумбад бичсэн захидал, зарлигийн талаар онцгойлон анхаарч судалж, үүнийг Монголдоо авчрахын төлөө шургуу, ажиллаж байсан эрдэмтэн яагаад амь насаа алдав. Энэ бол улстөржүүлэх зүйл огтхон ч биш, харин ч "Учрыг олж хужрыг нь тунгаах” ёстой, анхаарал татсан эмгэнэлтэй хэрэг юм. Харин ГХЯ харьд учир битүүлгээр нас барсан Монгол эрдэмтнээ, иргэнээ гэхээсээ өөрсдийгөө өмгөөлсөн жинхэнэ улстөржилт явуулчихлаа. Ерөнхийлөгч ямар нэгэн хаалттай уулзалтад оролцоогүй, талийгаач түүнд орчуулагчаар ажиллаагүй л гэнэ.

Чингисийн тамгатай захидлын эх хувийг энэ айлчлалын үеэр Хятадын тал Монголд хүлээлгэж өгөөгүй л гэнэ. Яагаад энэ тухай олон нийтэд огт мэдээлэх гүй өдийг хүртэл хаалттай байлгаад байсан юм бэ. Ерөнхийлөгч нь, ГХЯ нь огт сэтгэл тавиагүй эх сурвалжийн араас Монгол эрдэмтэн, Хятад судлаач залуу сэтгэл гарган зүтгэж байж. Тэгээд нас барчихлаа. Хятадууд ямар учраас түүхэн сурвалжийг манай талд өгөхгүй байгаа юм. Бид Чингисийнхээ тамганы дардастай захидал, зарлигийн хуулбарыг нь ч болов нутагтаа авчрах ёстой биз дээ. Энэ талаар хувь иргэн, зөвхөн нэг судлаач биш бүхэл бүтэн төр засаг, ГХЯ, Ерөнхийлөгч нь яагаад сэтгэл тавьж анхаарал хандуулахгүй байгаа юм бэ.

Ер нь манай сонинд мэдээлээгүй бол энэхүү хэрэг явдал чимээгүй өнгөрөх байж. Хятадын тал энэ дурсгалыг өөрийнх гэж үзээд дуугүй байдаг байж болно. Харин Монголчуудад үүнийг нутагтаа авчрах, хуулбарыг нь ч болов аваад хадгалах ухаан алга гэж үү. Ерөөсөө энэ тухай чимээгүй өнгөрөх ямар шалтаг, шалтгаан байна аа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид сониноороо хандан "Заавал хариулаарай” гэж хаяглаад асуулга явуулсан. Хариу өгсөнгүй. Гадаад яамны сүржин мэдэгдэл Ц.Элбэгдоржийн ард түмэндээ, талийгаачийн ар гэрийнхэнд өгсөн хариу юм байна гэж ойлгогдлоо.

Бидний зүгээс харьд амиа алдсан иргэнээ яав, юу болов гэж асуух эрхтэй. Төр төлөөлж, толгойлж байгаагийн хувьд та бүхэн хариулах ёстой. Ц.Элбэгдоржийн зүгээс энэ асуудалд огт анхаарал хандуулахгүй байгаа. Хамгийн харамсалтай, бас ичмээр, түүхчдээс, их түүхээс хүлцэл өчмөөр явдал нь манай Ерөнхийлөгчийн цахим хуудаст Чингис хаа наас Манжийн хаанд явуулж байсан зарлигийн эх хувь "Цагаан-Үүл” сүмд хадгалагдаж байдаг гэж мэдээлэгджээ. Чингис хаан агуу хүн байсан байх, гэхдээ яаж 300-400 жил дамнуулаад Манжийн хаанд захидал бичсэн байхав. Ийм л байна. Эх түүхдээ ингэж л ханддаг Ерөнхийлөгчтэй юм байна.

