Нүүр хуудас » 2010 » 5-р сар » 25 » Наймаачид муудсан нохойн махаар шорлог хийн зарж байна
09:58
Наймаачид муудсан нохойн махаар шорлог хийн зарж байна
Баянзүрх дүүрэгт байрлах "Sunday” болон "Зайсан толгой”-н шатны ойролцоо муудсан нохойн махаар шорлог хийж зарж байна гэсэн мэдээллийн мөрөөр сурвалжлах хэсэг тус газрыг зорилоо. Баянзүрх дүүргийн Халдвартын буудлын урд талд шөнийн 00.29 цаг өнгөрч байхад замын хоёр талаар гал асаан зогсох хүмүүстэй тааралдлаа. Тэнд 25-35 орчим насны амны хаалт зүүж, алчуураар толгойгоо ороосон эрэгтэй эмэгтэй хүмүүс байв. "Шорлогоо аваарай, шорлогоо аваарай” хэмээн бие биенээсээ давж гарахын тулд байдаг чадлаараа орилолдож гарна. Харанхуй шөнө болоод ч тэр үү замын бүүдгэр гэрэлд яг юуны мах гэдэг нь мэдэгдэхгүй аж. Гэнэт салхи салхилтал нөгөө шорлогны асаж байсан галын цог шорлог зарж буй эрэгтэй рүү үсчиж гарав. Амандаа хараал урсган байж тэрэгнээсээ байдаг чадлаараа зууралдана. Яг л боксын цохилтоос бултаж байгаа мэт толгойгоо ийш тийш нь хөдөлгөж харагдлаа. Шорлогонд ердөө дөрвөн мах, дөрвөн төмс хэлхээтэй байх аж. Харин сонгино, лууван нэмэгдвэл үнэ нь 200-300 төгрөгөөр нэмэгдэнэ.

Гэгээн цагаан өдрөөр борлогддоггүй энэ хоол шөнө дөл болонгуут зарагддаг нь хачирхалтай. Шорлогны үнэ 600-1000 төгрөгийн үнэтэй.Тэр хавийн бүх зах, дэлгүүрүүд хаасан байхад ямар хүнийг авч иднэ гэж шорлогоо зардаг юм бол бүү мэд гэж гайхах хүн ч цөөнгүй байсан юм.
Шорлог зарж буй эмэгтэйгээс цөөн хэдэн зүйлийг тодрууллаа.

-Та яагаад заавал орой шорлог зардаг юм бэ?

-Чи битгий зураг аваад бай л даа. Яахав дээ. Би амьдрахын тулд ингэж явна. Ер нь чамд ямар хамаатай юм бэ.

-Юуны мах вэ?

-Хонины махаар л хийнэ шүү дээ. Чи авбал ав за. Бас ямар газрын бууны нохой вэ чи.

-Хэдэн төгрөгийн үнэтэй вэ?

-Зураг аваад байсан чи яг авч харагдаач. 600-1000 төгрөгийн үнэтэй.

-Нохойн махаар хийдэг гээд байх юм?

-Бусад нь хийдэг л биз. Хийхгүй гэхийн баталгаа байхгүй шүү дээ. Би лав хийдэггүй.

-Голдуу ямар хүмүүс худалдан авдаг юм бэ дээ?

-Чи ямар ядаргаатай юм бэ. Ямар хүн авдгийн, хэдэн ядарсан траншейны хүмүүс л авна. Одоо болсон уу.

Тус газрын эрүүл ахуйн шаардлага талаас ярихын ч хэрэг байхгүй гэж халаглах хүн цөөнгүй байсан. Энэхүү шөнийн наймааг дагаад бохь,тамхи, шагийн архи зардаг гэх хүмүүс ч мөн тэнд цугларч болох тал бий. Үүнийгээ дагаад тэр хавьд оршин сууж буй хүмүүсийн амгалан тайван байдал алдагдаж, хэрэг зөрчил гарахгүй гэхийн баталгаа байхгүй гэдгийг хэлэх хүн ч байсан юм.


Энэ талаар тус захын ойролцоо оршин суух Э.Чимэд хэлэхдээ "Өдөр нь худалдаагаа хийхгүй мөртлөө шөнө болохоор олуулаа ирчихээд орилолдоод л суучихна. Ямар хүн нь ч авдаг юм бүү мэд. Одоо ингээд харж байхад замын хажуугаар ганц хоёр хүн л алхаж байгаа биз дээ. Ер нь манайхан мөнгө олох гэж нэг нэгийгээ ходоодоор нь хорлож гүйцлээ. Нохой яагаад алга болоод байна.Тэд нар л шөнө дөлөөр үүнийгээ хийж зарж байгааг би хувьдаа үгүйсгэхгүй. Галзуурсан нохой байвал яах вэ. Арай дэндэж байна. Эдгээр хүмүүст ямар ч эрүүл ахуйн шаардлага хангасан зүйл байхгүй байгаа биз дээ. Мэргэжлийн хяналтын газрынхан ер нь юугаа хийж байдаг улс вэ.Тэд шөнө дөлөөр ээлжинд гараад үүнийг хянаж яагаад болдоггүй юм бол. Улсаас цалин авч, бүр дээр нь хүүхдүүд нь их, дээд сургуульд үнэгүй сурдаг биз дээ. Гэтэл ажил хийж байна гэж өрөөндөө тав хоног бүгчихнэ. Амралт гэж хоёр хоног сайхан амарчихна. Ийм мэтийн юмаа шалгаж, ажлаа хиймээр байна” гэв.
Хэдийгээр амьдрахын тулд зарж байна гэж өөрсдийгөө өмөөрөх ч хэдхэн сая хүн амтай монголчууд хэдэн биенийгээ гэхгүй бол хятадын хүнсэнд нэг хэсэг нь хордож, ашиг хонжоо хайгсдад нөгөө хэсэг нь хордож үхэхэд ойрхон болжээ.

Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 1668 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 1
[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-05-26


yamar baliar yum be mgl chuuda araichdee sad sad sad angry angry angry angry angry angry
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Ням, 2024-05-12, 05:25
Welcome Зочин