Эцэст нь хэлэхэд, манай ГХЯ харьд байгаа иргэдийнхээ талаар анхаарал маш бага тавьдаг гэсэн шүүмжлэл олон нийтээс байнга гардаг. Хоёр улсын найрсаг харилцаа сэвтэнэ гэдэг үгээр халхавчлан хэдий болтол бид харийн нутагт эрх ашиг нь зөрчигдсөн, алдаж эндсэн иргэдийнхээ хойноос асууж сураглалгүй амандаа ус балгасан мэт чимээгүй суух вэ. Монголчууд дэлхийн хаана ч ардаа өмөөрөх төртэй, өмгөөлөх эх оронтой улс байх учиртай. БНХАУ-д хар тамхины хэргээр манай иргэд хэрэг төвөгт орох нь ихэссэн. Ц.Байгальмаа гэдэг эмэгтэй БНХАУ-д хар тамхи зөөвөрлөсөн нь илэрч
насаараа хорих ял авсан.

Монголын цагдаагийн байгууллагын дүгнэлтээр Ц.Байгальмаа бусдын золиос болсон байх магадлалтай гэж үзэж байна. Манай ГХЯ яаран мэдэгдэл гаргадаг шигээ хар тамхинаас сэргийлээрэй гээд ам цагаан цаасан дээр сэрэмжлүүлэг хэвлүүлж байсан удаатай юм уу. Малайзид хоёр хүүхдийн эх Ш.Алтантуяаг онц хэрцгийгээр дэлбэлж хөнөөсөн хэрэг одоо болтол эцэслэн шийдэгддэггүй байна. ГХЯ, Монголын төр засаг иргэнийхээ төлөө хангалттай ажиллахгүй байна гэж талийгаачийн аав С.Шаарийбуу гуай цөхөртлөө хэлсэн. Гэвч энэ хэрэгт ахиц гараагүй л байгаа шүү дээ. БНСУ-д өчнөөн иргэн нь хэрэг төвөгт орооцолддог, эрх ашиг нь хөндөгддөг. Манай ГХЯ тэдний эрх ашгийг хамгаалах талаар дорвитой ямар ажил хийв. Дипломат эрх ямбаа ашиглан олон улсын хууль дүрэм зөрчиж монголчуудынхаа нэр нүүрийг барсан баахан консулууд тамхины наймаа хийж тэр нь гадныхны нүдийг орой дээр нь гаргадаг. Хил дамнасан, хууль бус үйлдэл хийж, цөөн Монголчуудынхаа нэр нүүрийг хөөдсөн наймаа панз үсэргэхээс өөрөөр манай гадаад бодлого, дипломат албанд ямар ахиц дэвшил гарч байгаа юм бэ.

Угаасаа хүнийхээ төлөө явдаггүй гэж шүүмжлүүлдэг яам энэ удаагийнхаа үйлдлээр цаашид ч энэ талаар огт анхаарахгүй гэдгээ илтгэн харууллаа. Монголын иргэн амь насаа алдсан явдал Монголын гадаад яам, Ерөнхийлөгчид нь хамаагүй байдаг юм байж. "Иргэнээ өмөөрч бичнэ” гэсэн уриатай "Зууны мэдээ” сонинд бол хамаатай асуудал билээ.
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 1016 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 2
[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-06-30


haramsaltai yma erdenet hunii ami nas uregdeed baihad ter deeguur albanii humuus yugaa bodoj yu hiij suudag bna ene bol bas l boduushtai zuil bn irgen bur dor burne uhamsarlaj ireeduin shine mgliig buteehed bagach gesen huvi nemeree oruulah heregtei mgl hunii une tsene iim hymd bas amarhan baij ogt bolhoguie
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-06-30


zuw yum bichijee. mgliin diplomat gj dee. beijingd gehed mgliin elchingiin uudend haruul hamgaalaltch bdagguishde. Busad orniii elchin undur haruul hamgaalalttai nariin nyambai bdag.Mgliih gsn uudeer ni hog hugluruud , uwur mgl yawuuliin taxi nar owoorch orlildson , uud ni tsoojgui ongorhoi hachin l gazar bdag. Araichdeee MGL uls iim baij bolku ee.
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Даваа, 2024-04-29, 08:02
Welcome Зочин